Ардын намын шинэчлэл, бодлогыг дэмжиж өнгөрсөн нэг сарын хугацаанд 14 мянган иргэн шинээр элсчээ. Ингэснээр Ардын нам 163 мянган гишүүнтэй болж байгаа аж. Гишүүдийн тоо нэмэгдсэн талаар тус намын дарга С.Батболд “Манай нам 150 мянган гишүүнтэй байсан. Харин намын шинэ батлах гардуулах аян дуусаагүй байхад 163 мянган гишүүнтэй боллоо. Энэ нь иргэдийн дунд намын шинэчлэл хийх хүлээлт, эрэлт байсныг харуулж байна. Мөн манай намын XXVI их хурлын шийдвэрийг гишүүд, дэмжигчид талархан хүлээж авсны илэрхийлэл боллоо. Бат илэрхийлэх гардуулах аян Ардын нам дотроо эв нэгдэлтэй, олонхийн саналыг цөөнх нь хүлээн зөвшөөрч, хүндэтгэж чаддагийг харууллаа” гэсэн юм.
Ардын намын дарга С.Батболд дээрх мэдээллийг өгсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүн танд захидал хүргүүлсэн. Та намынхаа тэдгээр гишүүнтэй уулзсан уу?
-Манай нам эв нэгдэлтэй, зохион байгуулалттай. Олонхийн санаа бодлыг цөөнх нь хүлээн зөвшөөрдөг ардчиллын зарчмаар үйл ажиллагаагаа явуулдаг. Намын гишүүд тодорхой санал, асуудлыг удирдлагууддаа дэвшүүлдэг. Удирдлагууд нь ч намын дүрмийн дагуу санал тавьсан гишүүдтэй уулзаж, ярилцдаг. Энэ жишгээр гишүүдээс тодорхой асуудал тавьсан. Ер нь бид гишүүдтэйгээ уулзаж, ярилцах ажлыг үргэлж зохион байгуулдаг. Нэр бүхий гишүүдээс ирсэн захидалд намын үйл ажиллагаатай холбоотой зарчмын зөрүүтэй санал байхгүйг хэлэх нь зүйтэй.
-МАХН-ынхан Дээд шүүхэд бүртгүүлэхэд хууль зөрчихгүй гэж байна. Танай намын 90 жилийн ойг МАХН-ынхан ч бас тэмдэглэхээ мэдэгдсэн. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
-Ардын намын бат илэрхийлэх дээр “Монгол Ардын нам бол МАХН-ын зүй ёсны эхлэл ба үргэлжлэл” гэж бичсэн байгаа. Энэ агуулгаар манай намыг Дээд шүүх бүртгэсэн. Улс төрийн намын тухай хуулийн зургадугаар зүйлийн 15.6-д “Нам энэ хуульд заасны дагуу өөрчлөн байгуулагдсан болон нэрээ өөрчилсөн тохиолдолд түүний өмч, хөрөнгө, гишүүнчлэл, тамга, тэмдэг, нэр, бэлгэдэл, далбааг дээрх шийдвэртэй санал нийлээгүй тус намын гишүүн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно” гэж заасан. Хэрвээ МАХН-ын нэрийг авах зэрэг алхмууд хийж байгаа бол Монгол Улсын хуулийг зөрчиж байна гэсэн үг. Тиймээс хуулийн дагуу асуудлыг шийдэх ёстой.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин