Мексикийн хотын дарга нар халдлагад өртөж байна

Хуучирсан мэдээ: 2010.10.27-нд нийтлэгдсэн

Мексикийн хотын дарга нар халдлагад өртөж байна

Хотынхоо амар амгалан байдлын төлөө сонгогдсон Мексик улсын хотын дарга нарыг хар тамхины гэмт хэрэгтнүүд ангуучилж байна. Энэ онд л гэхэд 13 хотын даргыг хөнөөжээ. Хотын дарга нар татвар цуглуулах, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах болон аюулгүй байдлыг хангах зэрэг ажил хийх үүрэгтэй ч энэ нь хар тамхины наймаачдын үйл ажиллагаанд харшилж буйгаас ийм халдлагууд газар авч байгаа аж.

АНУ-ын хилтэй ойролцоох Чихуахуа хотын дөрвөн ч даргыг энэ онд хороосон байна. Үүнээс болж хотын даргын ажлыг авах хүсэлтэй хүмүүс ч байхгүй болсон байна.

Хар тамхины сүлжээний бүс нутаг болох Мексикийн Жуарес хотын зэргэлдээ Гуадалупе тосгоны цагдаагийн газрын даргын ажлыг 20 настай коллежийн оюутан бүсгүй авлаа. Энэ хот нь 10 мянга гаруй хүн амтай, АНУ-ын Техас мужийн хилтэй ойролцоо оршдог байна. Марисол Валлес Гарсиа хэмээх энэ бүсгүй криминалистикийн чиглэлээр суралцдаг байна. Зургадугаар сард л гэхэд Гуадалупе хотын захирагчийн амийг хөнөөсөн байна. Харин Валлес энэ ажилд өөрийгөө нэр дэвшүүлсэн аж.

Түүнчлэн энэ сарын дундуур Мексикийн аюулгүй албаныхан 105 тонн марихуана хурааж авчээ. Энэ хэмжээний хар тамхийг гудамжинд 340 сая ам.доллараар худалдаалах боломжтой аж. Бүрэн зэвсэглэсэн цагдаа, цэргүүд АНУ-тай хил залгаа Тижуана хотын хэдэн байшинд нэгжлэг хийсэн байна. Энэ ажлын хүрээнд нийт 10 мянган уут марихуана илрүүлсэн байна.

Хар тамхины наймаачид марихуанаг Өмнөд Америкаас авчрах бус Мексикт тариалах нь ихсэж байгаа гэнэ. Тижуана хотод эргүүлийн цагдаа нар явж байх үед хэсэг бүлэг хүмүүс гал нээсний дараа энэхүү ажиллагааг хийх шийдвэр гарсан байна. Энэ үеэр 11 хүнийг баривчилсан байна.    

Хар тамхитай холбоотой хэргээс болж зөвхөн 2006 оноос хойг 28 мянган хүн Мексикт амь үрэгдсэн тоо баримт байдаг юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж