Хаби Алонсо, Икер Касильяс, Сеск Фабрегас, Андрес Иньеста, Карлес Пуйоль, Давид Вилья болон Шави нар “Ялагдашгүй Армада”-гийн бүрэлдэхүүнээс багтсан бол “Германы машинууд”-аас Мирослав Клозе, Филипп Ламм, Томас Мюллер, Месут Озил болон Бастьян Швайнштайгер нар нэр дэвшсэн байна. Эдгээр тоглогчдоос Клозе, Ламм, Мюллер болон Швайнштайгер нар өнгөрсөн улирлын Аваргуудын лигийн финалд “Баейрн Мюнхен”-и бүрэлдэхүүнд тоглож, 2:0 харьцаатай “Интер Милан”-д ялагдсан билээ. Харин “Интер”-ээс Уэсли Снейдер болон Голландын шигшээд түүнтэй хамт хүчин зүтгэдэг Арьен Роббен мөн Ballon d’Or горилогчдын тоонд багтаж байгаа юм.
Өмнөх хоёр жилийн хугацаанд FIFA-гийн дэлхийн шилдэг тоглогчоор тодорсон Аргентиний Лионель Месси, Португалийн Криштиан Рональду нар нэр дэвшсэн хэдий ч энэ жилийн хувьд тэдний боломж хаалттай гэхэд хилсдэхгүй.
Сонирхолтой нь, Английн шигшээ багаас нэг ч тоглогч Ballon d’Or шагналд нэр дэвшигчдийн дунд багтсангүй. Харин Премьер лигээс гурван тоглогч байгаа нь Сеск Фабрегас, Дидье Дрогба болон Асамоа Гьян нар юм.
Ballon d’Or-т нэр дэвшсэн 23 тоглогч бүгд Өмнөд Африкт болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон бөгөөд тэдгээрээс ес нь Аваргуудын лигийн финалын шатанд өрсөлдсөн тоглогчид юм.
FIFA Ballon d’Or шагналыг энэ жил анх удаагаа гардуулан өгнө. FIFA-гийн дэлхийн шилдэг хөлбөмбөгч болон Европын шилдэг хөлбөмбөгчид олгодог Ballon d’Or буюу “Алтан бөмбөг” шагналыг нэгтэж, жил бүр нэг л тоглогчид хөлбөмбөгийн спортын хувьд тэргүүн дээд гэж болох FIFA Ballon d’Or-ыг гардуулах болсон юм.
Эхний байдлаар нэр дэвшсэн 23 тоглогчоос гурвыг шилж, арванхоёрдугаар сарын 6-нд зарлах бөгөөд ялагчийг нэгдүгээр сарын 10-нд тодруулах учиртай.
FIFA Ballon d’Or шагналд нэр дэвшигчид:
Аргентин – Лионель Месси
Бразил – Даниель Алвес, Жулио Сезарь, Майкон
Камерун – Самуэль Эту
Герман – Мирослав Клозе, Филипп Ламм, Томас Мюллер, Месут Озил, Бастьян Швайнштайгер
Гана – Асамоа Гьян
Кот д’Ивуар – Дидье Дрогба
Голланд – Арьен Роббен, Уэсли Снейдер
Португаль – Криштиан Рональду
Испани – Хаби Алонсо, Икер Касильяс, Сеск Фабрегас, Андрес Иньеста, Карлос Пуйоль, Давид Вилья, Шави
Уругвай – Диего Форлан
С.Цэлмэг