МАХН-ын Удирдах зөвлөл хуралдав

Хуучирсан мэдээ: 2010.10.27-нд нийтлэгдсэн

МАХН-ын Удирдах зөвлөл хуралдав

Өчигдөр МАХН-ын Удирдах зөвлөл УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцангийн өрөөнд “уртасгасан” хуралдаан хийв. Үдээс өмнө 11 цагийн орчимд эхэлж, орой 16 цаг дөхүүлж өндөрлөсөн Удирдах зөвлөлийн хурлаар ирэх сард болох намын их хурлын бэлтгэл ажлаа ярьж, ажлын хэсгүүдийг гаргажээ. Мөн энэ үеэр намын даргын зүгээс Удирдах зөвлөлд нэгэн чиглэл өгсөн байна. Тухайлбал, намын нарийн бичгийн дарга С.Барсболд, Ёс зүйн хорооны дарга н.Дондог, Хяналтын ерөнхий хорооны дарга н.Цагаанхүү нарт албан тушаал санал болгохыг үүрэгдсэн байна. Энэ нь тус намын Их хурлын өмнө тус нам дотор үүсээд байгаа нөхцөл байдал, түүнийг зохицуулахтай холбоотой бололтой.

Үүнээс гадна нэг хэсэг экс Ерөнхийлөгчийн талд орон “сэлэм эргүүлж”, МАХН-ын нэр, үзэл баримтлалыг өөрчлөхийн эсрэг тэмцэж, “МАХН ухрах уу, урагшлах уу” хэмээх хэлэлцүүлгийн “чимэг” болж явсан жигүүрийн Н.Удвал, эдийн засагч Н.Дашзэвэг нар ч мөн Удирдах зөвлөлд хандаж, хүлээж авч уулзахыг хүссэн гэнэ. Н.Удвал намынхаа шинэчлэлийн үйл хэрэгт гар бие оролцмоор байна гэсэн бол эдийн засагч Н.Дашзэвэг энэ асуудлаар таван хүний бүрэлдэхүүнтэй эрдэмтдийн баг хүртэл бүрдүүлээд ажиллаж байгаа тухайгаа Удирдах зөвлөлийн гишүүдэд үг дайлгасан байна. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаярыг дагалдагсдын “зэс” цухуйж, С.Батболдын талд шарваж эхлэв.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж