Хэдийгээр шинэ хуулийн төсөл боловсруулж байгаа боловч хэрэгжүүлэх ажил нь та бидний хэдийнээс мэддэг, бас үр дүнд хүрээгүй аргуудыг төсөлд багтаасан байгаа. Жишээ нь, энэ жил нийслэлийн ЗДТГ-аас зарим хороонд түүхий нүүрсний хэрэглээг хориглосон. Гэсэн ч утааг багасгах тал дээр дорвитой арга хэмжээ авч чадахгүй байгаа эрхмүүдийн бодож, бодож олсон мэргэн санаа нэмэр болоогүйг санаж байгаа байх. Харин ч орлого багатай айл өрхүүдийн нуруун дээрх ачааг нэмээд л замхарсан. Учир нь гурван төрлийн боловсруулсан түлш нь түүхий нүүрснээс өндөр үнэтэйгээс гадна илч муутай байсан юм. Нийслэлийн агаарын чанарын албаны дарга Д.Мөнхцог “Бага ч гэсэн үр дүн авчирсан гэж бодож байна. Зарим үед боловсруулсан түлшний нийлүүлэлт тасарсан тохиолдол гарсан. Ирэх өвлөөс боловсруулсан түлшний нийлүүлэлтийг таслахгүй байхад арга хэмжээ авна. Боловсруулсан түлш хэрэглэснээр агаарын бохирдол тийм хэмжээгээр буурсан гэх судалгаа алга байна” гэх хариултыг бидэнд өгч байна. Харин гэрийн дулаан бүрээс өндөр үнэтэй байдгаас айл өрхүүд тэр бүр авч чаддаггүй юм билээ. Гэхдээ энд өнгөрсөн хугацаанд үр дүнд хүрээгүй аргуудыг дахин хэрхэн хэрэгжүүлэх, үүнийг хуулиар хэрхэн зохицуулах вэ гэдгийг онцлохыг хүссэн юм. Хуулийн төслийг боловсруулагчид маргааш хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, чуулган завсарлахаас өмнө хэлэлцүүлэх бодолтой байгаагаа хэлсэн. Харин иргэдэд утааг багасгах талаарх хууль, төсөл, хөтөлбөрүүд энэ удаад үүргээ гүйцэтгээсэй гэсэн хүлээлт байна.
Цахилгаан эрчим хүчний шөнийн тариф одоогийн байдлаар албан байгууллагад нэг киловатт нь 46 төгрөг, айл өрхүүдэд 40 төгрөг байгаа юм. Хуулийг баталбал гэр хорооллын өрхүүд шөнө нэг киловатт цахилгааныг 20 төгрөгөөр хэрэглэнэ. УИХ-ын гишүүн Л.Гантөмөр эрчим хүчний шөнийн тарифыг тэглэх санал өмнө нь оруулж ирж байсан. Тэгвэл эрчим хүчний шөнийн тарифыг 20 төгрөг болговол ДЦС-ууд хэдий хэмжээний алдагдал хүлээж, түүнийг хэн хариуцах вэ гэсэн асуулт гарч ирж байгаа юм. Хязгаарлалтын бүсэд Дэнжийн-1000, Зуун айл, гуравдугаар хорооллын арын гэр хорооллыг оруулаад байгаа. Сэргээгдэх эрчим хүчний төвийн мэргэжилтнүүд гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн тарифыг 20 төгрөг болгосноор ямар үр дүн гарах вэ гэдгийг тооцоолж байгаа юм байна. Ямартай ч тус газраас “Тарифыг тэглэж болохгүй. Одоо хязгаарлалтын бүсийн айл өрхүүдийн эрчим хүчний шөнийн тарифыг 20 төгрөг болговол дулааны цахилгаан станцууд тодорхой хэмжээний алдагдал хүлээх магадлалтай. Гэсэн ч үүнийг төр засгаас зохицуулах арга хэмжээ авах байх” гэсэн хариултыг өгч байна.
“Дулааны цахилгаан станц-IV” ХХК-ийн гүйцэтгэх захирал Цэвээнээс гэр хорооллын айл өрхүүдийн нэг киловатт эрчим хүчний шөнийн тарифыг 20 төгрөг болгох асуудалд ямар байр суурьтай байгааг нь тодрууллаа.
-Дулааны цахилгаан станцууд шөнийн үйл ажиллагаанаасаа байнга алдагдал хүлээдэг. Шөнө ачаалал ерөнхийдөө буурдаг болохоор дулааны цахилгаан станцууд үр ашиггүй, илүү цахилгаан үйлдвэрлэж түүнийгээ урд хөрш рүү урсгаад байгаа. Гэхдээ цахилгаан станц, тоноглолын найдвартай ажиллагааг хангахын тулд одоохондоо үүнээс өөр арга байхгүй байна. Ер нь бол шөнийн цахилгаан хямд гарна гэж байдаггүй юм. Харин оройн 20 цагийн орчимд үйлдвэрлэсэн цахилгаан харьцангуй хямд өртөгтэй байдаг. Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрхүүдийн эрчим хүчний шөнийн тарифыг хямдруулна гэдэг саналыг үйлдвэрлэл талаас нь дэмжиж байгаа. Ингэснээр хэрэглээ нэмэгдэх нь мэдээж. Харин өртөг, зардлыг нарийн тооцоолох хэрэгтэй. Түүнчлэн хуулийг баталсан тохиолдолд төр засгаас үүнд конденсаци хийх шаардлагатай. Дулааны цахилгаан станцууд алдагдал хүлээх тохиолдолд төр зөрүүг нь өгөх хэрэгтэй гэж бодож байна.
Тэрбээр ийн хариулав. Шөнийн цагаар үйлдвэрлэсэн цахилгааныг гадагш нь урсгаж байгааг хэрэглээгээр хязгаарлах ёстой гэдэгт эрчим хүчний салбарынхан ерөнхийдөө санал нэгдэж байгаа ажээ. Түүнчлэн алдагдал хүлээхэд хүрвэл төр засгаас арга хэмжээ авах хэрэгтэйг ч онцолж байна.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин