
Хууль батлагдахгүй байх шалтгаан эхэндээ улстөрчдийн амбицаас хамааралтай байсан бол энэ удаад сонгуулийн тухай хууль дахь эмэгтэйчүүдийн квотын асуудалтай холбоотой болжээ.
Ямартаа ч УИХ-ын чуулганы тавдугаар сарын 14-ний нэгдсэн хуралдаанаар Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэнээр хууль батлагдахад нэг алхам урагш гишгэв. Байнгын хороонд байгуулагдсан ажлын хэсгүүд, намын бүлгүүд уг асуудлыг хэлэлцэх хугацааг нилээд удаасны эцэст хэлэлцэхийг зөвшөөрч дахин нэг алхмыг хийлээ.
Энэхүү Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн төсөлд хуулийн зорилтыг эрэгтэй, эмэгтэй хүнийг хүйсийн шинжээр ялгаварлан гадуурхах явдлыг арилгах, улмаар улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд жендерийн эрх тэгш байдлыг хэвшүүлэх нөхцөл, бололцоог бүрдүүлэх эрх зүйн үндсийг тодорхойлохоор тусгажээ. Мөн жендерийн ялгаварлан гадуурхалтад үл хамааруулах зүйлийг тусгаж өгснөөрөө өмнөх хуулийн төслүүдээс давуу зүйлтэй болсон байна. Үүнд “тайз, дэлгэцийн болон бусад уран бүтээлд дуу оруулах, дүрд тоглох, ёс зүйн хэм хэмжээ буюу хувийн нууцыг хадгалах зэрэг ажлын шаардлагын улмаас зөвхөн нэг хүйсийн хүнийг ажиллуулах; зөвхөн нэг хүйсийн өвөрмөц хэрэгцээнд нийцсэн эрүүл мэнд, боловсрол зэрэг дагнасан үйлчилгээ үзүүлэх; оюутан, сурагчдын дотуур байр, эмнэлэг, асрамж, амралт сувилал зэрэг газарт эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг хүйсээр ялган байрлуулах;” зэргийг багтаасан байна.
Уг хуулийн төслийн хоёрдугаар бүлэг төрийн байгуулалтын хүрээнд жендерийн эрх тэгш байдлыг хангах баталгаа болох төрийн алба болон улс төрийн нам дахь тэгш эрхийн баталгааны зэрэгцээ сонгуулийн тэгш эрхийг баталгаажуулах тухай квотын зохицуулалтыг оруулсан нь хуулийг батлах эсэх “төгсөшгүй” маргааныг бий болгосон аж. “Жендер” гэх үгийг эмэгтэйчүүдийн эрх хэмээн ойлгож буй “харчууд”, энэ хуулиар хөшиж сонгуульд тоогоо нэмэх сонирхолтой “хүүхнүүд” хэрхэн ойлголцохоос энэ хуулийн хувь заяа шийдэгдэх болно. Уг нь ч хэлэлцэх нь зүйтэй хэмээн шийдчихсэн л дээ. Гэвч өнгийг нь шийдээгүй байгаа. Өөрөөр хэлбэл хуулийг батлахыг зөвшөөрсөн ч хэрхэн өөрчлөн найруулах эрх “харчууд”-д үлдсэн.
Мэдээж хэлэлцүүлгийн явцад эмэгтэйчүүд өөрсдийн сонгосон “өнгө”-өөр батлуулах саналууд зүтгүүлэх болно. Түүнтэй хамт квотыг тоог багасгах, хууль хэрэгжих хугацааг хойшлуулах санаа ч хамт явах биз.