Дизель түлшнээс онцгой албан татвар авахгүй

Хуучирсан мэдээ: 2011.02.10-нд нийтлэгдсэн

Дизель түлшнээс онцгой албан татвар авахгүй

Сүүлийн үед газрын тосны үнэ өсч байгаа. Үүнийг Египетэд болж байгаа үймээнтэй холбон тайлбарлах нь бий. Харин Египетэд гарсан үймээний улмаас Суэцийн сувгийг хаах магадлалтай байгаа нь газрын тосны үнийг олон улсын түүхий эдийн зах зээлд өсгөж байна. Манай улсын тухайд газрын тосны үнэ нэмэгдэж байгаатай холбогдуулан газрын тосонд ногдуулах Гаалийн болон Онцгой албан татварын хэмжээг тодорхой хувиар бууруулахаар шийдвэр гаргажээ. Эрдэс баялаг, эрчим хүчний яам болон Сангийн яамны холбогдох ажлын хэсгүүд хэлэлцэн гаргасан шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн байна. Ийнхүү Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор орж ирж байгаа А-80 автобензинд 190 мянган төгрөгийн Онцгой албан татвар ногдуулж байсныг 160 мянган төгрөг, харин дизель түлшнээс авч байсан 20 мянган төгрөгийн Онцгой албан татварыг тэглэсэн байна. Газрын тосны үнийг тодорхой хэмжээгээр бууруулснаар дизель түлшний үнэ нэмэгдэх аюулыг саармагжуулж байгаа аж. Гэсэн хэдий ч ОХУ-аас орж ирж байгаа газрын тосны үнэ өсөх магадлалтай байгааг Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас хэлж байсан. Тиймээс энэ өсөлтийг саармагжуулах үүднээс Гаалийн болон Онцгой албан татварын үнийг ийнхүү бууруулж байгаа юм байна. Эдгээр татварын хэмжээг одоохондоо бүр мөсөн тэглээгүй. Харин тэглэх бололцоо бий гэнэ. Татварыг тэглэснээр үнийн өсөлтийн хэлбэлзлийг дахин саармагжуулж чадах аж.

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж