
Драфтын орой “Тимбервулвес” түүнийг “Портланд”-аас авч оронд нь 16 дахь сонголт Люк Баббиттыг өгсөн. Улирлын өмнөх тоглолтуудад 12,3 оноо, 3,2 самбараас бөмбөг авалтыг дунджилж байсан Уэбстэр дасгалжуулагч Курт Рамбисын сэлгээний гол тоглогч нь болох байсан юм.
Довтолгоо, хамгаалалт гээд аль аль тал дээр нь.
Уэбстэр өнгөрсөн хоёр жилийг бэртлийн эсрэг тэмцсээр өнгөрүүлсэн бөгөөд шинэ улирлыг гайхалтай эхлүүлж, сагсан бөмбөгийн карьераа өөрчлөхийг хүсч байсан ч дахин бэртэл түүнийг баллаж байна.
Мэс ажилбар хийлгэх эсэх талаар яриа гарч байсан ч дасгалжуулагч Рамбисын хэлж байгаагаар урт хугацааны ирээдүйгээ бодсоноор мэс ажилбарт орох нь зөв гэж тоглогч болон багийн эмч нар зөвлөлдсөн гэнэ.
Лигийн хамгийн залуу багийн хувьд зургаа дахь жилдээ тоглож байгаа Уэбстэр туршлагатай тоглогч нь болж байсан бөгөөд хувцас солих өрөөнд ч түүний үр нөлөө их байсан.
“Сакраменто Кингс”-ийн эсрэг нээлтийн тоглолтоо хийх “Вулвес”-ийн залуу тоглогчдын хувьд энэ бол боломж гэсэн үг. Сар гаруй хугацаанд тэд өөрсдийгөө сэлгээнээс харуулж чадах юм бол магадгүй Уэбстэрийн тоглох минутаас нэлээдгүйг нь өөрийн болгох боломж бий гэсэн үг юм.