Даландавхарыг цэцэрлэгжүүлэх шийд гараагүй гэв

Хуучирсан мэдээ: 2010.10.26-нд нийтлэгдсэн

Даландавхарыг цэцэрлэгжүүлэх шийд гараагүй гэв

Талийгаачдын шарилыг залдаг Далан давхарыг цэгцэлж, цэцэрлэгжүүлэхээр болжээ. Оршуулгын газрын ойр хавьцаа  олон айлууд суурьшин амьдарч, хөл хөдөлгөөн ихтэй байх болсон тул “Улаанбаатар Буян” ХХК энэ байдлыг цэгцэлж, шарилуудыг чандарлахаар болжээ. Тэд эхний ээлжинд 25 мянган шарилыг чандарлах бөгөөд ирэх хаврын тавдугаар сар хүртэл ар гэрийнхэнтэй нь холбогдож, зөвшөөрөл авах гэнэ. Энэ мэдээллийн дагуу бид  “Улаанбаатар Буян” ХХК-ийн  Үйлчилгээ хариуцсан захирал н.Мөнхнасантай холбогдлоо.

-Танай компани 25 мянган шарил чандарлаж, орчныг нь тохижуулах болсон тухай мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Яг энэ ажиллагаа тодорхой ажил болсон юм алга. Яагаад гэвэл хотоос мөнгө, төгрөг нь орж ирээгүй байна. Мөнгө нь ороод ирчихвэл хийж болно. Түүнээс биш манайх эзэнгүй шарилыг чандарладаг байгууллага биш. 2009 оноос эхлээд нийслэлийн Захирагчийн ажлын албанаас Даландавхар орчимд хашаа татсан байгаа. Хашаа нь хоёр км гаруй урттай юм. Гол нь энэ асуудлыг хариуцсан нийслэлийн байгууллагаас шарилын газрыг цэцэрлэгжүүлэх тухай ярьж байсан. Түүнээс манайх тэгж шийдээд хийх гэж байгаа зүйл биш.

-“Далан давхар” ч юм уу, “Нарангийн энгэр” дэх шарилыг чандарлуулах талаар ар гэрийнхэн нь хүсэлт гаргавал чандарлах уу?

-Манай байгууллагад хүсэлтээ тавибал болно. Бид ар, гэрийнхнийх нь хүсэлтээр шарилыг гарган авч чандарлаад “Далан давхарт” ч юм уу, манай Баруун турууны аманд байрлах шарил чандарлах төвд суварганд залдаг юм. Ер нь сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр манай компанийг шарил чандарлах гэж байна, цэцэрлэгжүүлнэ гэж яриад байгаа. Энэ бол үндэслэлгүй мэдээ. Гэхдээ хөрөнгө нь ороод ирчихвэл бид “Үгүй” гээд цааш нь түлхэхгүй ээ.

Б. Болорсүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж