Мах, махан бүтээгдэхүүнд шалгалт хийжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.26-нд нийтлэгдсэн

Мах, махан бүтээгдэхүүнд шалгалт хийжээ

Монгол орны зүүн бүс болох Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудад малын гоц халдварт шүлхий өвчин гарсан. Тиймээс зүүн бүсийн аймгуудаас мах махан бүтээгдэхүүн, малын гаралтай түүхий эд тээвэрлэх, нийслэлд оруулахыг хатуу хориглоод удаж байна.Тиймээс нийслэлд мал, амьтан тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнээр үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд  шалгалт хийлээ. Шалгалтад мах, махан бүтээгдэхүүнээр худалдаа, үйлчилгээ эрхэлж буй 39 хүнсний худалдааны төв, 329 хүнсний дэлгүүр, мах боловсруулах 14 үйлдвэр, хиамны 32 цех, мах машиндах  16 цэг, мах, махан бүтээгдэхүүн ангилан савлах 23 цех, банш буузны  40 цех, мал эмнэлэг ариун цэврийн 20 лабаоратори, нийтийн хоолны 127 газар, мал нядалгааны 10 газар, мах, махан бүтээгдэхүүний  1197 лангуу, нөөцийн мах худалдан борлуулж буй найман аж ахуйн нэгж, түүхий эдийн гурван зах, дөрвөн цэг, 233 агуулах, таван ясны үйлдвэр,өлөнгийн 19 үйлдвэр, малын тэжээлийн дөрвөн үйлдвэр, ноос ноолуур угаах самнах сүлжих гурван үйлвэр, өлөнгийн өнгөр боловсруулах үйлдвэр багтсан байна.  Мах, махан бүтээгдэхүүнийг бөөнөөр худалдаалдаг гол цэг болох “Хүчит шонхор” худалдааны төвд  орон нутгаас ирж буй мах, махан бүтээгдэхүүн нь тухайн орон нутгийн  мал эмнэлэгийн салбар нэгжээсээ мал эмнэлэг, ариун цэвэр-гарал үүслийн гэрчилгээ авсан боловч гэрчилгээний олголт зарим талаараа хангалтгүй байжээ.  Түүнчлэн иргэн Наранхүүгийн махны худалдааны төв нь улсын байцаагчийн дүгнэлтийн хугацаа дууссан, ариун цэвэр туйлын хангалтгүй, гэрэлтүүлэг муу, агааржуулалт байхгүй, худалдааны танхим, гэсгээлт, шуллагаа, хог хаягдлын хэсгүүд нь нэг дор байрласан  зэрэг зөрчил илэрчээ.

Шалгалтын явцад нийт 388 зөрчил илрүүлж газар дээр нь 270 –ийг арилгуулан 14 аж ахуйн нэгж, 65 иргэн, 13 албан тушаалтанд 3705.0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ. Мөн 29 аж ахуйн нэгжид албан шаардлага өгч, нэг махны худалдааны төв, дөрвөн иргэний мах шулах газар, нэг лаборатори, мал нядалгааны гурван цэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар хааж, зөрчлийг арилгуулан үйл ажиллагааг нь сэргээжээ.

Д.Цээнэ
         

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж