Төсвийг Үндсэн чиглэлд нийцүүлэх нэмэлт хийлээ

Хуучирсан мэдээ: 2010.10.26-нд нийтлэгдсэн

Төсвийг Үндсэн чиглэлд нийцүүлэх нэмэлт хийлээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Сүхбаатар, Ц.Шинэбаяр нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхээр боллоо. 

УИХ жил бүр Монгол Улсын эдлийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлийг баталдаг болоод 18 жил болж байгаа. Гэвч Үндсэн чиглэлд тусгагдсан бодлого, арга хэмжээ бодитой, үндэслэл сайтай төлөвлөгдөж чадахгүй, төсөвтэй уялдаагүйгээс тухайн жилдээ хэрэгждэггүй, түүнчлэн Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг УИХ-аар хэлэлцэх эрх зүйн орчин бүрдээгүй байгаа тул УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25.2 дахь хэсэгт “Засгийн газар төсвийг зохиохдоо Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон Үндсэн чиглэлтэй нийцүүлнэ” гэсэн нэмэлт оруулснаар төсөв, Үндсэн чиглэлийн уялдаа сайжирч, боловсруулалт, хэлэлцүүлгийн явц чамбайрна гэж төсөл санаачлагчид үзэж байгаа аж. Мөн Үндсэн чиглэлийг хэлэлцэхэд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд  болон холбогдох бусад хүмүүс байлцахаар тусгажээ.

Түүнчлэн одоо мөрдөгдөж байгаа УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлээр Засгийн газрын үйл ажиллагааны хэрэгжилт, тайланг хэлэлцдэг дэгийг өөрчилж Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцдэг болгож өөрчлөхөөр хуулийн төсөлд тусгасан ба ийнхүү хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болсон талаар УИХ-ын хэвлэлийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж