Гишүүд тэрбумаа 2,5 тэрбум болгож өгөх үү

Хуучирсан мэдээ: 2010.10.26-нд нийтлэгдсэн

Гишүүд тэрбумаа 2,5 тэрбум болгож өгөх үү

Гишүүдийн гэх тодотголтой, тойрогт зарцуулах учиртай хөрөнгө оруулалтын гэх мөнгө 10 сая төгрөгөөс эхэлж дөрвөн жилийн дотор нэг тэрбум болтлоо үржсэн. Төсвийг алдагдалд оруулж, төр баригчдад тэрбумтан цол олгосон энэ мөнгөний эрхийг Ерөнхийлөгч хориглоод дийлээгүй. Үндсэн хуулийн Цэц хэлэлцээд ч бараагүй. Сургуулийн засвар, биеийн тамирын талбай, цэцэрлэгийн дээвэр мэтэд зориулдаг гишүүдийн гэх тодотголтой тэрбум төгрөг ирэх оны төсөвт 2.5 тэрбум болж суга өснө гэх яриа байна. Тойрогт зарцуулах учиртай энэхүү нэг тэрбум төгрөгөөс шалтгаалж төсвийн алдагдал 300 тэрбумд дөхөж байсан. Тэгвэл ирэх онд дээрх дүн 750 тэрбумд хүрэх эрсдэл байна. Эрхэм гишүүдийн санаархаж, иргэдийн эгдүүцэж байгаа 2.5 тэрбум төгрөгийн чимээг гишүүдээс чагнав. Мөн хуваарилж авсан тэрбум төгрөг ямар бүтээн байгуулалт болсныг асуулаа.

Д.Одбаяр: -2.5 тэрбум төг­рө­гийн тухай асуулт бол өдөөн хатгалга байх. Энэ мөнгө 2.5 тэр­бум болно гэвэл нийгэм хү­лээж авахгүй. Би ч дэмжихгүй байна. Харин зар­цуулаад дууссан мөнгийг хэрхэн зар­цуулсанд аудит хийлгэх ёстой. Зарим нь үр дүнгүй зар­цуулсан гэх яриа байгаа.

-Зөвхөн хө­рөнгө оруулалтад зарж байгаа байх. Аймгийн удирдлагууд хэрэгжилтийг хариуцаж байгаа. УИХ-ын гишүүд мөнгө, төгрөгтэй холбоотой асуудалд орооцолдох зохимжгүй учраас хяналт тавиагүй. Мэргэжлийн байгууллагуудад хүсэлт тавьж чанар, үр ашиг нь ямар байв гэдгийг шалгуулна гэж бодож байгаа. 

С.Оюун: -Би нэг тэрбум төг­рөгийн асууд­лыг буруу гэж бод­дог. Төсөв хэлэлцэж эхлээ­гүй учраас 2.5 тэрбум болгох яриа албан ёсных биш. Тойрогт хө­рөнгө оруулах зүйл байдаг. Түү­нийг нь аймаг, дүүргийн ИТХ-д нь эрхийг нь ол­гочих хэрэг­тэй.

П.Алтангэрэл: -2.5 тэрбум байтугай 22.5 тэрбум төгрөг хэрэгтэй байна. Дор­­нод аймагт шаард­­лагатай бай­гаа хө­рөнгө оруу­лал­тын жаг­саалтыг гар­гахад доод тал нь 22.4 тэрбум төг­рөг хэрэгтэй байна. Гурван сум цэцэрлэггүй. Өр­хийн эмнэлэггүй баг байна. Дөрвөн шинэ сургууль барих шаард­лагатай. Энэ хөрөнгө оруулалтыг хийхийг сонгогчид шаардаж байгаа. Сангийн яам хөрөнгө оруулалт хийх санал авч байна. Би 22.4 тэрбум төгрөг хэрэгтэй байгаа жагсаалтаа өгнө.

Гишүүдийн гэж нэрлэдэг тэр мөнгөнөөс би нэг ч төгрөг аваагүй. Энэ бол орон нутагт хийж байгаа бү­тээн байгуулалт. Жишээлбэл, өрхийн эмнэлгийн барилга барихад зарцуулсан. Гурванзагал сумын сурагчдын дотуур байрыг 154 сая төгрөгөөр заслаа. Аймгийн багш нары 80 хувийг 424 сая төгрөгөөр зөөврийн компьютертэй болгосон. Халх гол суманд 30 сая төгрөгөөр Соёлын төв барисан. Жижиг, дунд үйлдвэрлэлийн санд 200 гаруй сая төгрөг өгснөөр асфальт, вакум цонхны үйлдвэр зэрэг 10 гаруй үйлдвэр байгуулж 100 гаруй хүн ажилтай боллоо. Хөрөнгө оруулалтын саналыг оруулснаас хойш миний мэдэл, оролцоо дууссан.

Б.Бат-Эр­дэнэ: -Тойрогт зар­цуулах мөнгө 2.5 тэрбум бай­тугай 10 тэрбум байсан ч багадна. Сургууль, орон нутагт гүүр ба­рих гээд хөрөнгө оруу­лалт шаардсан ажил маш их байна. Үнэхээр улсын төсөв хү­рэх юм бол орон нутгийн хөрөнгө оруулалтыг нэ­мэх хэрэгтэй.

-Дэлгэрхаан сумын ерөнхий боловсролын сургуулийн зориулалтын байр барихад 500 сая төгрөг, Хэнтий аймгийн Тамгын газартай хамтраад аймгийн хэмжээнд багийн хөгжлийг дэмжих хөтөлбөр гэж зарласан. Уг хөтөлбөрийн хүрээнд багийн хөгжлийг дэмжих үүднээс 500 сая төгрөгийг зарцуулсан. Мөн 440 сая төгрөгийг багийн хөгжлийг дэмжих, 60 сая төгрөгийг жижиг, дунд үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэхэд хуваарилсан.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж