Хосни Мубарак өрсөлдөгчдөдөө өвөрмөц сюрприз барих болно. Египетийн Ерөнхийлөгч суудлаа орхихдоо тулбал өөр нэгэн Мубаракт албаа залгамжлуулж л таарна” гэцгээж байгаа юм. Үнэхээр ч өдгөө 83 настай Хосни Мубаракийг “тонилгох” энэ удаагийн ажиллагаа анхны тохиолдол биш. Сөрөг хүчнийхэн 1982 онд түүний амь насанд халдахыг завдсан ч бүтэлгүйтсэн удаатай.
Харин үүнээс хойш 13 жилийн дараа буюу 1995 онд Мубаракийг Эфиопт айлчлах үеэр автомашин руу нь гал нээж байсан билээ. Гэвч эцсийн дүнд Хосни Мубарак Ойрхи Дорнод дахь төрийн хамгийн нөлөө бүхий удирдагч болж чадсан. Египетийг Арабын ертөнц, баруун Европ, тэр ч атугай социалист лагерийн орнуудтай холбож, Египетийг “даяарчлахад” чухал нөлөө үзүүлсэн улстөрч.
Хосни Мубарак олон дайсантай аж. Египетчүүдийг түүний эсрэг босгож, Арабын ертөнцийг доргиож буй хүн бол Мохамед ЭлБарадей. Нобелийн энхтайвны шагналт тэрбээр “Мусульманы ахан дүүс” хэмээх сөрөг хүчнийхэнтэй хүч хавсран түүнтэй сөргөлдөж байна. Хосни Мубарак, Мохамед ЭлБарадей нарын хэн, хэн нь АНУ-тай сайн харилцаатай. Египетийн Ерөнхийлөгч тус улсад газрын тос нийлүүлэх ажилд ихээхэн анхаардаг байсан бол америкчууд Кайрт зэр зэвсэг, импортын бүтээгдэхүүн нийлүүлдэг. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн дарга асан, Нобелийн энхтайвны шагналт Мохамед ЭлБарадей барууныхантай тогтоосон дотно харилцаандаа түшиглэн “Мубарак дэглэм”-ийг устгах оролдлого хийж байна. Гэвч түүнийг египетчүүд сайн мэдэхгүй. “Америкаас ирсэн эрхэм” хэмээн сураг төдий мэдэх ч тэрбээр Хосни Мубаракийг чиглэсэн “Цөлийн шуурга” ажиллагаандаа улам олон хүнийг татан оролцуулах боллоо. Харамсалтай нь олон нийт “Мохамед ЭлБарадей болон “Мусульманы ахан дүүс”-т Ерөнхийлөгчийн алба шилжихгүй” гэдэгт огтхон ч эргэлздэггүй аж. Египетийн Ерөнхийлөгч 1979 онд Израйль улстай энхийн хэлэлцээр байгуулсан ч “Мусульманы ахан дүүс” бүлэглэлийнхэн “Засгийн эрхийг гартаа авах л юм бол дараагийн байгаа Израйль руу чиглүүлэх болно” хэмээж буй нь дайныг биш, дарангуйллаас ангижрахыг хүсэмжлэгч ард түмэнд таалагдахгүй нь тодорхой.
ЭлБарадей Мубаракийн эсрэг “Ардчилал” хэмээх пайз зүүн тэмцэж байгаа. Харин түүний гар дахь гол “зэвсэг” нь Египетийн Ерөнхийлөгчтэй холбоотой авлигын баримтууд юм. Тус улс хүний хөгжлийн индексээр 177 орноос 111 дүгээрт орсон. Ийм уруу дорой байдалтай байгаа нь “Мубарак дэглэм”-ийн уршиг. Тэр тусмаа авлига, ажилгүйдлийн түвшинтэй холбоотойг тэр нотлохыг хичээж байна. Умард Солонгосын удирдагч Ким Чен Ир өнгөрсөн онд бага хүү Ким Чен Уныг залгамжлагчаараа тодруулсан бол Хосни Мубарак отгон хүү Гамаль Мубаракт албаа залгамжлуулахаа 2000 онд мэдэгдсэн билээ. Мубаракийнхан Үндэсний ардчилсан намынхныг найдвартай ар тал хэмээн үзэж байгаа ч өнөөдөр байдал мөн л эргэлзээтэй болчихоод байна. Учир нь ЭлБарадей болон “Мусульманы ахан дүүс” бүлэглэлийнхэн олон нийтийг хамарсан тэмцэл явуулж эхлэхэд Хосни Мубарак “Цэргийнхэн миний талд байна. Тиймээс энэхүү жагсаал олигтой үр дүнд хүрэхгүй” хэмээж байв. Гэвч армийн угшилт эрхэм Ерөнхийлөгчид зэвсэгт хүчнийхэн нь тусалж чадаагүй. Азербайжаны Хырдалан хотноо 2007 онд Хосни Мубаракт зориулан хөшөө босгосон билээ. Гэвч Египетэд үймээн гарч эхэлмэгц тус улсад уг хөшөөг буулгах асуудлыг хөнджээ.
Араб байтугай Америкийг айлгадаг “Аль-Кайда” бүлэглэлийнхэн ЭлБарадейн эхлүүлсэн “Цөлийн шуурга” ажиллагаанаас болгоомжилж байна. Түүний ард “Мусульманы ахан дүүс” хэмээх хүчирхэг бүлэглэл байгаа учраас тэр. Тус бүлэглэлийн лидер Эссам аль-Эриан “Египетэд Шариатын хуульд үндэслэн ардчилсан нийгэм тогтооно” хэмээн мэдэгдэж, ХАМАС, Иран улстай түншлэхээ мэдэгдлээ. Эссам аль-Эрианы энэхүү мэдэгдэлд шинжээчид “Иран улс цөмийн байгууламжтай. ЭлБарадей ураны салбарт яах аргагүй ашиг сонирхлын зөрчилтэй. Тийм учраас тэдэнд Египетийн Ерөнхийлөгчийн суудлаас гадна Газрын дундад тэнгис орчимд хаанчлалаа тогтоох нь чухал байна” хэмээх дүгнэлтийг хийв. Харин АНУ “Бид Хосни Мубарак болон Египетийн ард түмэнд харин ч боломж олгож байна шүү” гэжээ. Дэлхийн зах зээл дээр хар алтны үнийг хэлбэлзүүлж, Кайрын Хөрөнгийн биржийнхнийг хаалгаа барихад хүргэсэн “Цөлийн шуурга” ажиллагаа Египетэд хүнсний хомсдол, өлсгөлөнг нүүрлүүлж эхэллээ. Харин Мубарак, ЭлБарадей нарын хэн ялах нь тодорхойгүй.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин