Хуучирсан мэдээ: 2010.10.26-нд нийтлэгдсэн

Галт хатагтай

Дэлхийг аварсан гоо үзэс­гэлэнгийн тухай өгүүлэх гайхам­шигт домгууд бүсгүй хүний сэт­гэлийг хөглөхгүй байна гэвэл үүн шиг эмгэнэл үгүй биз. Үл ялиг инээмсэглэж, харц дээгүүр алхах донж төгөлдөр орчин цагийн гоо бүсгүйчүүд ч та бидний сэтгэлд хөг нэмдэг нь нууц биш. Энэ бол зөвхөн эрчүүдийг сэргээх гэхээс илүү эмэгтэйчүүдийн урагш ал­хах алхаанд хүч нэмэх ер бусын увидас. Тэгвэл ийм гоо үзэсгэлэнг магтан дуулах нь өдгөө дэлхий даяар хэвлэгддэг Америкийн “Esguire” сэтгүүлийн эрхэм зорилго биз ээ.  Нэг ёсны хүн төрөлхтний гоо сайхны ер бусын давтагдашгүй мөн чанарыг илэрхийлэх явдал. Ийм л шалгуураар монгол бүсгүйг хамгийн тачаангуй эмэгтэй хэмээн өргөмжилсөн нь бахархмаар сайхан санагдав. Тэр нь Отрядын Гүндэгмаа гэж бодохоор бүр ч баярламаар. Тэр дэлхийн урлаг, спорт, улс төр, бизнес гээд салбар салбарын сайхан бүсгүйчүүдтэй нэг эгнээнд зогссон байна шүү дээ.

Хэзээ ч юм та бидэнд өөрийн­хөө мөн чанарыг нууцалсан үл ялиг инээмсэглэл, хатуу чанд төрх, уудлахад хэцүү дотоод сэт­гэлээрээ тэр хэзээ ч таашгүй сонирхолтой асуултыг сөхөн та­вихад хүргэдэг. Ингэж хэлсэнд эгдүүцэх хүн олон гарч болох ч миний хувьд тэр эмэгтэй ер бусын гайхалтай эмэгтэй. Яг л хаяанд ирсэн өвлийн жавар шиг. Тэгсэн хэрнээ ер бусын гал цогтой галт шувуу мэт. Хязгааргүйд нисч, харсан бүхэндээ эрч хүч, хүсэл тэмүүллийг бэлэглэгч шиг. “Галт хатагтай” хэмээн нэрийдмээр. Түүний амжилтын буухиа та бидэнд өөрөөр нь бахархахгүй байхын аргагүй цорын ганц сонголтыг тулгах шидтэй. Хэн ч Отрядын Гүндэгмааг өөрөөр тө­лөөлөх аргагүй. Жирийн нэг монгол бүсгүй лав биш. Үүнийг нь ч түүний талаарх “Esguire” сэт­гүүлийн шалгаруулалт та бидэнд нотолж буй.

Аавынхаа гараас хөтөлж, ал­ганд нь ирээдүйгээ зуруулсан тэрбээр буутай анх дөрөвдүгээр ангиасаа танилцжээ. Шүх­рийн спортынхны дунд бага Отряд гэдгээрээ алдаршсан түүнийг аав нь арван настайд нь онгоцноос унжуулсан 50 метр троссын үзүү­рээс атгуулан үзүүлэх тоглолт хийлгэсэн гэдэг. Тэр цагаас хойш түүний хувьд шүхэр онцгой “дур­лал”-ынх нь нэг байж. Энэ тухайгаа “Шүхрийн спорт аавын минь хувьд аз жаргал нь байсан. Тиймээс би хэсэгхэн хугацаанд ч гэсэн агаарын спортын аз жаргалыг мэдэрсэн” хэмээн ярьсан байдаг. Харин Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхбаярыг Барселоны олимпоос медаль авчрах үед аав нь “Миний охин буудаад үзвэл яасан юм бэ” гэснээр түүний өнөөдрийн амжилтын түүх эхэлсэн тухай тэрбээр дурссан нь бий. Аавын эрх, бас аравдугаар анги хүртлээ аавынхаа өврөөс гараагүй тэр л бага Гүндгээ өдгөө Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат та­мирчин, Олимпийн мөнгөн ме­дальт гэсэн олон алдар цолыг нэрийнхээ өмнө дуудуулж буй. Дээр нь түүний Бээжингийн олимпоос гардсан мөнгөн ме­далийг монголчууд битгий хэл дэлхий нийт алтын дайтай гэдгээр нь бахархдаг.

Ер бусын тэсвэр тэвчээр, зориг зүрх, холын хараа, холч бодол гээд ялалтын ард улам бүр чангарч байх ёстой хүний мөн чанар түүнд цогцоороо байдаг тухай буудлагын спортынхон өгүүлэх нь бий. Тиймээс ч тэр өнөөдрийг хүртэл шилдэг нь байсаар л ирсэн нь мэдээж. Аав нь “Бүргэд тэнгэртээ жар­галтай” хэмээн өөрийн Монголд хөгжүүлсэн шүхрийн спортоороо бахархсан шиг О.Гүндэгмаа нэ­гэнтээ “Амжилтад хүний хүч оршдог” хэмээн хэлсэн нь бий.

Үнэхээр ч О.Гүндэгмаагийн ам­жилт түүний хүч чадлын илэр­хийлэл гэдэг нь тодорхой. Ийн хувь тамирчнаар нь бахархах ба­хархлын зэрэгцээ та бидэнд үлгэрлэх бас нэг гайхалтай чадвар түүнд бийг мартаж боломгүй. Энэ бол Монгол Улсын Хөдөлмөрийн баа­тар, гавьяат тамирчин Х.Цагаан­баатартай босгож буй шинэ амьд­ралынх нь түүх. Учир нь Х.Цагаан­баатарыг Бээжингийн олим­пийн дэвжээнээ ялагдал хү­лээх үед монголчууд бүгдээрээ түүнийг олимпийн хүрэл медалийг Монголд авчирсан гэдгийг нь мартчихсан юм. Хүлээж байсан амжилт, хүлээлгэж байсан үүрэг хариуцлагаа нэхсэнээс бус хувь хүнийх нь сэтгэл зүйг, өнгөрсөн хугацааных нь амжилтыг эгээтэй л нулимж орхиогүй. Зарим үед яагаад ч юм О.Гүндэгмаа түүний дэргэд байсан учраас л өнөөдөр Х.Цагаанбаатар дэлхийн хамгийн шилдэг жүдочин болж, оролцсон тэмцээн бүрийнхээ аваргын цомыг гардаж байгаа гэж санагдах нь бий. Тэр их увайгүйтлийн ард тамирчин хүний хор шарыг бадраах дэмжигч, урмыг нь зоригжуулах хүч, зоригийг нь бадраах бүсгүй хүн л байхгүй бол яах байсан бол. Энэ бол сонирхолтой сэдэв. Цааш нь улам бүр төнхвөл шүү дээ. Ямартай ч өдгөө Монгол Улсын цорын ганц Хөдөлмөрийн баатар гэр бүл бол тэднийх. Тэд Ц.Ховор-Эрдэнэ хэмээх хөөрхөн хүүтэй болсон. Х.Цагаанбаатар ч тэр, О.Гүндэгмаа ч тэр хоёулаа гайхалтай тамирчид. Энэ хоёр том амжилтын нэг гол багана нь болох О.Гүндэгмаа өнгөрсөн жил “Яагаад ч юм заримдаа гэртээ байгаа эмэгтэйчүүдийг харахаар гоё байдаг. Хүүхдээ асраад л, хоол ундыг нь хийгээд л, хувцас хунар оёж өгдөг эзэгтэй нар гоё шүү дээ…Тийм болоод ч тэрүү би сайхан юм оёдог, сайхан хоол хийдэг болчих юмсан гэж хичээдэг” хэмээн ярьж байсан нь бий. Үнэхээр л энэ бүхэн жирийн сайхан амьдрал дунд жирийн юм шиг хэрнээ үнэ цэнэтэй амьдрахыг хүссэн мянга, мянган эмэгтэйн хүсэл мөрөөдөл. Нэг л өдөр…гээд л.

Гэсэн ч энэ эрхэм хүслийнхээ дэргэд тэрбээр их спортын ам­жилтаа бататгахаар бэлтгэл сур­гуулиа хийж эхэлсэн байгаа. Ээж, эхнэр, эгч, шилдэг тамирчин…бас дэлхийн тачаангуй бүсгүй. Гоё сонсогдож байгаа биз. Өөрийнх нь “Эмэгтэй хүн чинь ямар гоё юм бэ. Бас эмэгтэй хүн ямар их юм хэрэглэдэг юм бэ гэж дуу алддаг” хэмээн хэлсэн шиг түүнийг хараад ийн дуу алдах эрчүүд олон байх болтугай. Бүсгүй хүний гоо сайхныг магтсаных нь төлөө тэднийг “яллах” хэрэггүй биз ээ. Ямартай ч түүний тухай энэ мэдээлэл өөрт минь гоё санагдсан шиг өрөөлд ч бас бахархах сэтгэл төрүүлээсэй гэж хүсье. Түүний амжилтын араас замнаж буй мянга, мянган охид ч ийм л алдрыг  хүртэж яваг ээ. Гол нь тачаангүй гэдэг үг нь тайлбарлашгүй муухай биш гэдгийг ойлгоосой. Энэ бол ховорхон байх гоо сайхны хэмжүүр юм.

Г.ОТГОНЖАРГАЛ

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж