
Зарим эмч байгууллагуудад очиж донор элсүүлэн, цус цуглуулахаар явжээ. Тус төвд жилд арав гаруй мянган донор цус өгдөг гэх судалгаа байдаг аж. Нийслэлд өдөрт 120-150 донор цус “бэлэглэвэл” цусны хэрэгцээг хангах боломжтой гэсэн тооцоо байдаг аж. Урьд нь Цус сэлбэлт судлалын үндэсний төвд дунджаар 100 гаруй хүн цусаа өгдөг байжээ. Харин өнгөрсөн долоо хоногоос эхлэн өдөрт дөрөв, таван иргэн тус төвд ханддаг болжээ.
Н.Янжиндулам: ЭМНЭЛГҮҮДИЙН ЗАХИАЛГЫГ ГАРГАХ БОЛОМЖГҮЙ
Байгууллагаас донор элсүүлэхээр явсан эмч нар өчигдөр өдрийн 13.00 цагийн орчимд ганзага хоосон ирлээ. Тэр үед тус төвд дөрвөн хүн л цус өгсөн байлаа. Донор элсүүлэх, цус цуглуулах тасгийн их эмч Н.Янжиндуламаас дараах тодруулгыг авлаа.
-Та ямар байгууллагад очсон бэ?
-Бид Төмөр замын нэгдсэн эмнэлэгт очсон боловч нэг ч донор олсонгүй.
-Урьд нь хоосон ирэх тохиолдол байв уу?
-Төлөвлөгөөгөөрөө яваад л цусаа авдаг байсан. Ийм тохиолдол байгаагүй. Жирийн үед өдийд төв дээр 20-30 донор, байгууллагуудаас 60-аас доошгүй донор цус өгдөг байлаа. Бид өөрсдийн хэмжээнд ДОХ-той донорын талаар гарсан ташаа мэдээллийг залруулж байна.
-Эмнэлгүүдийн захиалга хэр байна вэ?
-Захиалгат бүтээгдэхүүн гэдэг бол эмнэлгүүдийн захиалгыг тухайн өдөрт нь бэлтгэхийг хэлдэг. Одоогийн байдлаар эмнэлгүүдийн захиалгыг гаргах ямар ч боломж алга. Цус цуглуулах цагаа уртасгаад доноруудаа дуудаад ч захиалгаа нөхөж чадахгүй байна.
-Танайд хэдэн донор бүртгэлтэй байдаг вэ?
-65 мянган донор бүртгэлтэй ч энэ тоогоороо цус өгдөггүй.
-Өмнө нь ингэж хомсдолд орж байсан уу?
-Гахайн ханиадны халдварын үеэр хомсдолд орж байсан. Гэхдээ энэ удаад донор, өвчтөнүүдийг цочроосон үйл явдал боллоо.
-Амьдралын түвшин доогуур хүмүүс донор болдог гэх юм. Энэ үнэн үү?
-Өөрийгөө эрүүл гэж бодож байгаа хүмүүс сайн дураараа бусдад туслах гэж цусаа өгдөг. Түүнээс аяга цай, шоколадны төлөө цусаа өгдөг хүн байхгүй.
-Донорууд байнгын хяналтад байдаг уу?
-Тусгайлсан хяналт байхгүй. Харин цусыг нь авах бүрт шинжилгээ хийдэг.
Д.Улаанхүү: ТЭР ХҮН ХДХВ-ЫН ХАЛДВАР ТАРААСАН БОЛ БИ ШОРОНД ОРОХОД БЭЛЭН
Цус сэлбэлт судлалын төвийн захирал Д.Улаанхүүг өчигдөр УИХ-ын гишүүд дуудаж “байцаажээ”. Тэрбээр “Халдаагаагүй. Оношилсон нь үнэн гэж хариуллаа” гэсээр яриагаа эхэлсэн юм.
-Та цусны сэлбэлт хариуцдаг байгууллага удирддагийн хувьд доноргүй болох эрсдэлээс яаж гаръя гэж төлөвлөж байна вэ?
-Сэтгүүлчдээс л тусламж авмаар байна. Би “Цусаа бэлэглээч” гэж хэвлэл, мэдээллээр уриалбал хүмүүс хүлээж авах нь юу л бол. Миний буруугаас ДОХ тархсан гэж бодож байгаа иргэд үгийг минь хүлээж авахгүй нь тодорхой. Харин хөндлөнгийн хүмүүс цусны албанд доголдол бий болж байгааг ойлгуулахад туслаач гэмээр байна. Би ингэж уриалахаас өөр яах вэ дээ.
-Цусны нөөц байгаа юу?
-Гурав хоногийн л нөөц байна. Өнөөдөр (өчигдөр)-ийн байдлаар 890 нэгж цус байна. Уг нь 1500 гаруй нэгж цусны нөөцтэй байх учиртай. Өдөрт 80 гаруй хүн цусаа өгвөл болоод байдаг юм. Доноруудын цуснаас 11 бүтээгдэхүүн гардаг. Хадгалах боломжтойг нь нөөцөлдөг.
-Эмнэлгүүдийн захиалга хойшлуулсан байгаа гэдэг үнэн үү?
-Цусны бүлгийн хамаарал алдагдах аюулд орох гээд байна. Говьсүмбэр аймагт өчигдөр (уржигдар) нэг эх цус алдаад IV бүлгийн сийвэн авлаа.
-Одоогийн байдлаар дөрвөн хүн л цусаа өгсөн юм уу?
-Байдал ийм л байна. Манайхан байгууллагуудаас донор элсүүлэх гээд явсан.
-Тэдэнд нэг ч хүн цус өгөөгүй гэж байна?
-Одоо яах вэ. Ийм байдалд л ажиллаж байна.
-Эрүүл мэндийн яам, танай байгууллага ДОХ-той донорын талаар нуучихаад ил болсны дараа ингэж зовлон тоочих нь утгагүй юм биш үү?
-Манай байгууллага өнгөрсөн наймдугаар сарын 25-нд тэр хүнийг оношилсон. ХДХВ-ын халдвар мөн эсэхийг хэд хоног шинжилнэ. Өмнө нь өгсөн цусыг нь шинжиллээ. Дараа нь цусыг нь сэлбэсэн өвчтөнүүдэд шинжилгээ хийгээд халдвар аваагүйг нь тогтоолоо. Энэ мэт шинжилгээний хариуг яаманд мэдэгдээд цааш нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд мэдэгдэх хүртэл хоёр сар болчихож. Нуусан зүйл ерөөсөө байхгүй. Нэг хүн ХДХВ-ын халдвар авсныг нийтэд мэдээлэхгүй. Харин 80 дахь тохиолдол гарлаа гэдгийг зарласан. Хэрвээ тэр донор халдвар тараасан бол өдийд би энд суухгүй, Засгийн газар ч огцрох байлаа. Гэтэл оношилсны буруу юм шиг буруу сенсааци тараах юм.
-ХДХВ-ын халдвартай донорт наймдугаар сарын 25-наас өмнө хэзээ шинжилгээ хийсэн юм бэ?
-Нэг, гурав, тав, зургадугаар саруудад шинжилгээ хийсэн.
-Хүн хоёроос гурван сард нэг удаа цусаа өгдөг. Гэтэл тэр донор сар бүр цус өгсөн хэрэг үү?
-Плазм дөрвөн удаа, цусаа хоёр удаа өгсөн. Бүх дээжийг шинжилгээнд оруулдаг. Вирусын халдварыг ямар ч үед оношилдог нүхлийн хүчлийн аргаар шинжилдэг. Өчигдөр халдвар авсан бол өнөөдөр нүхлийн хүчлийн аргаар илрүүлж болдог. Тийм учраас донор цонх үедээ өвчин нь мэдэгдэхгүй байсан гэх ойлголт байхгүй.
-Өвчтөнүүд цус хийлгэхгүй гэж болгоомжилж байна. ХДХВ-ын халдвар тээгч хэддүгээр бүлгийн цустайг зарлаж болохгүй юу?
-Тэр хүний цусыг устгасан гээд байхад хэддүгээр бүлгийн цустай нь хэнд хамаатай юм.
-Тэр хүний цусыг яг хэдэн хүнд сэлбэсэн бэ?
-Халдвар авснаас хойшхи цусыг нь устгасан. Халдвар аваагүй байх үеийнх нь цусыг хэдэн хүнд юүлсэн нь ямар ч хамаагүй.
-Нэгэнт ДОХ-той донор байсан нь үнэн. Бас эмнэлгүүд цусны хомсдолд орлоо. Энэ бүхний хариуцлагыг хэн хүлээх вэ?
-Тэр хүн нэг л хүнд ХДХВ-ын халдвар тараасан бол би шоронд ороход бэлэн.
-МИ-8 нисдэг тэрэг осолдоход танай төв цусны нөөцгүй гэсэн мэдээлэл гарч байсан. Түүнээс хойш ингэж хомсдолд орж байв уу?
-МИ-8 осолдоход, 2008 оны долдугаар сарын 1-ны үймээний үеэр хомсдолд орж байсан. Гэхдээ одоогийнх шиг байдалд орж байсан үе байхгүй.
-Цусны нөөцгүй болбол гадаадаас захиалж авах боломж бий юү?
-Буурай орнуудад гамшиг тохиолдсон үед гадаадаас тоног төхөөрөмжийн тусламж авахаас өөр аргагүй. Харин ийм тохиолдолд гадаадаас донор авна гэсэн ойлголт байхгүй.
-Та өөрөө донор мөн үү?
-Би 75 удаа цус өгсөн хүндэт донор. Хамгийн сүүлд энэ сарын 5-нд цус өглөө.
“БИ Л ДОХ-ГҮЙ БОЛ БОЛЛОО”
Биднийг Цус сэлбэлт судлалын үндэсний төвд байхад цусаа өгөхөөр ирж байгаа хүн ер харагдахгүй байв. Харин ЭМШУИС-ийн оюутнууд гудамжинд гарч бусдыг уриалсны дараа 14.00 цагийн орчимд хэсэг оюутан орж ирлээ. Гэвч тэд шөнөжин хичээл давтсан учраас цусаа өгөх боломжгүйг эмч зөвлөөд гаргав. Тэднийг гарсны дараа нэг донор ирсэн нь О.Галдөл. Тэрбээр “Манай эмээ донор. Эмч нар эмээг маань утсаар дуудсан байна лээ. Эмээ ирэх боломжгүй учраас би ирлээ. Би өмнө нь нэг удаа цусаа өгч байсан. ДОХ-ын халдвар тээгч донорын талаар сонссон. Үүнээс айх юм алга. Би л ДОХ-гүй бол боллоо. Аюулгүй гэж итгэж байгаа” гэсэн юм.
Н.Хүрэлбаатар: ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ДОГОЛДЛОО
Доноргүй болсон гэх мэдээ Эрүүл мэндийн яаманд ч асуудал болжээ. Эрүүл мэндийн яамнаас доноруудад хандсан уриалгыг амралтын өдрүүдэд гаргасан аж. Энэ талаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатар “Цус, цусан бүтээгдэхүүн дутагдах аюулд орлоо. Яаралтай тусламжийн үйл ажиллагаа доголдоод эхэллээ. Тиймээс донорууддаа эрүүл мэндийг хамгаалах үйлст тус болооч гэсэн уриалга гаргалаа. Цусаа өгч байгаа хүнд ямар ч аюул байхгүй. Бусдад буян болж байгаа л гэсэн үг. Мөн ДОХ-ын халдвар тээгчийн цусыг нэг ч хүнд сэлбээгүй учраас өвчтөнүүдэд аюулгүй гэж ярьж байна.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭРЗохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин