Испанийн Ла лигийг тэргүүлж буй “Барселона” клуб 2010-11 оны улирал өндөрлөсний дараа буюу долдугаар сараас эхлэн багийн өмсгөлийн урд талд байрлах UNICEF-ийн логог халах болсноо албан ёсоор мэдэгдлээ. Харин оронд нь тэд Катарын шинэ спонсорынхоо логог байрлуулах болсон байна. Испанийн аварга багийн хувьд өмсгөлөө “худалдаагүй” дэлхийн хөлбөмбөгийн ертөнц дэх цөөн хэдэн багуудын нэг байсан билээ. Тэдний өмсгөл дээр UNICEF-ийн байрлаж, улмаар “Барса” жил бүр НҮБ-ын Хүүхдийн санд 1,5 сая евро өгдөг байсан юм. Гэхдээ өнгөрсөн сард тэд Катарын спортын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулж, нэг улиралд л 30 сая еврогоор үнэлэгдэх таван жилийн хугацаатай гэрээг үзэглэсэн. Ингэснээр долдугаар сарын 1-нээс эхлэн “Барса” клубын өмсгөлийн урд хэсэгт “Qatar Foundation” гэх лого байрлах болж байна. Гэхдээ UNICEF-ийн лого бүрмөсөн алга болохгүй, нуруу хэсэгт буюу тамирчны нэрийн дор байрлах ажээ.
С.Цэлмэг