М.Платини гоолын шугамын технологийн эсрэг байна

Хуучирсан мэдээ: 2010.10.26-нд нийтлэгдсэн

М.Платини гоолын шугамын технологийн эсрэг байна

UEFA буюу Европын хөлбөмбөгийн холбооны тэргүүн Мишель Платини гоолын шугамд мэдрэгч байрлуулах технологийг хөлбөмбөгийн спортод байх ёсгүй зүйл хэмээн мэдэгджээ. Ингэснээр дэлхийд хамгийн олон сая үзэгч, хөгжөөн дэмжигчтэй хөлбөмбөгийн спорт “PlayStation-гийн тоглоомон хөлбөмбөг болж хувирна” гэсэн байна.

Сүүлийн үед, ялангуяа Өмнөд Африкт болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараачаас эхлэн ихээр хөндөгдөх болсон гоолын шугамд мэдрэгч байрлуулах системийг FIFA-гаас ойрын хугацаанд туршиж үзэхээр төлөвлөж байгаа юм. Харин Европын хөлбөмбөгийн холбооны тэргүүн үүний эсрэг байр суурьтай байгаа аж.

Шотландын Глазго хотноо хийсэн айлчлалын үеэр сэтгүүлчид Мишель Платинигаас гоолын шугамын технологийг ашиглах боломжтой эсэх талаар асуухад тэрбээр “Тэгвэл ядах юмгүй, бид PlayStation-ы хөлбөмбөгтэй л болно шүү дээ” хэмээн хариулжээ.

1980-аад оны үед оргил амжилтаа гаргаж, хөлбөмбөгийн ногоон талбайд гялалзаж явсан Платинигийн хувьд асуудлыг шийдэх гарц нь талбайд одоогийнхоос олон шүүгчийг ажиллуулах явдал гэнэ. Дашрамд сануулахад, энэ улирлын Аваргуудын лигийн тоглолтод нэмэлт хоёр шүүгч талбайд ажиллах болсон билээ. Платини “Шүүгч нарын ажилд багууд, хөгжөөн дэмжигчид, тоглогчид, хэвлэлийнхэн болоод зохион байгуулагчдын зүгээс дэмжлэг үзүүлэх ёстой. Ийм ч учраас Аваргуудын лигийн тоглолтод нэмэлт хоёр шүүгчийг ажиллуулах болсон. Нэг шүүгч гэдэг хангалтгүй. Ялангуяа 20 камер зоочихсон орчин цагт бол бүр ч үгүй” гэсэн байна. Мөн тэрбээр “Телевизийн камер бүгдийг харна. Гэтэл шүүгч хоёрхон нүдтэй. Шүүгчийг ямар нэг алдаа гаргах бүрт тэдгээр камерууд шүүгчийг хянаж, давтан гаргаж эхэлдэг. Энэ бол шударга бус. Тиймээс ч сүүлийн 10 жилийн турш шүүгчийн ажлыг өөрчлөх талаар би үргэлж ярьсаар ирсэн” хэмээжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж