Туршлагаасаа хуваалцахыг хүсэв

Хуучирсан мэдээ: 2011.02.10-нд нийтлэгдсэн

Туршлагаасаа хуваалцахыг хүсэв

НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллагын /ЮНИДО/ ерөнхий захирал Кандэ К.Юмкелла тус байгууллагын боловсруулсан “Монгол Улсын Аж үйлдвэрийн бодлогын стратегийн чиглэлүүд” хэмээх судалгааг энэ сарын 8-нд Монгол Улсын Засгийн газарт албан ёсоор гардуулах ёслол болов.

Монгол Улсын Засгийн газраас аж үйлдвэрийн салбар, цаашдын хөгжлийн чиг хандлага, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодорхой судалгаа хийж өгөхийг 2009 онд хүссэний дагуу ЮНИДО манай холбогдох төр болон хувийн хэвшлийнхэн, эрдэмтэд судлаачид хийгээд олон улсын мэргэжилтнүүдийн уулзалт ярилцлага  зохион байгуулж, Монгол Улсын эдийн засагт онцлох байр эзлэх салбарууд болох эрдэс баялаг, ноос ноолуур, сүлжмэл эдлэл, мах боловсруулах салбарыг нарийвчлан судалсны үндсэн дээр энэхүү судалгааг гаргасан байна. Мөн судалгаанд Монгол Улсын үйлдвэрлэлийн салбарын өнөөгийн байдал, эдийн засагт оруулж буй хувь нэмэр, хөгжлийн төлөвийг тусгажээ.

ЮНИДО-гийн Ерөнхий захирал Кандэ К.Юмкелла судалгааг Элчин сайд Ж.Энхсайханд гардуулж өгөхдөө Монгол Улс нь хөгжлийн үе шатныхаа шийдвэрлэх үед ирж буй бөгөөд урт хугацааны тогтвортой эдийн засгийн өсөлтийг хангахад стратегийн шийдвэр, зөв мэргэн шийдлүүд чухал юм. Монгол Улсын Засгийн газраас аж үйлдвэрийн хөтөлбөр боловсруулах  асуудалд ихээхэн ач холбогдол өгч, энэ хүрээнд аж үйлдвэрийн хэд хэдэн том төсөл хэрэгжүүлэх зорилт тавьж байна. Эдгээр зорилт, зорилгодоо хүрэхэд олон сорилтыг даван туулах болох бөгөөд чингэхэд аж үйлдвэржүүлэх зөв бодлого чухал үүрэг гүйцэтгэнэ. Монгол Улсыг тэрхүү зорилгодоо хүрэхэд нь ЮНИДО хамтран ажиллах болно гэж тэрээр цохон тэмдэглэжээ. 

Судалгааг гаргаж өгсөн явдалд элчин сайд талархал илэрхийлээд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын илгээлтийг уншиж гардуулав. Уг илгээлтэд тус судалгаа нь Монгол Улсын аж үйлдвэржүүлэх бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал дэмжлэг үзүүлэх учиртай бөгөөд байгалын баялаг, мал аж ахуйн нөөц бололцоогоо нэн үр өгөөжтэй ашиглаж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргах аж үйлдвэрийн хэд хэдэн тодорхой салбарыг Монгол Улсад хөгжүүлэхэд дөхөм болох юм гэсэн байна. Элчин сайд өөрийн санаа бодлыг нэмэрлэхдээ аж үйлдвэржүүлэх бодлого нь тодорхой үр дүнгээ өгөх учиртайг тэмдэглээд тухайлбал Монгол улсын экспортын махны үнэ наанадаж 4 дахин нэмэгдэн дэлхийн дундаж үнэд хүрвэл манай бодлого бодитой хэрэгжлээ гэж үзэх үндэстэй болно гэжээ.

Уулзалтын үеэр Ерөнхий захирал, элчин сайд хоёр судалгаанд тусгагдсан санал зөвлөмжүүдийг цаг алдалгүй хэрэгжүүлэх тодорхой ажлын талаар санал бодлоо солилцов. Байгалийн нөөц баялгаа зөв зохистой ашиглах замаар үйлдвэржүүлэх бодлогыг ЮНИДО-той хамтран боловсруулж байгаа хөгжиж буй анхны улс орны хувьд Монгол Улс хэрэгжүүлэхээр төлөвлөж буй болон хэрэгжүүлж буй туршлагаасаа хөгжиж буй бусад улс оронтой хуваалцахыг ерөнхий захирал санал болгож, тухайлбал энэ оны зургадугаар сарын 22-24-нд Венад болох Үйлдвэр хөгжлийн зөвлөлийн хурлын үеэр Монголын туршлагыг ярилцах тусгай арга хэмжээ зохион байгуулж болохыг тэмдэглэсэн байна. 

Тодорхой улс ороныг  үйлдвэржүүлэх бодлогын асуудлаар ЮНИДО урьд өмнө тусгайлан судалгаа гаргаж байгаагүй бөгөөд энэ чиглэлээр хамтарч ажиллаж байгаа анхны улс нь Монгол Улс болж байгаа ажээ.  Хоёр дахь судалгааг Гана улстай хамтарч хийхээр төлөвлөж байгаа юм байна.

“Монгол Улсын Аж үйлдвэрийн бодлогын стратегийн чиглэлүүд” судалгааг http://www.unido.org/index.php?id=1001436 хаягаар орж танилцах боломжтой хэмээн Гадаад харилцааны яамнаас дамжууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж