Нүхэн гарцыг засч байна

Хуучирсан мэдээ: 2010.10.26-нд нийтлэгдсэн

Нүхэн гарцыг засч байна

Энхтайваны  өргөн чөлөөн дэх  Ионсей эмнэлгийн дэргэдэх замын нүхэн гарцад өчигдрөөс “Хотын зам” ХХК –ы ажилчид засварын ажил хийж байна.  Тэд нүхэн гарцад байх өрөөнүүдэд агааржуулалтын хоолой хийхээр  хана таазанд өрөмдлөг хийж байгаа аж.  Агааржуулах хоолойг гадагш гаргахын тулд дээрээс өрөмдлөг хийж байгаа нь  тэнд зорчиж байгаа иргэдийг багагүй бухимдуулж сандаргаж байгаа нь харагдаж байлаа. 

Энэ талаар тус компаний нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалжаас тодруулав.

-Багшийн дээдийн өмнөх нүхэн гарцад нэмэлт ажил хийж байгаа юм уу? Ямар ямар ажил хийх юм бол?

-Тийм. Нүхэн гарцад нэмж ариун цэврийн өрөө, агааржуулагч, халаалтын асуудлыг шийдэхээр ажиллаж байна. Дулааны шугам оруулах боломжгүй тул халаалтыг шийдэхийн тулд  цахилгаан халаагуур ашиглана.

-Нүхэн гарцыг анх хийхдээ эдгээр нэмэлт ажлуудыг шийдээгүй байсан юм уу?

-Өмнөх зураг төсөлд нь  энэ талаар дурьдалгүй  батлагдсан тул Улсын комисст хүлээлгэн өгөх үеэр нэмэлт ажил төлөвлөсөн байсан. Төлөвлөсөн ажлын санхүүжилт орж ирсэний дагуу ажиллаж байна.

-Таазнаас өрөмдлөг хийх, тоос шороо унах зэрэгт иргэд ихэд бухимдаж байгаа нь харагдаж байсан.  Аюулгүй ажиллагааг хэр хангасан бэ?

-Аюулгүй ажиллагааг хангасан. Бид өрөмдлөгийн үеэр иргэдийг зорчуулахгүй байгаа гэлээ.

Гэвч  түүний хэлсэн шиг өрөмдлөг хийж байхдаа иргэдийг зорчуулахгүй байгаа итгэхгүй бол очоод хар гэж ууртай хэлж байгаа ч иргэд уг замаар явахаас өөр аргагүй байна. Учир нь  авто замын хөдөлгөөн их байгаагаас гадна Замын цагдаа нарын явган зорчигчийг торгох арга хэмжээ уг зам дээр идэвхитэй өрнөж байгаа тул иргэд нүхэн гарцаар явахаас өөр замгүй билээ.

Иймд Нийслэлийн Автозамын газрын дарга Д.Одтой утсаар холбогдож нэмэлт мэдээлэл авсан юм.

-Багшийн дээдийн өмнөх нүхэн гарцад нэмэлт ажил хийж эхэлсэн байна. Энэ талаар тодруулаач?

-Өнгөрсөн онд“Хотын зам” ХХК уг нүхэн гарцыг хүлээлгэн өгсөн.  Тухайн үед цэвэр бохирын шугам холбох боломжгүй хэт нам дор газар байсан тул шийдэж чадалгүй ашиглалтад оруулсан.  Сүхбаатар дүүргийн мэргэжлийн хяналтын газраас гаргасан хүсэлтийн дагуу Багшийн дээдийн автобусны буудлын ард байрлах үйлчилгээний олон цэгийг тэнд байрлуулах болсон. Иймд нийслэлийн төсвөөс 91 сая төгрөгийн нэмэлт санхүүжилт гарган уг агааржуулагч, цэвэр, бохирын асуудлыг шийдвэрлэхээр  гүйцэтгэгч компани ажлаа эхлүүлсэн байгаа.

-Агааржуулалтыг оруу­лахын тулд  таазны хэсгээс өрөмдлөг хийж байсан. Энэ нь аюулгүй байж чадах уу?

-Гүйцэтгэгч компани зураг төслийн дагуу аюулгүй ажиллагааг хангасан нэмэлт ажлуудыг хийж байгаа. Тэгээд ч иргэдийн  зорчих хэсэгт өрөмдлөг хийгээгүй.

-Засварын ажлыг хэд хоногт багтаах вэ?

-10 гаруй хоногт багтаахаар төлөвсөн.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж