ТӨХ зөвхөн хувьчлал хийдэг байгууллага биш

Хуучирсан мэдээ: 2010.10.26-нд нийтлэгдсэн

ТӨХ зөвхөн хувьчлал хийдэг байгууллага биш

Зах зээлийн нийгэмд шилжих шилжилтийн үед байгуулагдсан Төрийн өмчийн хороо хэмээх агентлан эдүгээ үүргээ гүйцэтгэсэн, цаашид татан буугдах ёстой гэсэн байр суурь байдаг. Нөгөө талаас зах Концессийн хууль гэх мэт төр хувийн хэвшилийн хамтын оролцоог хангах гол байгууллага нь энэхүү агентлаг гэдэг. Шийдлээ хүлээж байгаа энэ мэт  болон бусад асуудлаар Төрийн өмчийн хорооны дэд дарга О.Эрдэнэбулганаас тодрууллаа.

-Төрийн өмчийн хороо Монголын хөрөнгийн биржийн менежментийн багийгшалгаруулах сонгон шалгаруулалт зарласан ч ялагч тодорсонгүй. Тэгэхээр Хөрөнгийн биржийн удирдлагыг гадаадын багт өгөх шийвэр хэвээрээ байгаа юу?

-Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сайжруулах, техник технологи, хүний нөөцийг бэхжүүлэх үүднээс Төрийн өмчийн хороо олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарласан юм. Үүнд 11 баг оролцсоноос хоёрдугаар шатанд Өмнөд Солонгосын хөрөнгийн бирж болон NASDAQ, MOSDAQ-ын хамтарсан консорциум шалгарч үлдсэн. Үнэлгээний хороо тэдний материал, бизнес төлөвлөгөөг судалж үзэхэд бидний тавьж буй шалгуурыг хангахуйц ялагч орсонгүй.Учир нь Монголын талаас хүсч байсан санал санаачлагад нийцсэн бүрэн дүүрэн хангалттай материал байгаагүй. Гэхдээ мэдээж хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сайжруулах нь бидний амин чухал ажил учраас бусад хөрөнгийн биржүүдтэй яриа хэлэлцээ хийж байна.

-Лондонгийн Хөрөнгийн биржээс Монголын Хөрөнгийн биржид бүх талын туслалцаа дэмжлэг үзүүлж хамтарч ажиллах тухай санал тавьсан гэсэн?

-Лононгийн хөрөнгийн биржээс бидний хүсч байсан тааламжтай саналыг тавьсан. Тиймээс бид тэдэнтэй яриа хэлэлцээ хийж байна. Одоогийн байдлаар Лондонгийн хөрөнгийн биржийн судалгааны баг Монголд ирж судалгааны ажил хийж байна.

-Ер нь Монголын хөрөнгийн биржийг гадаадын багт өгснөөр ямар үр дүн гарна гэж үзэж байна вэ?

-Бидний зорилго бол Монголын хөрөнгийн биржийг гурван жилийн дараа гэхэд “мини Лондон”, эсвэл “мини Хонконг” болгох. Техник технологийн хувьд ч, мэргэжилтэй боловсон хүчний хувьд ч дэлхийн хөгжилтэй биржүүдтэй эн тэнцэхүйц бирж бий болгох нь бидний зорилт.  УИХ, Засгийн газраас өгсөн чиг үүргийн дагуу стратегийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах үйл ажиллагааны хүрээнд ордуудын хувьцааг дотоодын болон гадаадын хөрөнгийн бирж дээр гаргах бэлтгэл ажлыг Төрийн өмчийн хороо хийж байгаа бөгөөд энэ  ажлын хүрээнд Хонконгийн болон Лондонгийн хөрөнгийн биржтэй хэлэлцээ хийж байна. Хувьцааг гаргахдаа давхар бүртгэлтэй байхаар бэлтгэж ажлыг гүйцэтэж байна.

-“Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал болон тус орд дээр ажиллах оператор компанийг сонгон шалгаруулах тендер зарласан. Сонгон шалгаруулалтын эцсийн дүн хэзээ гарах вэ?

-Засгийн газар  “Эрдэнэс Тавантолгой” компани байгуулах шийдвэр гаргасан. Төрийн өмчийн хороо “Эрдэнэс МГЛ” компанитай хамтраад “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендер зарласан байгаа. Эцсийн шалгаруулалтад гурван хүн үлдсэн, дүнг удахгүй гаргах болно. Мөн оператор компанийг сонгон шалгаруулах тендерт  гурван компани үлдсэний хоёр нь Австралийнх, нэг нь Германы компани байгаа. Үнэлгээний комисс ажиллаж байна.

-Дараагийн нэг асуудал бол Хөгжлийн банк буюу хөрөнгө оруулалтын банк байгуулах шийдвэр. Шийдвэр нэгэнт гарсан.  Ер нь манайд Хөгжлийн банк байгуулах ямар хэрэгцээ, шаардлага байгаа юм бэ, Төрийнх гэхээр л чанаргүй зээл, ашиггүй ажиллах байдал үүсч болзошгүй гэх болгоомжлол байна?

-Хөгжлийн банк байгуулах шийдвэрийг эрх бүхий байгууллага гаргасан. Сайн ажиллаж байгаа ийм төрлийн банкууд  байна, жишээлбэл, Япон, Өмнөд Солонгосын сайн ажиллаж байгаа төрийн өмчийн хөгжлийн банкууд байна. Гэхдээ төрийн банкны нэрээр чанаргүй зээл олгох вий гэх мэт болгоомжлол байхыг үгүйсгэхгүй. Тиймдээ ч удирдлагыг хараат бус байлгах зорилгоор Хөгжлийн банкийг гадаадын багаар удирдуулахаар сонгон шалгаруулалт зарласан. Хөгжлийн банкны Ттөлөөлөн удирдах зөвлөлийг байгуулсан. Банк санхүү, энэ чиглэлээр ажиллаж байсан туршлагатай хүмүүс ТУЗ-д багтсан байгаа, даргаар нь Үндэсний шинэтгэл хөгжлийн хорооны дарга Ч.Хашчулуун ажиллаж байгаа.

-Хөрөнгө оруулалтын банкуудын сайн муу жишээ дэлхий нийтэд бий. Монголчуудын хувьд муу жишээгээр явахгүй байхын тулд Хөрөнгө оруулалтын банкийг байгуулахад юунд голчлон анхаарал хандуулах вэ?

-Компанийн засаглалыг сайн байлгах, ил тод нээлттэй зарчмыг баримтлах болно.

-Төрийн өмчийн хорооны үндсэн гол ажил бол өмч хувьчлал байсан. Ерөнхийдөө өмч хувьчлалын ажил нугарч байгаа ч томоохон хэд хэдэн аж ахуйн нэгжийн хувьчлал үлдээд байгаа. Тиймээс ойрын хугацаанд ямар компаниудын өмчлөлийн асуудлыг шийдэх ёстой вэ?

-2010-2012 онд хувьчлах төрийн өмчийн аж ахуйн нэгжийг  жагсаалтыг УИХ  баталж гаргасны дагуу энэ онд хувьчлалыг явуулна. Томхон аж ахуйн нэгжээс дурдвал “Эрдэнэзам” компани, “Монголын цахилгаан холбоо” компанийн төрийн мэдлийн 57 хувийг хувьчилна. Одоогоор хөндлөнгийн аудитын байгууллагаар үнэлгээ хийлгэж байна. ТӨХ-ны татан буугдах тухайд хэлэхэд, энэ агентлаг бол зөвхөн төрийн өмчийг хувьчилдаг байгууллага биш. Өөр үүрэг функцтэй шүү дээ. Харин ч бидний ажил улам ихэсч байна.

-Өмч хувьчлалаас гадна, концессийн гэрээгээр хийж гүйцэтгэх ажлыг гардан хийх байгаа. Энэ тухайд …?

-Өмч хувьчлах арга олон янз байна шүү дээ. Нээлттэй, дуудлага худалдаагаар хувьчлах, менежментийн гэрээгээр хувьчлах гэх мэт. Харин концесс нь төр хувийн хэвшил яаж хамтарч ажиллаж болох вэ гэдэг бизнесийн нэг арга хэлбэр юм. Өнгөрсөн гуравдугаар сард УИХ-аар баталсан Концессийн тухай хуулийн дагуу төр, хувийн хэвшил концессоор хийгдэх үйл ажиллагааг төрийн өмчийн хороо хариуцах болсон. Мөн Төр хувийн хэвшил, түншлэл концессийн газар гэсэн байгууллага байгуулсан. Энэ дагуу ТӨХ төр, хувийн хэвшил түншлэл концессоор хийгдэх төслүүдийг Засгийн газраар эцэслэн  батлуулсан. 120 орчим төслийн жагсаалт гарлаа. Маш олон том том төслүүдийг концессийн гэрээний дагуу төр хувийн хэвшилтэй хамтарч хэрэгжүүлэх боломж  шинээр бий болж байгаа юм. Цаашид үүнтэй холбогдуулан дүрэм журам боловсруулна. Төрийн болон орон нутгийн байгууллага зэрэг оролцогчдод зориулсан сургалт зохион байгуулж байна. Мөн энэ чиглэлээр Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпорацитай хамтарч ажиллаж байна.

-Концессийн гэрээгээр хийгдэх ажлаас дурдвал…?

-Концессийн гэрээгээр Улсад хэрэгтэй байгаа дэд бүтцийн болон төслүүдийг хувийн хэвшлийнхэн санхүүжүүлж төртэй хамтарч ажиллах болохоор болсон. Тухайлбал, Улаанбаатар дахь дулаанцы V цахилгаан станц, Цахим оношлогоо эмчилгээний төв зэргийг хувийн хэвшлийн оролцоотойгоор бүтээн байгуулах боломжтой болж байна.

-Концесийн гэрээгээр хийж гүйцэтгэж, ажиглах боломжтой ажлуудын жагсаалтыг аж ахуйн нэгжүүд сонирхож байна, энэ мэдээллийг олон нийтэд яаж хүргэх вэ?

-Тун удахгүй бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр концессийн жагсаалтыг нийтэлж, нийтэд  ил тод мэдээлэх болно.

-Төрийн өмчит компаниуд хаалттай, мэдээлэл нь ил тод бус байдаг. Тиймдээ ч шахааны бизнес, тендер нэртэй луйвар байдаг тухай шүүмжлэлд өртдөг?

-Төрийн өмчийн хорооноос компанийн засаглалыг хөгжүүлж, бэхжүүлэх чиглэлээр нэлээд ажил хийж байна. Компанийн засаглал сайн хөгжсөн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа тэр хэрээрээ сайн байдаг. Бүх төрийн өмчийн аж ахуйн нэгжүүд санхүү, эдийн засгийн тайлан балансаа манай вэб сайт дээр тавьж байгаа. Мөн бараа худалдан авалт болон ирэх жилийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг нийтэд ил тод мэдээлж байгаа. Энэ нь аливаа хардлага сэрдлэгийг багасгаж, компаниуд нээлттэй ил тод байх боломжийг бий болгох юм. Төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн ТУЗ-ийн 1/3 ээс доошгүй гишүүдийг хараат бус гишүүдээр бүрдүүлэх болсон. Ихэнх ТУЗ 9-7 гишүүнтэй байдаг. Есөн гишүүний гурав нь иргэний байгууллагын төлөөлөл байх ёстой.  Мөн мэргэжлийн холбоо, олон нийтийн байгууллагуудаас бүрдсэн мэргэжил чадвар өндөртэй хүмүүсээс хараат бус гишүүнээ сонгох ёстой. Төрийн өмчийн хороо эдгээр хүмүүсийг шалгаруулж ажиллуулах юм.

-“Эрдэнэт”, “Улаанбаатар төмөр зам”, “МИАТ” гээд олны анхаарал татсан төрийн өмчийн компаниудын удирдлагын асуудлыг яаж шийдэж байгаа вэ. Тухайлбал, Төмөр зам дээр ийм асуудал үүсээд буй, удахгүй “Эрдэнэт”-ийн удирдлагыг ч солино гэх яриа гарах болсон?

-Өөр өөрсдийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдэх байх даа.

-Төрийн өмчит бүх компанийн худалдан авалтыг ТӨХ дангаараа шийдвэрлэж бүтэц бий болгоно гэсэн бас нэг яриа байгаа. Энэ талаар тухай?

-Энэ тухай УИХ-аар эцэслэн батлагдсан юм алга, одоогийн байдлаар яригдаж байгаа.

-Ярилцсанд баярлалаа

Б.БЯМБАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж