Бохир мөнгө Хөгжлийн банкинд хамаагүй

Хуучирсан мэдээ: 2011.02.10-нд нийтлэгдсэн

Бохир мөнгө Хөгжлийн банкинд хамаагүй

Ч.Хашчулуун: Бохир болон "Халуун" мөнгөний асуудал хөгжлийн банкинд хамаагүй

“Ярилцах танхим”-ын зочноор Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Ч.Хашчулууныг урьж ярилцлаа.

-Хөгжлийн банкны дүр­­мийн санг УИХ сая­хан баталсан. Харин цаа­шид санхүүжилтийн эх үүсвэрийг дандаа төсвөөс гаргаад байх боломжгүй. Ялангуяа зэсийн экспортын орлого зэрэг байгалийн баялгаа борлуулах замаар орж ирсэн их мөнгөнд түшиглэх нь “Голланд  өв­чин”-д нэрвэгдэх вий гэсэн болгоомжлол төрүүлж байна?

-Монголын зах зээлд гаднаас орж ирэх валютын урсгал болон иргэдийн гар дээр байгаа  төгрөгийн нөөц их хэмжээгээр нэмэгдэж байна. Зөвхөн валютын нөөц л гэхэд хямралын жи­лүүдийнхтэй харьцуулахад дөрөв дахин өссөн. Энэ нөөц бололцоог бид үр дүнтэйгээр ашиглах хэрэгтэй. Үүний тулд төслүүдийн санхүүжилт болгон хувиргах ёстой. Ингэж хувиргах эхний арга зам нь Хөгжлийн банк юм. Хөгжлийн банк нь үндсэндээ улс орны хэмжээний томоохон төслүүдийг санхүүжүүлэх үүрэгтэй байгууллага. Эх­ний ээлжинд төсвийн ор­логоос жил жилд тодорхой хэмжээгээр санхүүжихээс өөр аргагүй болж байна.

Мөн уул уурхайн салбарын орлогоос Тогтворжуулалтын сан болон “Хүний хөгжил” санд төвлөрч буй  мөнгийг Хөгжлийн банкны сан­хүүжилтэд оруулдаг байхаар эрх зүйн зохицуулалт хийсэн.  Хэдийгээр манайд газрын баялаг их байгаа ч хүмүүсийн гар дээр бэлэн бүтээгдэхүүн болгон тавих, баялгаа ашиглах хүртэл  ихээхэн хугацаа шаардлагатай. Өөрөөр хэлбэл Оюутолгой, Тавантолгой, Асгатын ордын нөөц ирээдүйд үр өгөөжөө өгөх нь тодорхой ч өнөөдрийн байдлаар яг ийм баялаг бүтээчихлээ гэж хэлэхэд  эрт байна. Энэ нөөц бололцоог ашиглахад  “Эрдэнэс МГЛ” компани зэрэг томоохон төслийг хэрэгжүүлэгчид, хөрөнгө оруу­лагчидтай хамтран ажил­лах нь чухал. Тиймээс “Эр­дэнэс МГЛ” компанийн захирал Б.Энэбиш Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаа нь ч энэхүү хамтын ажиллагаанд ихээхэн дөхөм болно. Мөн уул уурхайн баялгаар цаашид улс орноо авч явах бодлого боловсруулахад чухал оролцоотой гэж бодож байна.

-Та өмнө нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хөгжлийн банкинд сая сая ам.доллар хэрэгтэй” хэмээж байсан. Гэтэл УИХ эхний ээлжинд 16 тэрбум төгрөг баталж өглөө. Чамлалттай санагдаж байна уу?

-Үүнийг бага мөнгө гэж чамлаж болохгүй. Гэхдээ инфляци өндөр байгаа нөхцөлд бүтээн байгуулалтад зарцуулж байгаа хөрөнгө оруулалт гэдэг талаас нь аваад үзвэл тийм ч их хэмжээний мөнгө биш гэдэг нь үнэн. Өмнө нь эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжүүлсэн төслүүдийн хугацаа ерөнхийдөө дуусч байна.Шинээр эхлэх боломж хомс байгаа. Ойрын жи­лүүдэд “Хүний хөгжил” сан, Тогтворжуулалтын сан­гийн хөрөнгө эрчимтэй өсөх ханд­лага ажиглагдаж буй. Үүнийгээ үр өгөөжтэй ашиглах л чухал.

-Уг банкийг байгуулахаас эхлээд хамгийн түрүүнд Японы “JICA” олон улсын байгууллага сонирхож байсан. Тэдэнтэй одоо ямар харилцаа холбоотой байгаа вэ. Өөр ямар улс орноос хамтран ажиллах, хөрөнгө оруулах санал тавьсан бэ?

-Хөгжлийн банкийг байгуулахдаа олон улсын туршлагыг ихээхэн судалсан. Дэлхийн хэмжээнд 700 гаруй ийм байгууллага байдаг. Мэдээж тэдний дотор амжилттай, амжилтгүй янз бүрийн түүх бий. Ялангуяа Азийн орнуудын хувьд нэлээд амжилттай яваа жишээ олон  бий. Жишээ нь хамгийн түрүүнд Япон улс хөгжлийн банк байгуулан ажиллаж эхэлжээ. Дараа нь БНСУ хөгжлийн банкаа байгуулсан. Япон, Солонгосын жишээгээр Хятад, Сингапур улсууд хөгжлийн банкаа байгуулан, үйл ажиллагаа нь хэвийн сайн явж байна. Ерөнхий зарчмын хувьд бүгд ижил. Арилжааны банкуудтай өр­сөлд­дөггүй. Харин тэ­дэнтэй хамтарч ажилладаг. Манайх ч гэсэн  хамгийн амжилттай хэрэгжүүлж буй тэр л жишгийг дагах болно. Японы “JICA” байгууллагын хувьд хамтын  ажиллагаатай хэвээрээ байгаа. Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх чиглэлээр цаашид голлон ажиллахаар төлөвлөсөн. Бусад орны хөгжлийн банкуудыг яаж санхүүжүүлж, хэрхэн тооцоолол боловсруулдаг гээд бүх талаас нь судалж байгаа.  Зөвхөн “JICA” ч биш олон улсын нийт байгууллагууд, тэр тусмаа Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын хөгжлийн банктай 2009 оноос эхлэн санал бодлыг нь сонсон хамтран ажиллаж байгаа. Европын орнуудаас Германы сэргээн босголтын банктай хамтран ажиллахаар бичиг явуулсан. Герман бол Азийн орны хөгжлийн банкуудад  жишиг болсон арвин туршлагатай, үйл ажиллагаа нь амжилттай хэрэгжиж байгаа загвар улс юм. Харин Өмнөд Солонгосын хөгжлийн банкны хувьд өөрийн гэсэн онцлогтой, санхүүгийн томоохон групп юм. Тэднийхтэй мөн хамтран ажиллагааны хүрээнд олон удаа уулзалт зохион байгуулсан.

-Таны хувьд Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны даргаар ажиллахын зэрэгцээ Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргын албыг давхар хаших нь хэр зохимжтой бол?

-Аль аль нь улсын ажил. Засгийн газар үүнийг яаж шийдэх нь вэ. Түүнийг л дагах ёстой. Улс орны хөгжлийн дунд хугацааны бодлого, стратегийн дагуу санхүүжилт хийх болон Хөгжлийн банкны үйл ажиллагааны гол чиглэлүүд нь Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны бодлоготой уялдаатай байх учраас энэ үүргийг надад хүлээлгэсэн гэж ойлгож байгаа.

-Хэдийгээр санхүүгийн эх үүсвэрээ дөнгөж батлуулаад байгаа ч гэсэн Хөгжлийн банк хэзээ ашгаа өгч эхлэх вэ гэдэг талаар танд тодорхой төсөөлөл байгаа байх?

-Энэ банк Монгол Улсын хөгжлийн чухал ач холбогдолтой томоохон төслүүдийг санхүүжүүлэн зээл олгох үүрэгтэй. Ийм төслүүд томоохон хөрөнгө шаарддаг, урт хугацаагаар хэрэгждэгээрээ онцлогтой. Үүгээрээ арилжааны бан­куудаас ялгаатай юм. Өөрөөр хэлбэл зээлийн хэмжээ нь их, хүү нь бага байна гэсэн үг. Тэр ч байтугай зарим томоохон төсөлд эхний 3-5 жилд хүүгүй байх ч тохиолдол байж болно. Тиймээс Хөгжлийн банк эхний жилээсээ л өндөр ашигтай ажиллана гэж хэлэхэд хэцүү. Хамгийн гол нь уг төслүүдийн үр ашиг өндөр байх ёстой. Тэгж байж Хөгжлийн банк ашигтай ажиллах болно.

-Хөгжлийн банкны эх үүсвэрт валютын урсгал ихээр орж ирэх нь ойлгомжтой. Үүнд бохир мөнгө орсон байвал яах вэ, магадгүй мөнгө угаах үйл явцад санамсаргүйгээр ч юм уу оролцох тохиолдол гарах юм биш биз гэсэн болгоомжлол төрдөг. Энэ талаар та ямар баталгаа өгөх вэ. Яаж хяналт тавих юм бэ?

-Мөнгө угаах үйл явц ямар хэлбэртэй байдаг вэ гэхээр юуны өмнө тэдгээр гадаадын компани, байгууллагууд “Oффшор” гэдэг газруудад бүртгэлтэй. Тэндээ татвараас зугтаалгасан бохир мөнгөө хуримтлуулан хадгалж бай­даг. Манайд орж ирж буй хөрөнгийг гурван төрөлд хувааж болно. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хувьд уул уурхайн  салбарыг хөгжүүлж, томоохон төслүүдийг сан­хүүжүүлж  байгаа. Үүнийг хардах хэрэггүй. Мөн компаниуд дангаараа буюу хамтран хөрөнгийн бирж дээр мөнгө босгох хэлбэрээр хөрөнгө оруулалт орж ирэх нь бий. Тодорхой хяналттайгаар хөрөнгөө босгоод үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ бол цаашид ч улам нэмэгдэнэ. Хөрөнгийн биржээс нь хяналт тавьдаг. Гурав дахь нь “халуун мөнгө” хэмээн нэрлэдэг наймааны шинж чанартай хөрөнгө оруулалт юм. Тухайн улсын зах зээлд мөнгөө эргүүлээд ашиг олох зорилготой. Ийм мөнгө ямар хэлбэрээр орж ирдэг вэ гэхээр голдуу маш хурдан хугацаанд ашгаа өгөх салбарыг л хайдаг. Голдуу банкинд хадгаламж хэлбэрээр, мөн үнэт цаас, үл хөдлөх хөрөнгө, тухайлбал барилга, орон сууц, газар худалдан авах хэлбэртэй ч байж болно. Тиймээс эдгээрт тавих хяналтыг л чангатгах хэрэгтэй. Үүнтэй холбоотойгоор өн­гөр­сөн нэгдүгээр сард Га­даад харилцааны яаман дээр Сангийн яам, Мон­голбанк, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо хамтран зөвлөгөөн зохион байгуулж цаашид гаднаас орж ирэх мөнгөний урсгалыг нягтлан шалгах, бүртгэх ажлыг сайжруулах, хамтран ажиллах талаар ярилцсан. Миний бодлоор “бохир” болон “халуун” мөнгөний асуудал Хөгжлийн банкинд онцын хамааралгүй. Яагаад гэвэл Хөгжлийн банкны санхүүжилтийн эх үүсвэр нь төсвийн болон уул уурхайн салбарын орлого, бондын хөрөнгө зэргээс л бүрдэнэ шүү дээ.

-Танай байгууллага эдийн засгийн хэтийн төлөв байдлын талаар онцгойлон судалж, бодлого тодорхойлдгийн хувьд инфляцийг хэр өснө гэж та төсөөлж байна вэ. ОУВС-ийн сануулаад байгаа шиг 25 хувьд хүртлээ өсөх үү?

-Мэдээж олон улсын байгууллагуудын зөвлөгөөг сонсох нь зөв. Манай улс сүүлийн жилүүдэд ОУВС-ийн тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэн, тэднээс тусламж авч байсан. Цаашид ч хамтран ажиллах нь ойлгомжтой. Мэдээж хямралын хүнд үеийнхийг бодвол өнөөдөр байдал өөр болсон. Тэр үеийн хүндрэлүүд эсрэгээр өөрчлөгдсөн. Гэхдээ аль нэг тал руу хэлбийх нь эдийн засагт савлагаа үүсгэдэг. Хямрал ч нэг төрлийн савлагаа юм. Их мөнгө ч мөн адил. Инфляцийг тогтвортой байлгахын тулд мөнгөний бодлогын хүүгээ нэмэх гэхээр өнөөх багахан эдийн засгаа хумих, жижиг, дунд үйлдвэрлэгчдийг зээл авахад нь сөргөөр нөлөөлөх гээд байдаг. Хүүгээ бууруулахаар инфляци нь өсөх гээд байна. Тиймээс Монголбанк өнөөдрийн байдлаар “ацан шалаанд” орчихоод, бодлогын хүүгээ тогтвортой байлгах бодлого л баримталж байгаа. Үүнд Монголбанкийг буруутгах аргагүй юм. Бидний хувьд инфляцийн төлөв байдлыг одоогоор тодорхойлоход хэтэрхий  эрт байна. Шинэ он гараад удаагүй байна, цагаан сар, бусад баярын үеэр бараа бүтээгдэхүүний үнэ угаасаа л өсдөг шүү дээ. Ерөнхийдөө инфляцийг 12 хувьтай байхад зохимжит түвшин гэж үзэж болох юм. Инфляцийн өсөлтөд өнгөрсөн жилийн зудаас үүссэн сөрөг нөлөөлөл, хүнсний бараа бүтээгдэхүүний хомсдол, хаа сайгүй нүүрлээд байгаа нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлт, валютын ханшийн тогтворгүй байдал, манай худалдааны гол түнш БНХАУ-д инфляци өсч байгаа зэрэг нь ч мөн нөлөөлж байна.

-УИХ төрөөс баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг батлахдаа инф­ляцийг нэг оронтой тоонд барьж болно гэж үзсэн. Харин ОУВС төсвөө хумихыг зөвлөж байна. Аль нь зөв юм бэ?

-ОУВС-ийн бодлогыг анхааралтай сонсох нь зүйтэй ч өнөө жилийн хувьд үүнийг хэрэгжүүлэх боломжгүй шүү дээ. Тиймээс хойшид бодлогын баримт бичгээ хэлэлцэх боловсруулахдаа тогтворжуулалтын санд хуримталсан хөрөнгийг байгаагийнх нь хэрээр зарцуулж болохгүй. Төсвийн алдагдал аль ч улсын макро эдийн засагт голлох нөлөө үзүүлдэг учраас балансаа барих нь чухал. Цаашид эдийн засгийн өсөлтөө дэмжиж, орлогоо Хөгжлийн банкаар дамжуулах бүтээн байгуулалтын ажилд зарцуулснаар улс хөгжинө. Тэр л зарчмаараа явах нь зүйтэй.

-Зэсийн ханш өнгөрсөн баасан гарагаас эхлэн 10 мянган ам.долларт хүрлээ. үүнтэй холбоотойгоор төсвийн орлого хэрхэн өсөхийг холбогдох байгууллагууд нарийвчлан тооцоолоогүй байна. Та энэ талаар ямар таамаглалтай байгаа вэ?

-Манай улс ашигт малтмалын бүтээгдэхүүний томоохон экспортлогч болсон. Зэсийн ханш  2005 оноос хойш тасралтгүй өсч байгаа. Дэлхийн эдийн засгийн хямралын нөлөөгөөр 2009 онд хэсэгхэн хугацаанд зэсийн ханш унасан ч цаашид улам өсөх хандлагатай байна. Энэ нь манай эдийн засагт ихээхэн ач холбогдолтой гэдэг нь хямралын дараах байдлаас ч харагдаж байгаа. Зэсийн экспортын орлого нь төсвийн орлогын гол эх үүсвэрийг бүрдүүлдэг. Ингэснээр төсвийн орлогоор дамжин нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн бүхий л салбарт эерэг нөлөөлөл үзүүлнэ.

-Одоогоос гурван жил гаруйн өмнө зэсийн ханш огцом унасан нь монголчуудыг хямралд өртөхөд том нөлөө үзүүлсэн. Ийм гэнэтийн уналт болох үед авах арга хэмжээний талаар ямар бодлого баримтлах нь зүйтэй вэ гэдгийг манай эдийн засагчид, улстөрчид нухацтай ярихгүй байх шиг санагдах юм?

-Тийм ээ. Үнэндээ зэсийн үнэ өслөө гэж баярлаж хөөрөхөөс илүү хуримтлал үүсгэхэд анхаарах хэрэгтэй. Мөн гэнэтийн уналт, хэлбэлзэл, хямрал, эрсдэл, энэ бүхэнд бэлэн байх нь чухал. Ялангуяа аж үйлдвэр, мэдээлэл технологийн салбарыг түлхүү хөгжүүлэх, аль болох бусдаас хараат бусаар хөгжихөд голлон анхаарах шаардлагатай байна.

-Танай байгууллага улс орны хөгжлийг тодорхойлох гол байгууллагын хувьд өндөр мэдлэг боловсрол, чадвар, туршлагатай,  Монголын сор болсон залуусаар багаа бүрдүүлэх учиртай. Өндөр хөгжилтэй орнуудад сурч, ажиллаж байгаад ирсэн чадварлаг боловсон хүчнээр багаа бүрдүүлж чадаж байна уу?

-Манайх байгуулагдаад нэг жил болох хугацаандаа энэ бодлогыг хатуу баримталж ирсэн. Эдийн засгийн мэдлэг боловсрол, гадаадын нэр хүндтэй сургуульд амжилттай суралцсан байдал, өмнө нь яамдад бодлого боловсруулах, макро эдийн засгийн судалгааны чиглэлээр ихээхэн туршлага хуримтлуулсан боловсон хүчнээс бүрдсэн гэж хэлж болно. Гэхдээ төрийн байгууллагын цалин тийм ч өндөр биш болохоор өндөр мэдлэг чадвартай залуус тэгтлээ сонирхон ирэхгүй байгааг нуугаад яах вэ. Хүн бүрт, тэр тусмаа залууст амьдралын баталгаа, өндөр цалин хангамж, ажиллах нөхцөл чухал болохоор буруутгах ч аргагүй юм.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

У.ОРГИЛМАА


Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж