“Эрдэнэс Тавантолгой” бидэнд юу өгөх вэ?

Хуучирсан мэдээ: 2010.10.26-нд нийтлэгдсэн

“Эрдэнэс Тавантолгой” бидэнд юу өгөх вэ?

Мэргэжилтнүүдийн хэлснээр 6.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй Тавантолгойн орд газрын лицензийг эзэмшиж буй төр уг ордыг түшиглэн “Эрдэнэс Тавантолгой” ХК байгууллаа. Энэ компани нийт 15 тэрбум ширхэг хувьцаа гаргах ба үүнийхээ 10 хувийг иргэддээ эзэмшүүлнэ гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар мэдэгдэв. Мөн 10 хувийг дотоодын аж ахуйн нэгжүүдэд арилжаалах ба 30 хувийг гадаад, дотоодын хөрөнгийн зах зээл дээр гаргах тухай
ярьсан байна. Арвантаван тэрбум хувьцааны 10 хувь нь нэг тэрбум 500 сая хувь­цаа аж. Үүнийг гадаад, дотоодод амьдарч буй нийт гурван сая орчим иргэндээ хуваахад нэг иргэнд 500 орчим хувьцаа ногдохоор харагдаж байна.

Харин нэг хүнд ногдох 500 шир­хэг хувьцаа нийтдээ ямар үнэ хүрэх вэ, нэг хувьцаа нь ямар үнэ­тэй байх вэ гэсэн асуулт дээрх ба­рим­туудаас урган гарч таарна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн нэгж хувьцааны нэрлэсэн үнэ хэд байх вэ гэсэн сэтгүүлчийн асуултад Ч.Хүрэлбаатар хариулахдаа  “Ямар ч байсан эхний удаад “Энержи ре­сурс” компани нь Ухаа худагийг тү­шиглэж, Хонконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа зарсан. Нэг жишиг үнэ бас харагдаж байгаа. Тэгэхээр “Эрдэнэс Тавантолгойн” компанийн хувьцаа үүнээс багагүй байх тал дээр Засгийн газрын зү­гээс анхаарал тавьж ажиллана гэж ойлгож болно” гэжээ. Тэгвэл Таван­­толгойн ордын нийт талбайн дөр­вөн хувь болох Ухаахудагийн уур­хайг түшиглэсэн “Энержи Ресурс” компанийн нэг хувьцаа Хонг­конгийн бирж дээр ямар үнэ хүрсэн бэ?

Тавантолгойн ордын нийт  талбайн дөрвөн хувь болох Ухаа­худагийн ашиглаж болох боломжтой нөөц нь 200 сая тонн гэдэг аж. Та­ван­­толгойн нийт нөөц 6.4 тэрбум тонн юм бол “Энержи Ресурс”-ийн эзэм­­­шиж буй Ухаахудагийн нөөц ч ойролцоогоор нийт нөөцийн дөр­­­­­вөн хувь нь бололтой. Энэхүү эзэм­­шилдээ тулгуурлан “Энержи Ресурс” Хонгконгийн бирж дээр хувь­­цаа гаргасан бөгөөд компанийн нийт үнэлгээ дөрвөн тэрбум ам.­долларт хүрсэн бололтой. Мон­ голын хөрөнгийн биржийн ТУЗ-ийн нэр бүхий гишүүний өнгөрсөн найм­дугаар сард хэвлэлд өгсөн ярилц­­лагад ч дээрх мэдээлэл дур­даг­даад өнгөрч байжээ.

Харин зарим эх сурвалж  зөв­хөн Ухаахудагийг эзэмшиж буй ком­панийн зах зээлийн үнэлгээ дөр­­­­­­вөн тэрбум ам.долларт хүрсэнд эр­гэлзсэн төдийгүй Тавантолгойн нийт нөөцийг оруулж тооцсон тохиол­долд л компанийн нийт үнэл­­­­гээ дээрх хэмжээнд хүрэх болом­жтой гэж үзэж буй юм. Эр­гэлзээ үүсгэсэн эл асуудлаар ЗГХЭГ-ийн даргаас тодруулахад “Эрдэнэс Тавантолгой” компанид Мон­гол Улсын Тавантолгойн ор­дын лиценз бүгдээрээ бий… Хонг­­конгийн хөрөнгийн бирж дээр хийсэн арилжаа нь төрийн өм­чит Тавантолгойтой холбоогүй гэд­гийг хэлье” гэсэн байна. Гэхдээ тэрбээр төрийн өмчит “Эрдэнэс Таван­тол­гой” компанийн хувьцааны үнийг тог­тооход Хонгконгийн бирж дээр “Энержи Ресурс”-ийн хийсэн арилжаа нэг жишиг болно гэж өгүүлсэн төдийгүй “Энержи Ресурс” хувьцааныхаа 25 хувийг арил­­жиж 700 сая ам.доллар бос­го­сон гэжээ.
 
Хонгконгийн бирж дээр “Энер­жи Ресурс”-ийн нэгж хувьцааны анх­ны үнэ 7.02 хонгконг доллар бай­сан бөгөөд нэг ам.доллар өчигд­рийн байдлаар 7.7 хонгконг дол­лартай тэнцэж байв. Тэгэхээр ой­рол­цоогоор “Энержи Ресурс”-ийн нэг хувьцаа нэг ам.доллараар арил­жаалагдсан гэж үзэж болох ба 700 сая ам.долларыг босгохын тулд 700 сая ширхэг хувьцаа худалдсан байж таарах нь. Харин 700 сая ширхэг хувьцаа нь дээр дурдсанчлан нийт хувьцааных нь 25 хувь юм бол “Энержи” Ресурс” компани Ухаахудагт тулгуурлан хоёр тэрбум 800 сая хувьцаа гаргасан бололтой. Энэ бол ил байгаа мэдээллүүдэд үндэслэн энгийн тооны машинаар бодож гаргасан тоонууд юм. Юутай ч Хонгконгийн бирж дээр хийсэн IPO дээр нэгж хувьцаа нэг ам.доллар орчим үнэ хүрчээ.

Тавантолгойн ордын дөрвөн хувь болох Ухаахудагт тулгуурлан гурван тэрбум орчим хувьцаа гаргасан байхад үлдэх бүх хувийг эзэмших “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компани 15 тэрбум хувьцаа гаргаж байгаа үндэслэл юу юм бол? Нэг хувьцааны үнийг Хонгконгийн бирж дээ арилжаалагдсан үнээс доогуур тогтоохгүйг хичээнэ гэхээр хэд хүргэж болох вэ гээд олон асуулт урган гарч ирж байна. Тодорхой байгаа зүйл гэвэл 15 тэрбум хувьцааны 10 хувийг иргэд эзэмшинэ гэвэл нэг хүнд 500 хувьцаа ног­доно. Дээр тооцоолсончлон нэг хувьцаа ойролцоогоор нэг ам.доллар байна гэж үзвэл нэг мон­гол хүн Тавантолгойн ордоос 500 ам.долларын хувьцаа эзэмших бололтой. Гэхдээ “Эрдэнэс Таван­толгой”–н нийт хувьцааны 30 хүртэлх хувь дээр дотоодын болон олон улсын хөрөнгийн зах зээл дээр IPO хийнэ гэж албаны хүмүүс ярьж буй. “Эрдэнэс Тавантолгой” бие даан  IPO хийх хүртэл бэлтгэл ажилд 9-12 сар, багаар бодоход зур­гаан сар шаардлагатай юм бай­на. Энэхүү бэлтгэл ажлын хү­рээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-­ийн нийт зах зээлийн үнэлгээ хэд болохыг тогтоох ёстой. Мөн олон улсын томоохон бирж дээр бүр­т­гэхэд шаарддаг стандарт хэл­­­­­­­­­­­­­бэрийн тайлан болгох буюу өгөгд­лүүдийг JORC руу хөрвүүлэх зэрэг ажлуудыг хийх ёстой. Энэ бүх бэлтгэлийн дараа л бид “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн IPO хэр ам­жилттай болж хувьцаа ямар үнэ хүрэх, хэдий хэрийн хөрөнгө босгох зэрэг олон асуултад хариу олох нь. Орд газар дээрээ хөрөнгө оруулалт огт хийгээгүй байгаа өнөөгийн нөхцөлд хувьцааны анхны үнэ хямд байх нь тодорхой л болов уу. 

Юутай ч стратегийн чухал орд болох Тавантолгойд тулгуурлан төрийн өмчит “Эрдэнэс Таван­тол­­гой” хэмээх компани бай­гуулагдсанд, 15 тэрбум хувьцаанаас нь иргэн бүр 500 хувьцаа эзэмших болсонд, түүнчлэн хувьцааныхаа 30 хувийг гадаадын хөрөнгийн бирж дээр худалдана гэдэг мэдээллийг олон нийт таатай хүлээж авч байна. Дээрх нөхцөлд Тавантолгойд га­даа­дын хөрөнгө оруулагч нь аль улс байх, оператор нь ямар ком­­пани байх зэрэг төдийлөн ач хол­богдолгүй асуудал болж хувирна гэсэн байр суурийг зарим тал илэрхийлж буй аж.

З.БОРГИЛМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж