
Гишүүд тойрогт ажилласан дүнг хуралдаанд танилцуулан шийдвэрлэх тулгамдсан асуудлын талаар ярилцсан байна. Эдгээр асуудлын түрүүнд хүүхдийн цэцэрлэгийн асуудал хамгийн тулгамдсан асуудал болжээ.
Өнгөрөгч алтан гахай жил олноор төрсөн хүүхдүүд ирэх жил цэцэрлэгт орох нас нь болсон, мөн төрөлт ихтэй 2003, 2004 онд төрсөн хүүхдүүд нэгдүгээр ангид орж байгаа ийм үе таараад буй аж.
Хэдий сумдад олон цэцэрлэг баригдсан боловч цаана нь дахин олон зуун хүүхэд цэцэрлэггүй хэвээр байгаа гэнэ. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр цэцэрлэгийн асуудлыг шийдвэрлэхийн тулд Дэлхийн банктай 12 сая долларын хүүхдийн цэцэрлэг барих төслийг хэрэгжүүлэх асуудлаар хэлэлцэж байгаа талаар хуралдааны үеэр танилцуулсан байна.
Энэ онд 38 цэцэрлэг ашиглалтад орох, ирэх оны төсөвт мөн олон цэцэрлэг барих талаар тусгасан хэдий ч нийслэлийн захын хороололд цэцэрлэгийн хангамж муутай байгааг нийслэлийн гишүүд онцолсон байна.
Хуралдаанаар мөн Сүхбаатар, Дорнод аймагт гарсан шүлхийн өвчний талаар хэлэлцсэн байна. Энэ өвчин гарсантай холбогдуулан 27 мянган мал өвчилж 23 мянган малыг устгалд оруулах, нөхөн олговор олгох, вакцинжуулах ажлууд хийгдсэн бөгөөд чанартай вакцинаар өөрсдийн дотоод хэрэгцээг хангах, хуучин өөрсдөө вакцинаа хийгээд дотоодод хангадаг байсан тогтолцоо алга болсон тухай гишүүд шүүмжлэлтэй хандсан байна. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан цаашид Монгол мал хөтөлбөрийн хүрээнд малыг эрүүлжүүлэх шаардлагатай тухай санал гаргасан байна.
Энэхүү өвчнөөс ч дутахааргүй асуудал үүсгэж магадгүй өвөлжилтийн бэлтгэл ажлын хангалтгүй аймгуудын талаар намын бүлгийн хуралдаанд яригдсан бөгөөд Говь-Алтай, Завхан зэрэг эрчим хүчний хямрал нүүрлээд буй аймгуудын асуудал мөн хөндөгдсөн байна. Говь хээр, алслагдсан аймгуудад түлэх түлш, хураасан аргал, хөрзөнгүй болсон бөгөөд хөдөө аймгуудад зуд турхан болсон тул мал олноор хорогдож, малчид эд материал болон сэтгэл санааны хүнд байдалд орсныг анхааралдаа авах талаар тэдгээр аймгаас сонгогдсон гишүүд дурдсан байна.
Ирэх долоо хоногоос УИХ-аар төсөв хэлэлцэхэд тойргийн тулгамдсан асуудлаас шийдвэрлэх боломжтойг нь тодорхойлох шаардлагатай бөгөөд тойрогт гаргасан эдгээр саналуудыг ангилан төсөв дээр Ажлын хэсэг гарган ажиллуулахаар болжээ.
Бүлгийн гишүүдээс тодорхой санал гаргаснаас Д.Тэрбишдагва гишүүн тойрогтоо 200 гаруй удаа очиж ажиллан, 134 санал бүхий 30 гаруй хуудас материалыг МАХН-ын бүлгийн Ажлын албанд шилжүүлсэн нь энэ асуудалд хамгийн ажил хэрэгч хандсан хэмээгдсэн байна.
Бүлгийн хуралдаан цааш үргэлжлэн Мөнгөний бодлого, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл, энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлын талаар хэлэлцсэн байна.