Зэсийн үнэ 27 сарын өндөрлөгт хүрэв

Хуучирсан мэдээ: 2010.10.25-нд нийтлэгдсэн

Зэсийн үнэ 27 сарын өндөрлөгт хүрэв

Их-20-ын уулзалтын дараа хөрөнгийн бирж дээрх хөдөлгөөн эрс нэмэгдэв. Хөрөнгө оруулагчид ам.долларын уналтаас өөрийн хөрөнгийг хамгаалахын тулд их хэмжээний үнэт металл худалдан авч буйгаас Лондоны бирж дээр зэсийн үнэ өсч, сүүлийн 27 сарын турш харагдаагүй өндөр хэмжээнд хүрээд байна. Түүнчлэн цайр, тугалгын үнэ ч нэгдүгээр сараас хойшхи хамгийн өндөр төвшинд хүрчээ. Зэсийн хувьд гурван сарын урьдчилсан гэрээт үнэ 2,6 хувиар өсч, тонн нь 8549 ам.доллар болсон нь 2008 оны долдугаар сараас хойг харагдаагүй хэмжээ юм. Сингапурын бирж дээр даваа гаригт 8530 ам.доллар байна.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр харьцангуй өсөлттэй байсан ам.долларын ханш евро, иен бүхий зургаан гол мөнгөн тэмдэгтийн багцын эсрэг 0,9 хувиар буурсан байна.

Үүнтэй холбогдуулан зэсийн үнэ АНУ-ын “Nymex” бирж дээр 2,4 хувиар өсч, нэг паунд нь 3,8895 ам.доллар, харин Шанхайн бирж дээр 3,6 хувиар өсч 65,050 юань болжээ. Шанхайн бирж дээрх металлын үнэ Лондоны биржийнхээс харьцангуй өндөр байгаа юм. Юаниар арилжаа хийдэг энэ бирж дээрх зэсийн үнэ ам.доллараар бол 9774 ам.доллар байна.

Түүнчлэн цайрын үнэ 3,5 хувиар өсч, тонн эь 2600 а.доллар болжээ. Харин тугалга 2,8 хувиар өсч мөн 2600 ам.доллараар арилжаалагдаж байгаа нь 2010 оны нэгдүгээр сараас хойшхи хамгийн өндөр үнэ юм. Энэ нь БНХАУ-ын цайр үйлдвэрлэлтээр гурав дахь том компани болох “Shenzhen Zhongjin Lingnan Nonfemet” хамгийн том цайр болон тугалга хайлуулах үйлдвэрээ хаасантай холбоотой. Тус компани энэ сарын 21-нд Шаогуан дахь боловсруулалтын үйлдвэрээ хаасан байна.

Бусад металлуудын хувьд хөнгөн цагаан Лондоны бирж дээр 2,1 хувиар өсч, тонн нь 2415 ам.доллар, Шанхайд 16900 юань байна. БНХАУ түүнчлэн ирэх сарын 1-2-нд дуудлага худалдаагаар 96 мянган тонн хөнгөн цагааныг улсын нөөцөөс зарах болсон тухай зарлаад байгаа.

Никелийн хувьд гурван хувийн өсөлттэй 23,930 ам.доллар болжээ.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж