“Google-ээс асуу” уралдааны ялагч тодорлоо

Хуучирсан мэдээ: 2010.10.25-нд нийтлэгдсэн

“Google-ээс асуу” уралдааны ялагч тодорлоо

Өнөөдөр Сүхбаатарын талбайд  “Интернэттэй талбай” нэртэй утасгүй интернэтийн байнгын үнэгүй үйлчилгээг нэвтрүүлэх нээлтийн өдөрлөг боллоо. Энэхүү өдөрлөгийг нийслэлийн Мэдээллийн технологийн газар болон ”Телемакс коммуникэйшн” ХХК хамтран Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 371 жилийн ой, “Нийслэлийн өдөр”-ийг тохиолдуулан зохион байгууллаа. Мөн тус өдөрлөгт MCSCom ХХК оролцож шинэ технологийн танилцуулгаа хийсэн юм.

“Интернэттэй талбай” үйлчилгээний нээлтэд Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Баатарзориг “Бид мэдээллийн эрин зуунд амьдарч байна. Тиймээс технологийн дэвшлийг нийслэлчүүддээ хүргэж, интернэтийн шинэ үйлчилгээ нэвтрүүлж байгаад зохион байгуулагчдад баяр хүргэе. Улаанбаатарчууд төв талбайдаа ирж, интернэт ертөнцөөр аялах боломж бүрдэж байна” хэмээв.

Энэ үеэр өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдийн дунд хөдөлгөөнт интернэт ашиглан  мэдээлэл хайх “Google-ээс асуу” нэртэй хөгжөөнт уралдаан зарлаж  ялагчаар Э.Ананд шалгаран нэг жилийн эрхтэй “4G Modem”-оор шагнууллаа.

 “Google-ээс асуу” уралдааны ялагч МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн гуравдугаар курсийн оюутан Э.Анандтай уулзлаа.

-Ялагч боллоо сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Сэтгэл өндөр байна. Энд сонирхолдоо хөтлөгдөн ирж үзэж байгаад санаандгүй оролцон нэг жилийн эрхтэй модемоор шагнууллаа.

-Даалгаврууд ямар санагдсан бэ?
-Яаж явагдах бол гээд их сонирхож байлаа. Харин даалгавруудын асуултуудыг  “Facebook”, “Twitter”-р дамжуулан гүйцэтгэсэн нь таалагдсан.

-Уралдааны асуултууд хүнд байв уу?
-Асуултууд ерөнхийдөө Монгол улсын түүхтэй холбоотой Сүхбаатар жанжин, Улаанбаатар хоттой холбоотой байсан нь их дажгүй санагдлаа.

-Өнөөдөр талбай интернеттэй болсон шүү дээ. Хурд нь хир байна?
-Интернетийн хурд гайгүй байна. Гэхдээ сая уралдаанд оролцоод хариултуудаа бичиж байхад нилээд хэдэн удаа тасарлаа. Гэхдээ цаашид гайгүй байна байх аа.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж