БНХАУ-ын Хэнан мужийн ЗИА ЖУО хотод зохион байгуулагдаж буй Холбооны аялал жуулчлалын ээлжит хуралд Өвөрхангай аймгаас 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байна. Энэ сарын 23-27-нд болж буй ээлжит хурал “Нүүрстөрөгчийн гаралт багатай аялал жуулчлалыг Зүүн хойд Азиас эхэлье” сэдвийн дор зохиогдож байгаа ба Зүүн хойд азийн нүүрстөрөгчийн гаралт багатай аялал жуулчлалыг хөгжүүлэх арга замын талаар нэг шат ахисан судалгаа, хэлэлцүүлэг явагдах юм. Түүнчлэн Зүүн хойд Азийн аялал жуулчлалын салбарын нэр хүндийг дээшлүүлэх, нөлөөлөх хүрээг өргөтгөх, хувь нэмэр оруулахад Зүүн хойд азийн аялал жуулчлалын байгууллага, олон улсын аялал жуулчлалын байгууллага, жуулчны компаниудын хооронд харилцах боломж олгож, Зүүн хойд азийн бүсийн аялал жуулчлалын салбарын хөгжлийг түргэсгэхэд гарц хайх ажээ.
Дашрамд дурьдахад Өвөрхангай аймгийн аялал жуулчлал эрхлэгчдийн 3-р зөвлөлдөх уулзалтанд оролцогчдын санал санаачилгаар “Аймгийн аялал жуулчлалын холбоо” байгуулан, холбооны удирдах зөвлөлийн 11 гишүүнийг сонгосон байна.
Б.Батчимэг