Зудын сургамж нь холдоогүй малчид маань өвөлд чамгүй бэлджээ. Захын малчинтай уулзахад нэг портер шарилж, лууль, хамхуул зулгаачихсан, амбаар халтар хомоолтой зогсож байна. Өө тэгээд олонхи нь нүдгүй шуурга боллоо гэхэд хоттой хонио хэд хоног өл алдуулахгүй аваад гарах нөөц улаан гараараа түүгээд овоолчихож гэж аймгийхаа есөн суманд ажиллаад ирсэн Дундговь аймгийн Засаг дарга Д.Чандмань яриагаа эхэлж байна. Түүний томилолтын гол чиглэл өвлийн бэлтгэлтэй холбоотой байж. Сумд 50-150 тонн өвсний нөөцтэй болчихож. Харин зүүн талын сумд вогоноор татан ачиж буулгахад өвсний боодол задарч хаягдал гаргасан байна. Өлзийт, Өндөршил сум гарц сайтай, одоо ч сөл тасраагүй, олон сумын отрын чиг тийшээ гарч байгааг ч Засаг дарга газар дээр нь хараад ирж. Нэгэнт цаг хүндэрвэл зэргэлдээ сум, тэр ч бүү хэл хөрш аймагт отроо гаргахаас яахав. Гэхдээ малчдад бас дутагдал байна. Тэд хэдэн залууг оторт адуутай нь гаргахдаа, орон халхгүй, хоол ундгүй, ахлаж толгойлох хүнгүй явуулдаг нь очсон газартаа ад үзэгдэхэд хүргэдэг байна. Иймд оторт гарах малчид хэд хэдээрээ нэгдэж зохион байгуулалттай, ахлагчтай, орон халхтай, хоол унд, хувцас хунар…гээд их сайн бэлтгэлтэй гарах хэрэгтэйг Засаг дарга малчдад зөвлөсөн байна. Сум, орны удирдлага ч оторт яваа малчдын бүрэлдүүн, мал сүргийн төрөл, тоо толгой, нутаглаж буй газрын талаар маш дэлгэрэнгүй судалгаатай болох шаардлага тавьжээ.
Засаг даргын томилолтын нөгөө нэг чиглэл нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лиценцтэй уул уурхайн үйл ажиллагаатай танилцах байв. Бараг тэр бүхнээр орж үйл ажиллагаа явуулсан талбайг иж бүрэн унаган төрхөөр нь нөхөн сэргээж ногооруулах, ашигт малтмалаа тээвэрлэх замаа цардмалдаж засах болзлыг тэдгээрийн удирдлагад тавиад иржээ. Харин аймгийн төвийн халаалт бүрэн жигдэрч хараахан амжаагүй, нэгдсэн эмнэлгийн засвар удааширч байгааг эрчимжүүлэхээр өнөөдөр, маргааш Засаг дарга холбогдох албан тушаалтны хамтаар аймгийн төвийн сум-Сайнцагаан дээр ажиллаж байна.
С.Пүрэвсүрэн
С.Пүрэвсүрэн