Энэ жүжгийн бүрэлдэхүүн шинэчлэгдэж байгаа ба гол дүр буюу Арчугт хаанд гавьяат жүжигчин Г.Равдан тоглох юм. Арчугт хаанд их хатан Цэцэр, бага хатан Гүргэл нар нэг өдөр хоёр нуган үр төрүүлэн өгсөнд хаантан хурмаст тэнгэр, хувь заяаны даажигналыг хэрхэхээ мэдэхгүй балмагдаж, үр заяах битгий хэл үнэрийг нь мартсан эх хатныхаа хүүг өөрийн хүү биш хэмээн бага хатан Гүргэлээс төрсөн хүүгээ өлгийтэйд нь хаанд өргөмжлөхөөр зарлиг буулгана. Хааны итгэлт шадар Эгэрэг энэ зарлигийг нь эсэргүүцэвч яаж ч чадахгүй буцахдаа их хатан Цэцэрийн хэвлийгээс төрсөн өөрийн нууц хүүхдээ хэрхэн хааны сэнтийд суулган жаргах тухайгаа сэтгэн байна. Жүжгийн үйл явдлын зангилаа эндээс эхэлдэг.
Хаан сэнтий, төрийн тамгыг булаалдсан шадар түшмэлийн хорон муу санааг өгүүлэх эл жүжгийг найруулагч Ч.Найдандорж тайзнаа тавьж гол дүрүүдэд ардын жүжигчин П.Цэрэндавга, гавьяат жүжигчин У.Уранчимэг, жүжигчин М.Тогтохжаргал, Б.Тамир нар тогложээ.