
-Та бүхэн өнгөрсөн долоо хоногт МАХН-ын удирдлагуудад сюрприз барилаа. Өөрсдөд нь шүүр гардуулахад тэд их цочирдож байсан?
-Бид өмнө нь залуусын дунд уулзалт ярилцлага зохион байгуулсан юм. Тэр үеэр “Хэдүүлээ цуглаж ярьцгаадаг. Гэвч дахиад уулзахаараа нэг ярьснаа дахин, дахин ярьдгаа больё. Залуучууд, эмэгтэйчүүд, ахмадын холбооноос хүмүүсийн саналыг авах нэрийдлээр яриулж, яриулж л явуулдаг. Гэвч асуудлыг яаж ч шийддэг юм, үр дүн ер гарахгүй байна. Тийм учраас хэдүүлээ нэг байгууллага болъё” гэсэн санаачилгыг дэвшүүлсэн. “Энэхүү байгууллагаа хөдөлгөөн хэлбэрээр байгуулъя” гэж танхимаас хэд, хэдэн нэр санал болголоо. Тэдгээр нь “Энхжин”, “Бурахаа больё”, “Шинэчлэлийн төлөө” зэрэг нэр байсан л даа. Эдгээрээс “Шинэ эхлэл” хэмээх нэр хамгийн оновчтой нь юм байна гээд залуучуудын хөдөлгөөнөө ингэж нэрлэлээ. Намын тодорхой түвшинд саналаа хэлж, залуучуудын индэр байх зорилгоор уг арга хэмжээний үеэр МАХН-ын XXVI их хуралд оролцох таван төлөөлөгчийг сонгосон. Тэдэнд залуусын уулзалт ярилцлагын үеэр дэвшүүлсэн санал, санаачилгуудыг индэр дээр гарч хэл гэдэг үүрэг даалгавар өглөө. Та шүүр гардуулсан тухайд сонирхож байна. Манай нийгэмд хэн нэгэн дарга, лидер гэж байхаа больчихож. Лидер нь лидер шиг, дарга нь дарга шиг байхаа больжээ. Нийслэлийнхнээс “Та бүхний хамгийн их хайрладаг хүн хэн бэ” гэж асуухад өглөө үүрээр хотоо цэвэрлэж, орой харихад тарьсан хогийг нь шүүрдэж байдаг улаан хантаазтай цэвэрлэгч л юм байна. Хотынхон тэр хүнийг л хамгаас илүү хайрладаг. Ажил үүргээ илүү, дутуу үггүй үнэнч гүйцэтгэдэг нь чухам энэ улаан хантаазтан. Түүнээс биш айл гэрийн хойморт телевизээр орой болгон залардаг дарга нар хүндтэй, хайрладаг удирдагчид нь байдаг цаг өнгөрчээ. Тиймээс бид “Эгэл даруухан улаан хантаазтанууд шиг ажиллаж, шинэчилнэ гээд байгаа намаа шинэчилж, цэвэрлэн XXVI их хурлын дараа будаг нь ханхалсан шинэ нам болгох ёстой шүү” гэж шүүр гардуулсан хэрэг.
Тэд их сонин цочиж хүлээн авч байна лээ. Бид МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ч.Жаргалсайхан, намын залуу дарга нарт шүүрээ гардуулсан л даа. Ер нь нам гэдэг энд, тэнд шаардлага гардуулахаар хүлээж авдаг хэдэн хүнтэй, хэлдэг хэдэн үгтэй л болчихсон шүү дээ. Энэ удаад бидний дэвшүүлсэн асуудалд арай өөр, бодитой хандах байх гэж найдаж байна.
-Ямагт этгээд зүйл сэдэж байдгаараа та үүнийг санаачилсан уу?
-Бид хэд ярьж байгаад л ингэж шийдсэн. Гэвч үнэн шүү дээ. Бидний хамгийн их хайрлаж “Энэ хүнд тусалж, энэ хүний төлөө явах юмсан” гэж хүндэтгэдэг хүмүүс бол улаан хантаазтай цэвэрлэгч нар. Сард зуун хэдхэн мянган төгрөгийн цалин авдаг тэдэн шиг илүү дутуу үггүй ажилладаг болчихвол төр ариусч, цэвэр, тунгалаг болно. Ер нь шүүр гардуулахыг хэн санаачилсан нь чухал биш. Уулзалтын талаар нөхөд маань ярилцаж “Хүмүүс ямар санаачилга дэвшүүлэх нь вэ, түүнийг нь хэрэгжүүлэхийн төлөө явъя” гэсэн юм.
-Шинэчлэл нэрийн дор хэсэг бусаг хүмүүс түргэний цуваа шиг олон хөдөлгөөнийг МАХН-д байгуулдаг л даа. Гэвч тэдний ихэнх нь зөөлөн сэнтийд шигдэн чимээгээ аядчихдаг. Хар л даа. Хаа байна вэ, Онц их хурлын төлөөх хөдөлгөөн, “Шинэ эргэлт”, “Улаан сарнай”?
-Хөдөлгөөн байгуулах нь ямар нэгэн ажил, албан тушаалд дэвших арга байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ тэд бусдын төлөө зүтгэж, санаж бодсоноо хэрэгжүүлсэн л байх. Үүнийхээ дараа өөр ажилд шилжсэн биз. Уг нь тэдгээр хүмүүс хамтран зүтгэгчдээ цуглуулж “Би ийм зүйлд зорьж явснаа ингэж биелүүлсэн. Тийм учраас хөдөлгөөнөө татан буулгалаа” гэж тайлагнах ёстой. Аль эсвэл “Чадсангүй ээ, больё. Үнэхээр хэцүү юм байна. Та нар хий. Би түшлэгтэй сандал бараадъя” гээд хэлчих ёстой юм болов уу. Тэгээгүйгээс элдэв хардлага сэрдлэг үүсдэг байх. Бидний хувьд, “Шинэ эхлэл” хөдөлгөөн ганц хүний өмч биш. Тэр тусмаа гурван хүний өмч бол бүр ч биш. Энэхүү хөдөлгөөнийг 1000-аад залуус нэгдэж байгуулсан. Уулзалт зохион байгуулах санаачилгыг анх зургаан залуу гаргаж, хөдөлгөөн байгуулах санааг бодож олсон юм. Гэхдээ үе тэнгийн зургаан залуу байж, дарга, тэргүүн, тэргүүлэгч гэх мэтээр нэг нь дарга болж, нөгөө хэд нь өмнө нь бөхөлзөхийг бид хүсээгүй. Харин үйл ажиллагааны маань тэргүүн бол ардын хувьсгалын анхны долоогийн нэг Д.Догсом. Бид нэрнийхээ эхний үсэгнүүдийг нийлүүлж, энэ нэрийг бодож олсон. “Нохойтой дөрвөн танк” кинонд гардагчлан ВОЛФ буюу дөрвөн хүний нэрний эхний үсэг гэдэг шиг шог сонсогдож магадгүй л дээ. Гэхдээ залуус сонин, сонин зүйл сэдэж, ярьж, дэвшүүлдэг байх ёстой гэдэг үүднээс Догсом гэдэг нэрийг бодож олсон.
-Хэн, хэний нэрний эхний үсгээс Догсом гэдэг нэр бүтсэн юм бэ?
-Дэмбэрэл, Одхүү, Ганбаа, Сумъяа, Очхүү, Мөнхбат гэх мэт зургаан хүний нэр л дээ. Биднийг санхүүжилтээр дэмжсэн Насаа гэдэг залуу бий. Түүний нэрийг оруулж “Нөхөр Догсом” гэдэг тэргүүнтэй боллоо. Нөхөр гэдэг нь Насаа гэсэн үг. Бид албан шаардлага, өргөх бичгийнхээ доор “Нөхөр Догсом” гээд зургаан хүний гарын үсгийг нэг болгоод биччихнэ. Ер нь нэрний эхний үсэгнүүд маань Догсом гэдэг нэр болчихсон нь сонин тохиолдол. Ардын хувьсгалын анхны долоогийн нэг Д.Догсом Дээд, Доод хүрээнд байрлаж байсан Ноёдын нам, Ардын намынхныг уулзуулж, танилцуулсан бичгийн их хүн. Тэрбээр 1915 онд хийсэн гурван улсын хэлэлцээр буюу Монгол, Хятад, Оросын хэлэлцээрт төлөөлөгчөөр оролцож явсан. Мөн бусад хувьсгалчтай хамт хойд хөршөөс тусламж гуйхаар анх явж байлаа. Оросуудаас тусламж хүссэн бичигт тамга даруулахаар Богд хаан дээр Д.Бодоо, Д.Догсом хоёр хамт орсон гэж түүхийн зарим эх сурвалжид дурьдсан байдаг.
-“Нэгэн удаа Монголд” номондоо та социализмын үеийн танхай охидын бүлэглэл болох САБО-ийн тухай өгүүлсэн байдаг. Догсомын тухайд, энэ товчлолоос санаа авсан уу?
-Тийм, нэрсийнхээ эхний үсгүүдийг наана, цаана оруулан байрлуулж үзтэл ийм нэр бүтсэн. Өөр нэгэн онцгүй үг ч болж байна лээ.
-Ямар үг вэ?
-Condom. Улс төрийн хүрээнд “Нэг удаагийн condom болохгүй” гэж их ярьдаг байх аа. Тэгээд ч бэлгэвчийг нэг удаа хэрэглээд л хаячихдаг. Тийм учраас хүмүүс зарим нэгнийг “Өө, энэ муу нэг удаа хэрэглэж хаясан condom” гэдэг биз дээ. “Шинэ эхлэл” хөдөлгөөнийхөн дарга нарт нэг удаа ашиглуулаад хаягдчихаж болохгүй. Д.Догсом шиг байх ёстой. Их санасан газар хэдэн шөнө хоосон хонох юм бүү мэд. Тийм байлаа ч санасан, зорьсноо биелүүлэх гэж чадлаараа зүтгэсэндээ бид харамсахгүй. Гудамжинд лааз өшиглөөд явсан ч гутрахгүй. Манай намд эрэмбэ дараалал, зиндаархах гэх мэт хуучинсаг үзэгдэл, дахин уулзахгүй юм шиг залуусыг ашигладаг муу тал байдаг. Ингэдгээ л больчихмоор байна. Дарга нар ч заримдаа хошгируулна гэдгийг үзүүлэх шиг болдог доо. Бид бүр өмнөөс нь ичиж үхэх шахдаг. Тоглоомоо булаацалдсан хүүхдүүд шиг хоорондоо муудалцаж байгаа дарга нараа харахаар хүний, өөрийн гэлтгүй хүндлэх сэтгэл алга болчихдог юм байна. Тэгээд ч ах нараас суралцах зүйл алга шив дээ гэж боддог болсон. Ер нь дарга нар хэн нэгнийг сонгохдоо өөрийн гэсэн үзэл бодол, чадвартай, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн гэхээсээ илүү өөрсдөдөө үнэнч, номхон, хүлцэнгүй байдлаар нь хүмүүсийг шалгаруулахаа урьтал болгодог нь МАХН-ын ирээдүйд өөрийн эрхгүй санаа зовоход хүргэдэг.
-МАХН-ын нэр, үзэл баримтлалыг шинэчлэх талаар ярьж байгаа энэ үед Д.Бодоо, С.Данзан нарын нэрийг их дурьддаг. Гэсэн атлаа нөхөр Д.Догсомын тухай хэн ч ярихгүй байна. Тиймээс та бүхэн Д.Догсомтой хамт эсэргүүцэл зарлан босч байгаа хэрэг үү?
-Нөхөр Д.Догсом их сонин хүн байсан юм билээ. Ажил хийвэл хийчихдэг, хэлье гэснээ хэлчихдэг. Өргөх бичиг ч гардуулчихдаг. Гурван улсын хэлэлцээр ёсоор Монгол Улс автономит эрхтэй байсан шүү дээ. Гэтэл хятадууд хил хязгаарт халдаж, Егүзэр хутагтын хийдэд цэргээ оруулан өдөөн хатгах маягтай байсан гэдэг. Егүзэр хутагтыг баривчилж, лам нарыг хөнөөсөн гэхмэтчилэн олон зүйл бий. Тэр үед Д.Догсом “Хятадууд гурван улсын гэрээгээ зөрчиж байна. Монголчууд хулхидуулчихсан юм биш үү” гэж өргөх бичиг барин Дээд, Доод хурлын ноёдод хөөгдөж байсан түүхтэй. Бас л эсэргүү маягийн нөхөр байж дээ. Ноёдод ад үзэгдэж, нэг хэсэг орох газаргүй болсон хүн. Тэгж явахдаа Ноёдын намынхныг Ардын намынхантай танилцуулж, Оросын консултай уулзуулсан Ардын хувьсгалын анхны долоогийн нэг. Үүнээс гадна Д.Догсом шүлэг, дуу зохиодог, дурламтгай нөхөр байжээ. Баруун хязгаарт очихдоо Жинжийбадам гэдэг хүүхэнд дурлаж, намынх нь их хурал болох гээд түүнийг дуудахад нөхөр ирээгүй. “Би хайр дурлалтайгаа учраад аз жаргалтай байна. Та нар наанаа хийх юмаа хийчих” гээд тэнд хэвтэж байдаг бас л сонин түүхтэй нэгэн. “Хөх торгон цамц” гэдэг дуу байдаг шүү дээ. Үүнийг зохиосон мундаг авьяастай хүн шүү. Мань хүн эхнэртэй атлаа баруун хязгаарт очоод хэвтчихсэн юм билээ. Баруун аймгийнхны хэллэгээр, Жинжий гэдэг нь жижигхэн, хөөрхөн гэсэн үг. Тийм бүсгүйд л дурласан аж. Жинжийбадам нь бас ч гэж болоогүй. Ноёны хатан байсан байгаа юм. Төвөөс ирсэн төлөөлөгчид үйлчлүүлэх гээд авчрангуут нь мань хүн түүнд дурлачихсан хэрэг. Харамсалтай нь түүнийг 1939 онд зусландаа амарч байхад Оросын сургагч багш комиссар, туслах хоёроор нь авчруулж, тэдний нүдэн дээр Чита руу ачсан. Сайхан амарч байсан даргаа барьж өгч явуулсандаа Д.Догсомын комиссар, туслах хоёр үхэн үхтлээ харамссан гэдэг. Нөхөр Д.Догсом 1941 онд буудуулж хэлмэгдсэн гэдэг билээ.
-Д.Догсом таксигаар явж үзээгүй, тийм үү?
-Д.Догсом уу. Мэдэхгүй ээ, тэр үед такси байсан юм болов уу даа. Д.Догсомын 1928 онд бичсэн ном байдаг юм билээ. Энэ нь Ардын нам, Ардын засгийн түүх болж үлдсэн. Түүхчид тухайн үед юу болж байсныг уг номноос баримт болгон авдаг.
-Гэв гэнэт таксины тухай асуухад гайхав уу?
-Тийм ээ, гайхаж л байна.
-Журмын нөхөр тань “Нам гэдэг дарга дагаж далдганасныхаа үр дүнд албан тушаалд очдог такси биш” гэж мэдэгдсэн. Гэхдээ уучлаарай. Дарга дагаж, ивээлд нь багтахгүй гэх баталгаа та нарт бий юү?
-Нэг үеэ бодвол бид бага ч болтугай юм үзчихлээ. Би 1975 онд төрсөн. Социализмын үед хүмүүжиж, эвлэлд элсдэгийн даваан дээр пионер, энэ тэр ч байхгүй болсон л доо. Ингээд ах нарыг дагаж, хойшоо, урагшаа наймаанд явж, картын бараанд дугаарлан өлсөж ч үзсэн. Аав, ээж маань идэх хоол муутайхан байгаа хүүхдүүдээ “Эд яана даа” гэж өрөвдөхийг бас харсан. Мөн зах зээл гээд тав, арван төгрөгтэй болж, энд, тэнд наймаа хийн тэдгээрээ үрсэн гэхмэтчилэн янз бүрийн л зүйлтэй тулгарч явлаа. Тиймээс дарга, цэрэг дагаж гүйдэг үе өнгөрсөн. Би, бас нөхөд маань ч дарга дагаж далдганадаг хүмүүс биш. Миний хувьд, “Эсэргүү төлөөлөгч” хэмээх ном бичиж, С.Баярыг Ерөнхий сайд болмогц бүгд л дагаж гүйн “Чингис хаан” гэх нь холгүй явахад түүнийг намдаа яаж дураараа дүвчигнэж байгааг нь илчилж орхисон шүү дээ. Түүнийхээ шанд хоёр, гурван албан тушаалын марафоноос нэрээ хасуулж л байсан. Баянзүрх дүүргийн Засаг даргад миний нэр яригдаж байхад С.Баяр “Энэ залуу биш ээ. Ганбаатар л биш бол хэн ч хамаагүй” гэж хэлснийг намын зарим удирдлага хэлдэг. Эл явдлыг би нуухгүй. Нэрээ хасуулсандаа харамсдаг ч үгүй. Тэгж бичлээ гээд үеийн залуус маань намайг хүндэлж, ойлгодог. Хэрэв би эсэргүү төлөөлөгч биш, эерэг төлөөлөгч болоод хэн нэгэн даргыг магтаж бичсэн бол өдийд маш том албан тушаалд томилогдчихсон байх байсан биз (инээв). Саяхан “Нэгэн удаа Монголд” гэдэг ном бичлээ. Энэхүү номондоо социализмын үеийн монголчуудын бодит амьдрал, картын бараа, хоол унд муутай, гэрэл цахилгаангүй амьдарч байснаа бичье гэж бодсон юм. Ер нь бид л бичихгүй бол үеийнхэн маань ямар амьдрал туулсныг хэн ч мэдэхгүй шүү дээ. Нийгэмд дэг журам хэт тогтчихсон цаг үе байлаа. Гудамжны атаман гэж байх. Олигтойхон явахгүй бол түүнд мөнгө төгрөг, хамаг юмаа дээрэмдүүлнэ. Гоё хувцас ч өмсч чаддаггүй. Найз охинтойгоо уулзъя гэвч байрных нь атаманаас шанаа авч, уулзаж чадалгүй буцдаг. Ер нь олиггүй амьтад ийм л зүйлтэй учирдаг хойно олигтой амьдрахаас өөр аргагүй сонин цаг үед бид амьдарч байжээ.
-Танай хөдөлгөөний Д.Сүхбаатар нь хэн бэ. Ж.Мөнхбат та хоёрын нэг “Шинэ эхлэл” хөдөлгөөний тэргүүн болох юм биш үү?
-Өөрсдөө “Буруу бусармаг зүйлсийг шүүрдэж, цэвэрлэе” гэчихээд нэг нь дарга, нөгөө нь тэргүүн, харин гурав дахь нь дэд тэргүүн болохыг үнэхээр хүсэхгүй байна. Бид яг ижил байр суурь, хэмжээнд байж, нэг нэгнийхээ дуу хоолойг сонссоноор илүү хүчтэй байх юм. Тэгээд ч манай дарга нөхөр Д.Догсом шүү дээ (инээв). Тэгэхээр хөдөлгөөнийхөө даргыг сонгочихсон байгаа биз. Бид ганцхан удаа үйл ажиллагаа явуулаад тарвал нөхөр condom болно. Тэгснээс гэр, гэртээ харьцгааж, гудамжинд лааз өшиглөсөн нь дээр. Харин үйл ажиллагаагаа хүчтэй явуулбал нөхөр Д.Догсом болно.
-С.Баярын дургүй хүрэх нь ч аргагүй байх л даа. МАХН-ын XXV их хурлын дараа байдал арайхийн намжиж, УИХ-ын ээлжит сонгуулиас өмнө намынхаа рейтингийг яаж өсгөх вэ гэж байхад та МАХН-ынхны муу муухайг илчилсэн “Эсэргүү төлөөлөгч” хэмээх ном бичсэн. Бичээд ч зогсохгүй МАХН-ын эсэргүү төлөөлөгч гэдгээ нийслэлээр нэг зарласан биз дээ?
-Би тэр үед МАХН-ын дарга асан С.Баяртай уулзаа ч үгүй. Түүний яасныг мэдээ ч үгүй. Гэхдээ “Танай Ганбаатар намаа, бас намайг муулаад сонгуульд ялах гэж байгаа юм уу” гэж тухайн үед хотын удирдлагуудыг загнасан гэдэг. Энэ үгийг сонсоход сонин л санагдаж байлаа. Би заримдаа “Дарга нар бусдын үгийг сонсдог, үг хэлж чаддаг, маш мундаг” гэж боддог. Гэтэл нөгөө дарга маань “аймаар” жижигхэн зүйлд эмзэглэдэг юм шиг санагддаг. Гэлээ гээд яах вэ. Залуус бид хэлэх үгээ хэнд ч хэлэх ёстой.
-МАХН-ын дарга С.Батболд шүүмжлэлийг хэр сайн сонсдог бол?
-Мэдэхгүй, одоохондоо шүүмжлэх бас магтах зүйл гараагүй байна. Гарвал хэлнэ дээ.
-“Эсэргүү төлөөлөгч”-дөө нийслэлийн ИТХ-ын дарга асан Н.Болормааг та болгож тавьсан байна лээ. М.Энхболдыг түлхэж унагахад идэвхтэй оролцсон гэхмэтчилэн хамаг л намтар түүхийг нь тооччихож. Яагаад тэр вэ?
-Би хөлбөмбөг тоглох дуртай. Хөлбөмбөгөөр төсөөлбөл нэг хэсэг нь хамгаалж, нөгөө хэсэг нь довтлоод байгаа юм шиг санагддаг. Аль эсвэл довтлогч хэсгүүд нэг болчихоод ганц муу хамгаалагч руу дайрч байгаа мэт дүрэмгүй тоглох юм. Өнгөрсөн зун хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Гэтэл зарим дарга нар уг тэмцээнд оролцсон зарим багаас дор тоглодог. Тухайн үед би Н.Болормаа даргын өрөөнд орж “Та дэндүү их хутган үймүүлж байна. Битгий ингээч” гэж хэлж байсан. Мань хүн буруу мэдээллийг хэн нэгэнд өгнө, хоёр даргыг бие биенийх нь эсрэг түлхэнэ. Ер нь л нэг иймэрхүү утсан хүүхэлдэй адил улс төр хийдэг байв даа. “Үүнийг болиоч” гэж би шүүмжилсэн хэрэг. “Эсэргүү төлөөлөгч” номныхоо оршилд ч бичсэн. “Ард түмнийхээ өгсөн эрхийг даргадаа алдаж болохгүй” гэж.Тэр нэг үгний төлөө өнөөдрийг хүртэл зорьж явна.
-Жирийн гишүүд нь “Шинэчлэл” гэж хаа сайгүй цуурайтуулдаг ч танай намын удирдлагууд тань эрэмбэ зиндааг чухалчилдгаа хэзээ ч өөрчилдөггүй. Сүүлийн үед “С.Баяр Д.Дэмбэрэлийн оронд УИХ-ын дарга болно” гэсэн мэдээлэл газар авч байна. С.Баяр өөрөө ч дарааллыг баримталж, С.Батболдод МАХН-ын дарга, Ерөнхий сайдын албыг шилжүүлж байсан. Та нар ч гэсэн “Бидэнд боломж ирнэ” гэж хүлээдэг л биз дээ?
-Бидэнд боломж хэрэггүй. Боломж бүх хүнд тэгш байгаасай л гэж хүсдэг. Үүний төлөө явж байна. Хөдөлгөөн байгуулсны учир ч тэр. Жирийн нэгэн монгол залуу цэрэг болоод дэслэгч, ахмад, хошууч, хурандаа, генерал болдог тэр “шат”-ыг л онгойлгоод өгчих хэрэгтэй. Бид үүнээс өөр юу ч хүсэхгүй. “Чи миний гэрийн хаалгыг хадаад өг. Урд минь зам тавьж өг” гэхийг бүр ч хүсэхгүй. Үүнийг бид өөрсдөө хийчих учраас тэр. Гагцхүү “Шулуун шударга явах замыг минь л нээгээд өгчих” гэж байгаа. Ер нь залуу хүн бүрт зорилго, мөрөөдөл бий. Үүндээ хүрэхийн тулд чин шударгаар ажиллах боломжийг нээж өгөх хэрэгтэй. Түүнээс биш бид зорьсондоо хүрэх гэж хэн нэгний бөгсийг үнсэх хэрэггүй л байхгүй юу. Үүнийг хүсэх ч үгүй. Хэн нэгэн даргын үүдэнд хэдэн долоо хоног зогсч, уйлж, дуулж, өвдөг сөхөрч байж ямар нэгэн албан тушаалд очдог бол утгагүй. Өнөөдөр ийм зарчим үйлчилж байна. С.Баяр С.Батболдод албаа шилжүүлдэг зарчим яг л тэр. С.Баяр тийм л мундаг шударга байсан юм бол С.Батболдыг МАХН-ын дарга, Ерөнхий сайд болгохдоо шударга өрсөлдөөний зарчмыг яагаад баримтлаагүй юм бэ. “Ардчилсан зарчим бол шударга өрсөлдөөн дээр тогтоно” гэдэг шүү дээ. Бизнесийн салбарт “Шударга бус өрсөлдөөнийг хориглоно” гэж хуульчилсан байдаг. Гэсэн атлаа хууль батлагчид өөрсдөө улс төрийн салбарт үүнийг уландаа гишгээд байх юм. Өв уламжилсан, албаа дамжуулсан, нэг тиймэрхүү байдалтай байна. Хэн нэгнийг тавьдаг, нөгөөх нь “Баярлалаа, дарга минь” гэдэг. Тэгэхээр тэр хүн хэнд үйлчлэх вэ. Мэдээж хэрэг, өөрийг нь албан тушаалд тавьсан даргад л үйлчилнэ шүү дээ. С.Батболдыг МАХН-ын Бага хурлаар ёс төдий батлаад л өнгөрсөн. Тухайн үед хэн нэгэн хүн танхимаас нэрээ дэвшүүлэн өрсөлдөж, МАХН-ын дарга болсон бол өдийд Бага хурлынхаа 250 гаруй гишүүнтэй биечлэн уулзаж, цаашид яах ёстой вэ, шинэчлэл гэж юу яриад байгааг нэгд нэгэнгүй судлах ёстой байсан юм. Харин түүнийг дарга нь томилсон юм чинь даргатайгаа л ярьж таарна. Нөхөдтэй ярихгүй. Би өнгөрсөн дөрвөн жил МАХН-ын Бага хурлын гишүүнээр ажиллалаа. Тэгэхэд манай намын дарга намайг “Энэ чинь Бага хурлын гишүүн шүү” гэж ганц ч удаа дуудаж, үгийг минь сонсоогүй. Миний хувьд, микрофоны ард дугаарлаж, чихцэлдэн байж намын Бага хурлын индэрт хоёр удаа үгээ хүргэсэн. Хоёр байтугай нэг ч үг хэлээгүй хугацаагаа дуусгасан гишүүд зөндөө байгаа. Тиймээс МАХН-ын Бага хурлын гишүүн хэн ч биш юм байна. Тийм биш байх ётой. Ирэх сард хуралдах XXVI их хурлаар намын даргын асуудлыг яривал түүнийг ардчилсан, өрсөлдөөний зарчмаар сонгох ёстой.
-Тухайн үед С.Баяр төрийн тулгалт хийснийг танай намынхан, мөн бусад улстөрч ч шүүмжилдэг. Ер нь С.Батболдыг намын Бага хурлаар ёсчилчихоод их хурлаа хойшлуулсаар ирснийг юу гэж ойлгох вэ?
-Үүнийг тэр хүнээс л асуу. С.Батболдыг намын Бага хурлаар ёс төдий баталсан нь үнэн. Тиймээс залуус XXVI их хурлын үеэр асуудлыг зоригтой ярих ёстой. Аливаад аялдан дагалдсан байдлаар хандаж болохгүй гэдэг үүднээс бид “Шинэ эхлэл” хөдөлгөөнийг байгуулсан. Хөдөлгөөний маань үйл ажиллагаа идэвхтэй өрнөх байх гэж бодож байна. Манай Дэмбэрэлийг та бүхэн мэднэ шүү дээ. Тэрбээр Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны даргаас өөрийнхөө хүсэлтээр огцорч байсан. Одхүү гэж чадалтай залуу бий. Сумъяа гэдэг АНУ-д боловсрол эзэмшиж, том даргын туслах хийж явсан хүн байна. Бидний хувьд, хэн нэгэн даргыг шүүмжлэхдээ биш, тогтолцоогоо шударга болгоосой гэж л хүсч байгаа юм. Тухайн үед С.Баяр хоёр, гурван хүний нэр дэвшүүлэн өрсөлдүүлж, тэр дундаас шийртэй нэгэн нь ялаад гарч ирсэн бол тэр хүнтэй ярих юм байхгүй. Ер нь “Би намын Бага хурлаар ийм асуудал хэлэлцүүлэх гэж байна. Та бүхэн юу гэж бодож байна вэ” гэж ард түмнээсээ телевизээр асуучихдаг байх хэрэгтэй. Тэгэхгүй хэн нэгний анкетыг тас өвөртөлчихөөд яах гээд байгаа нь мэдэгдэхгүй хоёр тийш холхиж байснаа индэр дээр гармагцаа “Май, энэ хүнийг сонго. Сонгохгүй бол чи зайл” гэж тулгадаг арга XXI зуунд тохирохгүй. Ялангуяа МАХН Монгол ардын нам болж, шинэ үеийг өөртөө татаж эгнээндээ нэгтгэе гэж байгаа бол томилж, шийдвэрлэдэг аргачлалаа өөрчлөх нь зүйн хэрэг.
-Д.Догсомыг дахин “төрүүлсэн” та бүхэн МАХН-ын нэрийг Монгол ардын нам болгон өөрчлөхийг дэмжиж байгаа гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна?
-Тийм ээ, дэмжиж байгаа. Монгол ардын нам, бас Монголын нам байсан ч хамаагүй. Нийгмийн нам байсан ч ялгаагүй. Хамгийн гол нь би МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийг үнэлсэн. Манай намын үе, үеийн удирдлагууд нэр, үзэл баримтлалаа шинэчилнэ гэж ярьдаг байсан ч айгаад хийж чаддаггүй байсан юм. Гэтэл У.Хүрэлсүх дарга “За, намаа ингэж шинэчилье. Зөв үү, буруу юу” гээд асуудлыг ширээн дээр гаргаж тавьсан шүү дээ. Бид үүнийг нь тойрч яриад л байгаа. Ярьж байгаад зөвийг нь сонгож, цааш явна. Тэгэхээр энэ бол зоримог шийдвэр. МАХН-ын одоогийн генсек шиг хүн 2008 онд намын “гал тогоо”-г удирдаж байсан бол байр маань шатахгүй байсан байх.
-МАХН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд Монгол Улсын эдийн засгийн 20 жилийн бодлогын талаар сая хөндсөн. Гэвч “хаягдал”-ыг нь хэн шүүрдэх вэ. Та нар уу, МАХН-ын дарга нар уу?
-Мянга шүүрдээд цэвэрлэгдэхгүй байгаа хогоо эхлээд өөрсдөө шүүрдэг. Тиймээс “Та нар цэвэрлэ” гээд дарга нарт шүүрээ өгчихлөө. Хэрэв тэд цэвэрлэж чадахгүй бол бид өөрсдөө аваад шүүрдэнэ.
-Дарга нар хэзээ хог шүүрдэж байсан юм бэ?
-Үгүй, тэгвэл дарга нарыг өөрсдийг нь шүүрдэхгүй юү. Хог шүүрддэггүй дарга нарыг өөрсдийг нь шүүрдье л дээ.
-Та “МАХН-ын даргыг өрсөлдөөний зарчмаар сонгох ёстой” гэлээ. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар манай сонинд өгсөн ярилцлагадаа “Их хурлаар намын даргыг албан ёсоор сонгох хэрэгтэй” гэж дурьдсан. Энэ юуг зөгнөөд байна вэ. Тэр үед яг юу болно гэж?
-МАХН-ыг удирдах боломжтой хүмүүсийг жагсааж байгаад хооронд нь өрсөлдүүлж сонгох хэрэгтэй.
-Товчхондоо, С.Батболдыг солино гэсэн үг үү?
-Солино гэсэн үг биш. Тэр хүн өрсөлдөөнд ялаад гарч ирэх ёстой. Зах зээлийн шалгуур шүү дээ, энэ чинь. Өрсөлдөөнд тэсч үлдсэн нь лидер, best нь байна биз. Ийм зарчмаар явж, өрсөлдөөн дундаас тодор л доо. Ингэхийн оронд хэн нэгэн дарга нэрийг нь уншиж, нөгөө хэд нь баталдаг бол утгагүй. Үүнийг бид хүлээн зөвшөөрөхгүй. Тэгээд ч Бага хурал бол намын даргыг сонгох бүрэн эрхтэй газар биш. Түр буюу үүрэг гүйцэтгэгчээр сонгох хэмжээний л байгууллага. Намын дүрэмд ч ийм заалт бий. Сая бид шүүр гардуулсан шигээ XXVI хуралд сюрприз бэлтгэж байгаа. Бид намын бүх түвшинд нэр дэвшигчдийг бэлтгэнэ. Гэхдээ дарга нарын татаасны хүмүүсийг санал болгох биш, танхимаас нэр дэвшүүлэх замаар улс төрийг жинхэнэ утгаар нь хийнэ. Олон түмнийг сайн зүйлд уриалж, дагуулах чадвартай хүмүүс сонгоход чиглүүлэгч нь болно доо. Энэ бол шударга зарчим.
-Танхимаас хэн, хэний нэрийг дэвшүүлэхээ тохиролцоод эхэлчихсэн үү?
-Шударга өрсөлдөөний зарчмыг л баримтална. Ялах, ялагдах нь бидэнд сонин биш.
-Их хурлын үеэр намын даргын асуудлыг ярих цаг, боломж гарах уу. Нэр, үзэл баримтлалаа шинэчлэн баталлаа. Тэгээд л хаалтын ажиллагааг ёслол төгөлдөр хийгээд өнгөрөх юм биш үү?
-Ярина аа. Заавал ярина. Энэ бол намын их хурлын үеэр ярьдаг л асуудал. Ер нь МАХН-ын дарга, Бага хурлын гишүүдийг шинээр сонгох байлгүй. Дарга нар аялдан дагалдаж, тал зассан нэгнээ сонгох, дагуулахдаа биш, үнэн үг хэлдэг, бусдыг араасаа дагуулж чадах залуусаар Бага хурлаа бүрдүүлж, эрч хүчтэй ажиллаасай.
-Та ч хашрахгүй хүн юм аа. Ингэхэд танай хөдөлгөөнийхөн улс төрийн хүрээнд хамгаалалт хэр сайтай вэ. Хамгаалалтгүй бол өөрсдөө л шүүрдүүлнэ шүү дээ?
-Улс төрийн хамгаалалт гэж хэн нэгэн даргыг хэлээд байгаа юм уу. Аль эсвэл хамтран зүтгэгсдийг маань хэлж байна уу.
-Мэдээж хэрэг, эрх мэдэлтнүүдийн тухай ярьж байна?
-Түрүүнд хэлсэн шүү дээ. Хэн нэгэн даргын хаалгыг тогшиж, үүдэнд нь хонон өнжин зусардаж, албан тушаалд томилогдсоноос томилогдоогүй нь дээр. Өөрсдийнхөө чадлаар өрсөлдөн ялбал бидний амжилт энэ. Зорилгоо бага ч болтугай биелүүлж байна гэсэн үг.
-Муугаар төсөөлье л дөө. Нийгэмд өөрийгөө овоо таниулж, улс төрийн карьер хөөж яваа та бусдад нэгмөсөн шүүрдүүлж, хэн ч биш болохоос болгоомжлохгүй байна уу?
-“Тоглохгүй бол ялагдахгүй. Ялагдахаас айвал ялахгүй” гэдэг. Хэрэв хожигдохоос эмээх юм бол ингэж явах хэрэггүй.
-Та хөдөлгөөн байгуулснаа зарлахдаа экс Ерөнхийлөгчийн тухай онигоо ярьсан гэсэн. Ямар утгатай онигоо юм бэ?
-Бүх дарга нарт хамаатай онигоо юм даа. Нэг нөхөр дарга болоод зовлонгоо ярьж гэнэ. “Дээр гарах зовлонтой байна. Хүн болгон шүүмжлээд” гэсэн чинь хажууд нь сууж байсан хүн “Дээр байхад доороос хамаг муу муухай юм чинь харагддаг байх л даа. Тийм байхад шүүмжлэхгүй яадаг юм” гэдэгчлэн зарим дарга буучихаад дээшээ харсан чинь нөхдийнх нь хамаг юм харагдаж л дээ. Тэгээд “Өө, энэ чинь харин муухай юм” гэж шүүмжлээд байж магадгүй л гэж би ярьсан юм.
-Үнэхээр ч Н.Энхбаяр өөрийнхөө барьсан хана хэрэмний гадна гармагцаа “Болохгүй байна” гэж ярих боллоо. Бусад намынхан үүнийг “Зөв” гэж байна л даа. Харин та эсрэг бодолтой байна уу?
-Экс Ерөнхийлөгчид ажил хийх боломж байсан. Бүр үнэхээр их байсан. Бүгд л түүний өмнө сөгдөж байсан биз дээ. Тэрбээр одоо ярьж байгаагаа тэр үед л хийх байлаа. Гэвч нэгэнт өнгөрсөн. Цаг үе ч өөр боллоо. Тиймээс экс Ерөнхийлөгч бусдад зааж, зөвлөөд суух ёстой. Гэхдээ би тэр хүн чухам юу бодож байгааг мэдэхгүй. Онигоо ч яах вэ. Хамгийн гол нь аливаад цаг хугацаа гэж бий. Н.Дашзэвэг, В.Удвал гэхмэтчилэн өөрсдөө чадахгүй болоод улс төрөөс зайлуулагдсан нөхөд манай хүнийг тойрч суучихаад “Та ингэх ёстой” гэж буруу зөвлөдөг байж магадгүй. Тиймээс МАХН-ын залуу гишүүний хувьд “Тойрон хүрээлэгчид болон буруу зүйл зөвлөж байгаа хүмүүсийн үгийг битгий сонсоорой. Өөрийнхөөрөө, бас намынхаа залуу гишүүдэд зааж, зөвлөн хүндлэлийг нь хүлээх боломжтой шүү. Түүнээс биш хөдөлгөөн байгуулж, чихцэлдсэн олон хүнтэй автобус руу чихэж орж ирснээр улс төр хийдэг юм биш шүү” гэж бодож байна. Миний хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны сонгуулиар улаа эргэтэл явсан биднийг гадаа даарч зогсоход дарга нар дотор хундага тулгаж, залууст хэн ч биш юм шиг хандахад огт гомдож байгаагүй. Харин 2009 оны сонгуулиар өөрийнх нь төлөө эцсээ хүртэл ажилласан журмын нөхдөө “Миний эсрэг ажилласан” гэхэд нь үнэхээр гомдмоор санагдсан. УИХ-ын 59 дүгээр тойрогт маргаан гарахад бид Н.Энхбаярын удирдлага дор тэмцэж л явлаа. Тэр үед МАХН, Ардчилсан намынхан парламентад тус бүр 38 суудалтай болж, нэгнээсээ нэг суудлаар илүү болохын төлөө амь тавин тэмцэж байсан. Сам.Отгонбаяр, Ж.Гүррагчаа хоёрын өрсөлдсөн тойрогт маргаан гарч, хоёр намынхан гэр барьж, нэг нэгэндээ дайн зарлах нь холгүй байлаа шүү дээ.
-Н.Энхбаярынхан МАХН-ын XXV их хурлын үеэр М.Энхболдыг унагаж байж С.Баярыг намын ¬дарга, Ерөнхий сайд болгосон. Гэтэл мань хүн яагаад тэднийг хаясан юм бол. Олон нийтийн сонирхлыг татдаг энэ асуудалд таны бодлыг сонсмоор санагдчихлаа?
-Хувь хүний жудгаас шалтгаалах л асуудал.
-С.Баярын жудгаас уу?
-Тийм. Бас шаралхаад байгаа экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын жудгаас шалтгаалах болов уу. Би сайн мэдэхгүй юм. Хөлбөмбөгтэй зүйрлэвэл, хоёр өөр баг нэг хаалга руу довтлоод ч байгаа юм шиг. Заримдаа сонин, сонин юм болох л юм байна шүү дээ. Ухаан хүрэхгүй юм уу, аль эсвэл байж болохгүй зүйлс хийгээд байдаг юм болов уу. Заримдаа энэ дарга нарын жудаг жодог болчихоод байна шүү.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье!
С.БАТТУЛГА
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин