Премьер лигийн 9-р тойрог

Хуучирсан мэдээ: 2010.10.25-нд нийтлэгдсэн

Премьер лигийн 9-р тойрог

Английн Премьер лигийн ээлжит тойргийн тоглолтууд амралтын өдрүүдэд болж өнгөрлөө. Энэ тойргийн тоглолтууд дуулиан шуугиан багатай, том багууд бүдэрсэнгүй үргэлжилсэн юм.

Бямба гаригт есдүгээр тойргийн салхийг “Эвертон”, “Тоттенхэм” багууд хагалж, Уайт Харт Лейн цэнгэлдэхэд эвийн гэрээ байгуулсан байна. Мөн хүснэгтийг тэргүүлэгч, цомыг хамгаалагч Лондонгийн “Челси” энэ жил лигт шинээр элссэн “Вулверхэмптон”-г өөрийн талбайдаа хүлээн авч 2:0 харьцаатай хожсон, харин гоолуудыг Малуда, Калу нар оруулсан юм. Ингэснээр Франц залуу Карлос Тевезийн хамтаар мэргэн буучдын жагсаалтыг долоон гоолтойгоор тэргүүлж эхэллээ. Талбайд нь буулгаж авах нь лигийн ямар ч багт хүндхэн болоод байгаа “Бирминхэм Сити” энэ тойрогт “Блэкпуль”-тэй тоглож, мөн л 2:0-ээр хожсон байна.
Харин ням гаригт “Стоук Сити” “Манчестер Юнайтед”-ыг талбайдаа хүлээн авсан. Талбайн эздийн хувьд сүүлийн хэдэн жил “МанЮ”-г хожиж чадахгүй байгаа бөгөөд сүүлийн гурван жил гаруй хугацаанд Ван дер Саарын хаалганд гоол хийгээгүй байсан. Харин энэ улирал эхэлснээс хойш айлын талбайд дөрвөн тэнцээ хийн, учраа олохгүй байгаа “Улаан чөтгөрүүд” гол довтлогч Уейн Рүүнигээ авч үлдэж чадсан баярт мэдээтэй энэ тоглолтыг эхлүүлсэн. Сүүлийн хэдэн тоглолтонд гоол хийж, Английн хөлбөмбөгт идээшиж байгаагаа харуулах болсон Мексикийн залуу од Хавьер Эрнандес буюу “Чичарито” дубль хийж, багийнхаа хожилд үнэтэй хувь нэмэр оруулсан. Харин Туркийн Тунжай Шанли “Стоук”-ийн цорын ганц гоолыг хийсэн юм. Ингэснээр Сэр Алексын баг зочилж тоглосон тоглолтуудаас анхны хожлоо авч чадсан аж.

Сүүлийн хэдэн жил Премьер лигийн топ дөрөв гэгдэж байсан багуудаас хамгийн муу амжилт үзүүлж байгаа Мерсисайдын “Улаанууд” буюу “Ливерпуль” энэ тойрогт “Блэкбурн”-ыг талбайдаа 2:1 харьцаатай буулгаж авсан. Гоолуудыг Киргиакос, Торрес нар хийсэн бол Каррагер өөрийн хаалгандаа авто гоол хийсэн байна.
Есдүгээр тойргийн хамгийн сонирхолтой тоглолт “Манчестер Сити” болон “Арсенал” багуудын хооронд болсон. Уг тоглолт Манчестерийн цэнгэлдэхэд болсон бөгөөд залуу “Их буучид”-ын давамгайлал дор тоглолт явагдсан гэж хэлж болно. “МанСити”-гийн залуу хамгаалагч Дедрик Бояата эхний 10 минутанд Шамах дээр хийсэн алдаанаас болж улаан хуудас хүртэн талбайг чөлөөлснөөр тоглолтын дүр зургийг орвонгоор нь өөрчилсөн. Хүнээр илүү “Арсенал”-аас Насри 20, Сонг 66, Бендтнер 88 дахь минутанд гоолдсон. Ингэснээр Сити хүснэгтийн хоёрдугаар байраас ухран дөрөвдүгээрт бичигдсэн бол “Арсенал” адил оноотой тэдний оронд хоёрдугаарт бичигдэж байна. Ээлжит тойргийн дараагаар “Челси” лигийг тэргүүлсэн хэвээр байгаа бөгөөд тэднээс таван оноо алдан “Арсенал”, Манчестерийн хоёр баг аваргуудыг нэхэж явна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж