
Хууль зүй дотоод хэргийн яамнаас баталсан “Эрх зүйн дунд хугацааны хөтөлбөр”-ийн хүрээнд Хэнтий аймгийн хэмжээнд “Шударга ёсыг өөрөөсөө эхэлье” аяныг төрийн байгууллагууд энэ сарын турш зохион байгуулж байна. Энэ аянаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Эрүүл мэндийн газар, Боловсрол соёлын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Цагдаагийн газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, Өмнөдэлгэр, Биндэр сумд ажил үйлчилгээгээ иргэдэд танилцуулж байна. Хууль зүйн хэлтсийн эрх зүйн туслалцааны төвөөс Өмнөдэлгэр, Биндэр сумын 120 гаруй иргэдэд Хөдөлмөрийн тухай хууль, Иргэний хуулийн гэрээний эрх зүй сэдвээр сургалт зохион байгуулж, иргэдэд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар ажиллаж байсан байдал тогтоолгоход бүрдүүлэх нотлох баримт, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэр хүчингүй болгох хууль зүйн үндэслэлийн талаар, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт, итгэмжлэл хэрхэн бичих, шүүхэд нотлох баримт гаргаж болох зэрэг олон талын зөвлөгөө өгч байна.
И.Байгалмаа