Ажилчдын Холбооноос мэдэгдэл гаргажээ

Хуучирсан мэдээ: 2010.10.25-нд нийтлэгдсэн

Ажилчдын Холбооноос мэдэгдэл гаргажээ

Сүүлийн жилүүдэд иргэний нисэхийн салбарын  тогтвортой үйл ажиллагаа болон нислэгийн аюулгүй ажиллагааны тогтолцоо өдрөөс өдөрт суларч, салбарын ажилчдад иргэний нисэхийн дүрэм, заавар, журмын дагуу үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоо хангагдахгүй байгаа бөгөөд үндэсний боловсон хүчнийг үгүйсгэн,тэдэнд дарамт шахалт үзүүлэх, санамсаргүй алдаа гаргасан тохиолдолд учир шалтгааныг олж тогтоон алдаа дахин давтагдахаас сэргийлэх арга хэмжээ авч хууль дүрмээ сайжруулахын оронд буруутган шийтгэхийг урьтал болгодог явдал хэвээр үргэлжилсээр байна.

Үүний нэг тод жишээ бол А310 агаарын хөлгийн засварын үед гаргасан алдааг шалтаглан 2010 оны 5-р сарын 25-ны өдөр МИАТ ХК-ийн Техникийн газрын ерөнхий менежерыг ажлаас халж, иргэний нисэхийн олон улсын болон монгол улсын дүрэм зааврыг ноцтой зөрчсөн нь Европын холбооны улсын ИНЕГ–с  зөвшөөрөгдсөн Техник Үйлчилгээний байгууллага болох МИАТ ХК-ийн Техникийн Газрыг хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болгосон.  Энэ тухай бид удирдлагад мэдэгдэж, үүссэн нөхцөл байдлыг засаж залруулах шаардлага тавьсан боловч ТӨХ, МИАТ ХК-ий ТУЗ, удирдлага нар ажилчдын хууль ёсны шаардлагыг хүлээж аваалгүй Техникийн газрын ажлын байрыг хууль бусаар хаасны улмаас олон улсын нислэг 3 хоног саатсан билээ.

Тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр инженер техникийн ажилчид онгоц барьцаалсан, онгоцоо цоожлоод онгойлгохгүй байгаа, хөдөлмөрийн хууль зөрчсөн, хууль бус ажил хаялт зохион байгуулсан гэх мэтээр буруу ташаа мэдээлэл тарааж олон нийтийг төөрөгдүүлж байсан билээ.

МИАТ ХК-ий захиргаанаас 2010 оны 5-р сарын 25-наас 27-ны хооронд нислэг саатсан явдалд инженер техникийн ажилчдыг буруутгаж, тэднийг хууль бус ажил хаялт зохион байгуулсан гэж тогтоолгохоор Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Энэхүү МИАТ ХК-ий зүгээс үүсгэсэн хэргийг 2010 оны 10-р сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүх хянан шийдвэрлэлээ. Тус шүүх хуралдаанаар инженер техникийн ажилчид нь аюулгүй ажиллагааны заавар зөрчигдсөн, аюултай байдал үүсэн тул иргэний нисэхийн дүрэм, Монгол улсын хуулийн дагуу ажлаа зогсоож, энэ тухайгаа удирдлагадаа мэдэгдсэн бөгөөд хууль  бус ажил хаялт хийгээгүй болохыг шүүхээр  тогтоогдлоо.

Цаашид МИАТ ХК-ийн удирдлага хууль дүрэм, аюулгүй байдлын заавараа мөрдөн ажилласан инженер техникийн ажилчидаа буруутгаж, шүүх, цагдаад нэхэмжлэл гарган, дарамт шахалт үзүүлэх үйл ажиллагаа явуулахаа нэн даруй зогсоохгүй бол бид цаашид ийм удирдлага болон захиргаатай хамтран ажиллах боломжгүй бөгөөд, нислэгийн аюулгүй байдлыг ханган ажиллахад ноцтой хүндрэл учрах аюултайг ухаарах цаг нэгэнт болжээ. 
Өнөөгийн иргэний нисэхийн салбарын тогтолцоо нь олон улсын иргэний нисэхийн нийтлэг жишгээс гажуудан хэвийн үйл ажиллагаа явуулах чадваргүй болж, одоо үйлчилж буй иргэний нисэхийн хууль, дүрмийн хүрээнд салбарын үйл ажиллагаанд зохицуулалт хийхэд хүндрэлтэй, дүрмийн заалтууд бүрхэг, тайлбаргүй, мөн зохицуулалт хийгдээгүй асуудлууд олон байгаа нь иргэний нисэхийн цаашдын хөгжилд чөдөр тушаа болсоор байна.

Иймд бид цаашид гарч болзошгүй эрсдлээс сэргийлэж МИАТ ХК, ИНЕГ-ын үйл ажиллагааг зөв гольдролд оруулж, хөгжлийн зөв замаар нь явуулах үүднээс дараах арга хэмжээнүүдийг нэн яаралтай авч хэрэгжүүлэхийг дахин дахин шаардсаар байгаа бөгөөд холбогдох яам, төрийн байгууллагуудад дахин анхааруулж байна. Үүнд:

ИНЕГ-ыг аж ахуйн үйл ажиллагаанаас салгаж цэвэр мэргэжлийн чиг баримжаа бүхий төрийн хяналтын байгууллага болгон мэргэжлийн чадварлаг боловсон хүчнээр бэхжүүлэх ,
Монголын Иргэний Нисэхийн дүрмүүдийг илүү боловсронгуй Европын Холбооны улсын Иргэний Нисэхийн дүрмийн чиг хандлагад яаралтай шилжүүлэн сайжруулах зэрэг болно.
Төр засгийн зүгээс Иргэний нисэхийн салбарын тогтолцоог эрүүлжүүлэх үйл ажиллагааг нэн даруй хэрэгжүүлнэ гэдэгт бид гүнээ итгэж байна.

Агаарын Тээврийн Инженер Техникийн Ажилчдын Холбоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж