
Хуулийн төслийг Барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга уншиж танилцуулсан бөгөөд хуулийн нэр томьёог бусад хуультай уялдуулах, сүүлийн жилүүдэд хувийн хөрөнгө оруулалтаар инженерийн шугам сүлжээг хамтад нь хийх болсонтой холбогдуулан энэ төрлийн харилцааг нэмж зохицуулах, амьдрахыг хориглосон орон сууцанд үзүүлэх үйлчилгээг хаах байдлаар тухайн газар ашиглахыг хориглох, нүүлгэн шилжүүлэх зэрэг асуудлыг тусгасан талаар танилцуулав. Энэхүү хуулийг Засгийн газраас санаачлан оруулж ирсэн бөгөөд хуралдааны танхимд нийслэлийн Засаг даргын орлогч Г.Мөнхбаяр болон бусад хотын төлөөлөгчид оролцлоо.
Хуралдаанд оролцогчдын зүгээс сүүлийн үед баригдаж буй барилгууд өндөр баригдаж байгаа. Гэтэл лифтний талаар хяналт тавьж буй газар байна уу, хүн амьдрахыг хориглосон орон сууцны барилгыг хэрхэн тодорхойлох, энэ хуультай холбогдуулан барилгын үнэд өөрчлөлт орох эсэх, 40-50 мянгатын хуучирсан барилгууд ихтэй. Үүнийг дахин төлөвлөлт хийх талаар хэдэн жилийн өмнө ярьж байсан боловч одоо чимээгүй болчихож. Энэ ажил хэрхэн явагдаж байгаа зэрэг өргөн хүрээг хамарсан асуудлыг хөндлөө.
УИХ-ын гишүүд дээрх хуулийн төсөл боловсруулагчдад асуулт тавьсан бөгөөд хариулт хангалттай байхгүй байсан тул асуулт асуусан гишүүн бүр асуултаа давтан, тодорхой хариулт өгөхийг шаардаж байв.
Түүнчлэн “та нар хүний ажилласан хуулийн төсөл бариад ороод ирчихсэн юм уу, та нарын энэ байдлаас чинь харвал хуулийн төслийг боловсруулсан гэдэгт чинь итгэхгүй байна” хэмээн шүүмжлэв. Ийнхүү оновчгүй хариулт өгч чадахгүй байсан тул хуулийн төслийг боловсруулагчдаас болж уг хуулийн төсөл дэмжигдэхгүй байдалд хүрч, “хуулийн төслийг буцаах нь зүйтэй” гэх саналууд ч гарч байв.
Дээрх хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн олонх Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд Хуулийн төслүүдийг хэлэлцэх явцад амины орон сууцыг хөхүүлэн дэмжиж, зураг төслийг мэргэжлийн байгууллагаар хийлгэх боломжийг судалж үзэх, хүн амьдрахыг хориглосон орон сууцыг буулгах, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажлыг нарийвчлан тусгах, орон сууцны үнийг бууруулах асуудлыг төрөөс дэмжиж, урамшуулах, хот төлөвлөлтийг цогцоор нь шийдэхэд анхаарах, орон сууцны зохицуулалтын асуудлыг зөвхөн нийтийн эзэмшлийн сууцны хүрээгээр хязгаарлахгүй байх зэрэг саналуудыг Улсын Их Хурлын гишүүн Р.Буд, Ц.Цэнгэл, Я.Батсуурь, Д.Дамба-Очир, Г.Батхүү нарын гишүүд гаргасан аж.
Чуулганы хуралдаан дээр уг хуулийн өөрчлөлтөөр зохицуулсан зүйл, заалтууд барилга, орон сууцны салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд “жулдаж” байна. Хууль батлагдсанаар орон сууцны үнэд нөлөөлөх эсэх, орон сууцны засвар үйлчилгээ, хот төлөвлөлтийн асуудал зохицуулагдахааргүй байна. Уг хуулийн төсөлд шинээр орж ирсэн амьдрахыг хориглосон орон сууцыг ашиглахыг хориглох, ус тогоор хангахгүй байх, буулган, дахин шинээр орон сууцанд оруулах зэрэг зохицуулалт нь нарийн тооцоо судалгаа алга байна. Улаанбаатар хотын нийт барилгын 70 орчим хувь нь зургаан баллаас илүү газар хөдлөлтийг тэсвэрлэхгүй энэ нөхцөлд олон орон сууц энэ ангилалд орвол эцэст нь хэрхэх тухай тооцоо алга, хэрэв зарим иргэд зөвшөөрөхгүй бол захиргааны арга хэмжээ алга байгааг шүүмжилжээ.
Ийнхүү хуулийн төслийг буцаан авах нь зүйтэй хэмээн саналаа илэрхийлж байсан боловч санал хураалт явуулахад нийт гишүүдийн дийлэнх хувь нь хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Байнгын хороонд шилжүүлсэн байна.
Б.ЭНХМАНДАХ