Хуучирсан мэдээ: 2010.10.25-нд нийтлэгдсэн

Амьдралын аялгуу

Хөгжмийн зо­хиолч, ур­­ла­гийн гавьяат зүтгэл­тэн Л.Балхжавын тог­лолт. Угаас манай рок попынхны тоглолт цаг­таа эхэлж байсан удаагүй учир бүр дасал болсон санагдаж байв. Тоглолтыг бүжиг дэглээч О.Ган-Очир найруулж байгаа учир шинэлэг бас сонгодог үдэш болно хэ­мээн тайлбарлаж бай­сан. Тэр ч утгаараа залуу найруулагчийн най­руул­сан тоглолтыг би­түүхэндээ гоё болох байх гэсэн бодолтой тоглолтын танхим руу ойртоход өөрийн эрхгүй сэтгэл догдлоно. Харин танхим руу ороход нөгөө л нэгэн хэвийн тайз засалт нүднээ харагдаж хэдхэн хормын өмнө ассан догдлол унтрав. Эхлэхийг нь хүлээн суух тусам дэндүү уйтгартай. Гэтэл тоглолтын салхийг Монгол Улсын Морин хуурын чуулга, удирдаач соёлын тэргүүний ажил­тан Д.Түвшинсайхан “Хээ­рийн салхитай мон­гол” аялгуугаар эхэлсэн нь сүртэй байв. Тоглолт гурван хэсгээс бүрдэж байгаа бөгөөд эхний хэсэгт нь шинэ залуу уран бүтээлчид дуулж байна.

 “Universe Best Song-2010” наадмын шилдэг оролцогч, үзэгчдийн хам­гийн хайртай дуучин Н.Өнөдэлгэр “Нарны хаан хүүхэд” дуугаар тоглол­тын нэгдүгээр хэсэг үргэлжлэв.

“Universe Best Song-2010” наадмын шилдэг оролцогчдын нэг Э.Соём­бо энэ үдэш сүүлд гар­гасан “Минийх болооч” шинэ дуугаараа залуусыг доргиосон бол “S4” хамтлагийнхан “Чи на­даас холдоо юу” дууг шинэчилсэн хувилбараар нь дуулсан сонирхолтой байв. Харин энэ жилийн наадмын гранпри шаг­налт Б.Жавхлантөгс тан­хим дүүрэн үзэгчдийг жинхэнэ бишрүүлсэн. Түүний хоолой үнэхээр чадалтай. “Эх дэлхий миний ээж” дууг үнэхээр гоё дуулсан. Түүний хоолой танхимд суусан 3000 хүн бүрийн чихэнд хүрсэн гайхалтай үзүүл­бэр байсан гэвэл хилс­дүүлэг болохгүй. Учир нь өмнөх дуучдын бүтээл заалны зарим хэсэгт сонсогдохгүй байсан нь нууц биш. Тиймээс ч хойгуур суусан үзэгчид сэтгэл гонсгор гарч яваа харагдсан.

Тоглолтын нэгдүгээр хэс­гийг энэ үдшийн хөт­лөгч, Б.Гантулга буюу Анууш “Дурлая дурлая дурланхан бүжье, хайрлая, хайрлая хайр­ланхан дуулъя” хэмээн дуулах шинэ дуугаараа өндөрлүүлсэн юм.

Тоглолтын нэг авууш­тай нь дуу бүрт зориулан бүжиг дэглэсэн бүжигчид чадварлаг жүжиглэлт бүхий бүжгүүдээрээ яа­хын аргагүй чимсэн. 

Тоглолтын хоёрдугаар хэсэг бүхэлдээ сонгодог. Яруу найрагч, сэтгүүлч Ш.Гүрбазар “Хоёрдугаар хэсгийг хөтлөх хүндтэй мөч над дээр ирлээ. Сайн байцгаана уу” хэмээн үзэгчидтэй мэндлэн “Мотив” хамтлагийг тайзнаа урив. “Мотив” хамтлаг үзэгчдийн дунд аль хэдийн өөрсдийн байр сууриа олжээ. Тэд өнгөрсөн жилийн тоглолтод шинэ залуу уран бүтээлчдийн эгнээнд багтсан бол энэ жил мэргэжлийн төвшинийхнийн эгнээнд элсчээ. Тэд “Чи мэдэхгүй” хэмээх хуучны сайхан дууг шинэчлэн дуулсан.

Тайз харанхуйлав. Сон­годог үдшийн сонгодог хэсэг яг одоо эхлэж байна. Тайзнаа гэрэл эргэн ирэхэд Ц.Намсрайжавын нэрэмжит Монгол Улсын филармонийн симфони найрал хөгжимчид байр­лалаа эзэлжээ. Удирдаач Н.Бүтэнбаяр удирдлаган дор симфони найрал хөгжимчид, төгөлдөр хуурч Б.Чинбат, “Sweetymotion” хамтлагийн дуу­чин Сүндэрээ хийлдэн хэдхэн хоногийн өмнө үзэгчдийн хүртээл бол­сон “Ижий минь байвал жаргалтай” дууны аялгууг хамтран тоглов.

Үүний дараа Б.Чинбат тайзнаа улирч симфони найрал хөгжимчидтэй хамтран “Амин хайрын эх орон минь” дууны хөгжмийг тоглож сонирхуулсан.
Гэтэл гэнэт… Дуучин Б.Маралжингоогийн хув­цас­лалт хүн бүр ундууц­лыг хүргэсэн. Үзэгчдийг огтхон ч хүндэлээгүй түүний хар богино даашинзны дотор цагаан дотуур хувцас өмссөн нь гэрэлтэж харагдаад л…. Яг л учраа мэдэхгүй цэцэрлэгийн бяцхан охин шиг эв хавгүй харагдаж байсан гэдгийг дуучин Б.Маралжингоод сануулахад илүүдэхгүй биз ээ.

Тоглолтын гуравдугаар хэсгийг рок попын “акулууд” эзэгнэсэн. Удах­гүй бие даасан тог­лолтоо хийх гэж бай­гаа “Sweetymotion” хамт­лагийнхан гуравдугаар хэсгийн салхийг хагалж “Шувуудын цувааг битгий тоолоорой” дуугаа шинэчилсэн хувилбараар нь дуулсан нь таалагдсан. Тэд хоолойны чадлаа гайхуулсан гэхэд болно. Учир нь хамтлагийн дуучин Сүндэрээ дээд өнгөөр дуулахдаа жин­хэнэ галзуу мэдрэмжийг үзэгчдэд өгч байсан. Харин “Зүүд” дуун дээрээ тэд хувцсаа тайлж дур булаам тачаангуй байдлаа харуулсан юм. Танхим ч үнэхээр халуун байсан шүү.

Л.Балхжавын сюрприз

Тоглолт өндөрлөх дө­хөж байна. Тоглолтын оргил хэсэгт хөгжмийн зохиолч, урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжав тайзнаа гарч ирэн үзэгч­дэд нэгэн гэнэтийн бэлгийг барьсан юм.

“Аялан дуулах чиний минь хоолойтой
Алаг нүдний сормуус шиг дэвээд
Аглаг тал дээгүүр шувууд буцлаа
Амраг минь, чи минь
Дуугаа дуулаач аяны шувуудыг эргэн иртэл дуугаа

дуулаач ээ…”

хэмээн энэ оройн эзэн Л.Балхжав өөрийн багш З.Хангалын “Аяны шувууд” дууг  “Sweetymotion” хамтлагтай хамтран дуулсан нь үзэгчдийг догдлуулсан мөч яах аргагүй мөн. Л.Балхжавын тоглолтыг нэг онцлог нь бүх насны үзэгчдийн төлөөлөл ирсэн нь түүнийг хэр уран бүтээлчийг харуулах буй за.

Тоглолтын гуравду­гаар хэсгийг дуучин, поп дива С.Наран “Гэгээн нар” шинэ дуугаар үргэлж­­лүүлж, “Киви” хамт­лаг шинэ уянгын дуу­гаар үзэг­чидтэй мэнд­чилсэн.
12 жил дараалан хөгж­мийн зохиолч, урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балх­жавын “Миний дуунууд” тоглолтын тайзнаа дуулж байгаа НҮБ-ийн элч дуучин, дива Т.Ариунаа энэ удаад “Зүүдний ди­ваажин” шинэхэн дуу­гаараа мэндчилэн “Миами аял­гуу” дуундаа бүжигчидтэй хослон тайз эзэгнэн гайхалтай бүжиг үзэгчдийн сэтгэлийг хөөр­гөв. Харин түүний бас нэг гэнэтийн бэлэг бол яруу найрагч Ш.Гүрбазарын үг, Л.Балх­жавын ая “Аавдаа” шинэ дуугаа энэ л тайзан дээрээс тэнгэрт байгаа аавдаа болон монголын бүх сайхан аавуудад нулимс­тай нүдээрээ өвдөг сөх­рөн дуулсан нь байлаа. Үнэхээр сэтгэлийн чавх­дас хөндсөн сайхан уран бүтээл байлаа.
Тайзнаа хөтлөгч Ш.Гүр­­­ба­зар “Камертон” хамтлагийг урьж “Нулим­саа арч охин минь” мөн тус хамтлагийн дуучин Мээдээтэй чацуу 1979 онд анх зохиогдсон “Би монгол хүн” дуу тайзнаа эгшиглэсэн юм. Хэдийгээр тэд шинэ уран бүтээл толилуулаагүй ч үе үеийн хит дуу эгшиглэсэн нь  энэ үдшийг бас нэгэн сюрприз байсан гэхэд болно.
…Хөтлөгч тайзнаа нэ­­гэн дууч­ны нэрийг хэлэл­гүй урихаар болсноо мэдэгдэхэд үзэгчдийн зү­гээс нэгэн дуугаар зууны манлай дуучин поп хатагтай Б.Сарантуяа хэмээн нижигнэсэн алга ташилт бүхнийг хучин авлаа. 12 жилийн турш энэ л тайзнаас уран бүтээлчийн шинэхэн дуунуудаараа бэлэг барь­саар ирсэн тэрээр энэ удаад ч тоглолтонд ирсэн үзэгчдийг “Санаж байна” гэх шинэ дуугаараа шагнав.  

Сюрприз үргэлжилсээр…

Одоо ОХУ-ын “Премьер Ми­­­нитср” хамт­­лагийн дуучин Б.Амар­­хүүг гарч ирэ­хийг хүлээсээр… Харам­салтай нь энэ удаад дуучин Б.Амархүү “Ми­ний дуунууд-2010” тог­лол­тод оролцсонгүй. Сураг сонсох нь ээ дуу­чин Б.Амархүүг хамт­лагийнхан нь байн байн Монгол руу явахад нь дургүй байдаг гэнэ лээ. Тэр ч утгаараа энэ удаад дуучин Б.Амархүүг хамт­лагийнхан нь “Татар ажиллагаа” киноны нээл­тэд мөн “Минийн дуунууд-2010” тоглолтод оролцуулахгүй байхаар шийдсэн гэсэн.
“Миний дуунууд 2010” тоглолтыг “Universe best songs” тэмцээний үе үеийн шилдэг дуучид хамтдаа энэ л  тайзнаас “Эх орноо хайрлъя” дуугаараа өндөрлүүллээ. Гурав хоногийн турш үдэш бүр танхим дүүрэн үзэгчдийн халуун алга ташилт, хөнгөн гунигт нууцхан автана…
Амьдралын аялгуунаас ухаарлын нулимсаар хацраа чийгтүүлэн уярч суусан нэгэн байхад залуу насны боргилсон цусаар буцалсан залуус ч энд бут авсан. Хөшиг дахин нээгдэхийг хүлээтэл дахиад нэг жил ээ.
 

М.Дөлгөөн,
 Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж