Өдөрт 80-100 явган зорчигч торгуулж байна

Хуучирсан мэдээ: 2010.10.23-нд нийтлэгдсэн

Өдөрт 80-100 явган зорчигч торгуулж байна

Явган зорчигч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас энэ онд 1418 осол бүртгэгдэж, үүнээс 28 хүн нас барсан байна. Энэ нь хүний амь хохирсон ослын 68.3 хувийг эзэлж байгаа юм. Харин хүнд, хөнгөн, хүндэвтэр байдлаар 1120 явган зорчигч гэмтсэн ба нийт гэмтсэн хүний 67.4 хувийг тус тус эзэлж байна. Сүүлийн гурван сарын хугацаанд явган зорчигчдын 20,5 хувь нь их бага хэмжээгээр зам тээврийн осолд өртөж, хүнд хөнгөн хэлбэрээр гэмтэж бэртсэн гэх  судалгаа бий. Замын цагдаагийн газраас явган зорчигчдийг торгох болсонтой холбогдуулан мөн тээврийн хэрэгслийн жолооч нар хамгаалалтын бүс тогтмол хэрэглэж буй эсэхийг  Замын цагдаагийн газрын Олон нийттэй харилцах албаны байцаагч дэслэгч Б.Лхагважаргалаас тодрууллаа.

-Зөрчил гаргасан явган зорчигчийг торгож эхлээд  багагүй хугацаа өнгөрлөө. Ер нь зорчигчид замын хөдөлгөөний дүрэм хэр зөрчиж байна?

-Явган зорчигчийг гэрэл,  дохиотой газраар хөдөлгөөнд оролцуулах, тэмдэгт тэмдэглээ байхгүй замаар зорчихдоо  замын хөдөлгөөний  дүрмийн дагуу ойртон ирж буй авто машиныг өнгөрүүлнэ гэснийг мөрдлөгө болгох үүднээс торгуулийн арга хэмжээ авч эхэлсэн юм.  Мөн  гарцтай газраар  жолооч нар явган зорчигчдыг аюулгүй зорчих  боломжоор хангах хэрэгтэй. Явган зорчигчийг торгож эхэлснээс хойш 400 орчим хүн торгуулсан байна. Өдөрт дунджаар 80-100 зорчигч торгуулжээ. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зорчигчдийн торгууль 1000-2000 төгрөг. Торгуулийн арга хэмжээ авч эхэлснээр иргэд тэмдэглээгүй газраар гарах, замын хажуугийн хайс давах зэрэг зөрчлүүд багассан байгаа.Энэ нь торгууль оногдуулж захиргааны арга хэмжээ авах нь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх гэсэн арга шүү дээ.

-Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар хамгаалтын бүс зүүх нь багассан юм шиг?

-Замын хөдөлгөөнд оролцож буй бүх тээврийн хэрэгслийн жолооч нар хамгаалалтын бүс тогтмол зүүх хэрэгтэй. Энэ  нь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд чухал нөлөөтөй гэж ойлгож болно. Тухайлбал  бүс нь 100 км цагаас илүүгүй хурдтай явсан тохиолдолд аваар ослоос хамгаалах бүрэн боломжтой.  Хэрэв жолооч нар  бүс зүүхгүй бол хуульд зааснаар 1000-10.000 төгрөгөөр торгох хүртэл арга хэмжээ авдаг.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж