Сургалт, судалгааны төвтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2010.10.23-нд нийтлэгдсэн

Сургалт, судалгааны төвтэй боллоо

Гадаад харилцааны яамны Олон нийттэй харилцах газрын Сургалт, судалгааны төвийн нээлт өчигдөр ГХЯ-нд болов. Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Монгол Улсын Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар нар Сургалт, судалгааны төвийг нээж, ГХЯ-ны нэгжүүдийн удирдлага, МУИС-ын ОУХС-ийн захирал тэргүүлэх профессор Н.Алтанцэцэг, МУИС-ын ОУХС-ийн Сургалтын албаны дарга профессор Н.Тунгалаг болон залуу диптомат, олон улсын харилцаа сурдаг оюутнууд оролцов. Г.Занданшатар сайд нээлтийн үг хэлснийн дараа Ц.Гомбосүрэн сайд залуу дипломат, их сургуулийн оюутнуудад Монгол Улсын гадаад харилцааны түүхээс сөхөн лекц уншиж, олон улсын харилцааны хөгжлийн тухай ярилцав.

“Монгол Улсын гадаад чиг бодлого авч хэрэгжүүлэх алхам, үйл ажиллагааг нарийн төлөвлөх, ул суурьтай судалгаан дээр үндэслэн үнэлж цэгнэх, дүн шинжилгээ хийх, нэг үгээр хэлэхэд бидний шийдвэр , алхамын шинжлэх ухааны үндсийг сайжруулах явдал чухал зорилгын нэг болж байгаа юм. Энэ нь гадаад харилцааг эрдэмжүүлэх явдал юм. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэх үүднээс тус төвийг байгуулж байгаа юм.

ГХЯ-ны Сургалт судалгааны төв нь залуу дипломатуудыг сургах, бусад төрийн болон төрийн бус байгууллагуудын гадаад харилцааны чиглэлээр ажилладаг ажилтнуудад сургалт явуулах болно. Мөн олон улсын харилцаа, дипломат алба, ёс зүйгээс эхлээд гэрээ хэлцэл хийх ур чадвар, дипломат харилцаа, олон улсын хууль эрх зүй болон гадаад хэлний мэргэжлийн өндөр түвшний сургалтыг гадаад , дотоодын чадварлаг багш нар,дипломатчид, сургалт, боловсролын байгууллагуудтай хамтран явуулах юм.

Урт, богино хугацааны эдгээр сургалтаас гадна, өргөн хүрээний, Монгол Улсын гадаад бодлогод шаардлагатай ултай судалгаануудыг ГХЯ, түүний системийн байгууллагын ажилтнуудыг тодорхой сэдвээр мэрэгшүүлэх замаар явуулж, судалгааны материалуудаа боловсруулж, цувралаар хэвлэж байх зорилго тавьж байна.

Түүнчлэн дэлхийн нэр хүнд бүхий сургалт, судалгааны байгууллагууд, их дээд сургууль, хүрээлэнгүүдээс нэр хүнд бүхий багш нарыг урьж авчиран цуврал лекц уншуулах, олон улсын тэргүүлэгч мэргэжилтэн, экспертүүдтэй хамтран олон улсын тулгамдаж буй асуудлаар хэлэлцүүлэг хийх боломжтой болтлоо өргөжин тэлж цаашдаа Дипломатын Академи болгон өргөжүүлэх том зорилго өмнөө тавьж байгаа юм.

Олон улсын тавцанд гарч буй улс төр, эдийн засаг, нийгмийн өөрчлөлтүүд биднээс цаашдаа гадаад хэлний өндөр мэдлэгтэй, хэлэлцээ хийх ур чадварыг сайтар эзэмшсэн,дипломатын харилцааны өндөр мэдлэг, дадлага туршлага бүхий  хүмүүсийг улам их шаардах болно гэдэг нь тодорхой байна.
Мөн бид гадаадын дипломат академиуд, их дээд сургуулиуд, судалгааны хүрээлэнгүүдтэй харилцаа, хамтын ажиллагаа тогтоон хөгжүүлэх бодолтой байгаа юм.

Энэхүү ажилд манай гадаадад томилогдон ажиллаж буй элчин сайд нар, дипломат ажилтнууд, өргөмжит консулуудын дэмжлэг туслалцаа зайлшгүй билээ.
Манай сургалт судалгааны төвд зориулан дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологиор хийгдсэн "Smart Board" электрон самбарыг бэлэглэсэн ХБНГУ-д суугаа Элчин сайд Б.Даваадорж болон Элчин сайдын яамны хамт олонд энэ завшааныг ашиглан талархаж буйгаа илэрхийлж байна” хэмээн Гадаад харилцааны сайд Г.Занданшатар хэллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж