Хуучирсан мэдээ: 2010.10.22-нд нийтлэгдсэн

    Тал нутгийн малчдынхаар  бууж мордож явахад нэрт яруу найрагч Долгорын Нямаагийн нэгэн шүлэг  санаанд орох юм.

    -Нүүдэл буцлаа
    Нүүдэл буцлаа
    Бор нялхсаа гангануулан цувлаа
    Ботго тэмээгээ хангинуулан цувлаа
    Бие биеэ буруутган цувлаа
    “Бидний заяа” гэж үглэлдэн цувлаа
    Хэдэн өдөр, хэдэн шөнө нүүх юм бол
    Хэний нутагт хаана хүрч буух юм бол
    Хэвийж яваа нас сүүдэр яах юм бол
Хэлд ороогүй охин үр минь ийх юм бол
    Хэлж мэдэхгүй юм
    Нүүдэл буцлаа
    Нүүдэл буцлаа” 
Д.Нямаа Дундговийн Өлзийтийн хүн.  Өгөөжит сайхан нутаг нь цөлжиж айл хотлоороо аймаг, хошуу алгасан нүүхийг хараад сэтгэл эмзэглэн ийн шүлэглээ болов уу. Юүтай ч нүүдэл  үргэлжилсээр…

    Миний уулзсан Довчингийн Доржпүрэв нутагтаа ирэлгүй долоон нүүр үзчихэж. Өөрийн нь Луус сум энэ жилийг эс тооцвол төдий жил гандсан гэнэ. Нүүсээр байгаад ”Үдээр нь бүрэн хана ч үгүй, будаг нь халцраагүй унь ч үгүй” болсноо тэр ярьж байна. “Талдаа 370 км нүүгээд Булганы Дашинчилэн хүрч өвөлжсөн. Тэнд манай аймгийн мянгаас дээш хоньтой гучаад айл  нүүж очсон. Хурга нь эр хонь шиг байхад юундаа ингэж нүүдэг байнаа гээд хангайхан гайхаад байх юм.  Ерөөс тэд нүүдлийн учрыг ойлгодоггүй” Энэ бол Доржпүрэвийн үг.

    Хулд сумын малчин Л.Өлзийбат,  Н.Батбаяр нарынх  хаашаа ч нүүсэн саахалт бууна. Хамаатан садан улс юм. Тэдэнтэй уулзаад “Нүүхийн дон тусчихсан айл”  шиг сэтгэгдэл төрсөн. Хэдхэн жилээр жишээ авъя. Эднийх Өвөрхангайн Бүрдэд өвөлжөөд шууд Өмнөговийн Баян-Овоо хүрсэн байх юм. Нутгийнхаа хажуугаар нүүн тийш зүтгэснээ “Ямар нутаг орноосоо болсон биш. Бэлчээргүй болохоор л арга ядаад ингэж явсан” гэж Өлзийбатын эхнэр Н.Янжмаа өгүүлж байхад түүний дүү Н.Батбаяр “Харин тийм. Малынхаа аясаар явсаар л тэр. Бид чинь тэндээ гурван жил болоод наашилж Өлзийтийн Буянтын нутгаар дайран Гурвансайхан хүрч өвөлжөөд хавартаа Дэрэнгийн нутгаар нүүдэллэн аймгийн төв дайран нутгийн бараа харан буудаллаад байна.  Сая олон жил үүлзаагүй ахындаа эгчтэйгээ  хамт очиж золгоод та нараас өмнө ирлээ” гэлээ. Нүүдэл хөөж хэдэн жил борви бохис хийгээгүй эд нар сая л нэг сэхээ авч хэдэн хүүхдээ авч Улаанбаатар орж тоглуулж наадуулж “Юм үзэж нүд тайлаад” иржээ. Эд нар нүүдлийн замд ажигласан зүйл олонтой. Өвөрхангайн Бүрдээс Өмнөговийн Баян-овоо суманд оччихоод хэдэн тэмээгээ тавиад явуулчихад хэд хоногийн дараа л “Тэмээ чинь хүрээд ирлээ” гээд нутгаас нь утасдаж байсан гэнэ.  Батбаярын эхнэр Ж.Нансалмаа “Хүний газар нүүгээд очиход хаашаа л харвал танихгүй хүн байх эвгүй. Газар газрын хүн янз бүрийн л араншинтай. Яваандаа дасах юм даа. Тэнэмэл амьдралаасаа ч залхах  л юм.  Хан хурмаст аашаа татвал хэдэн жил нүүдлээ завсарлан нутагтаа өвөлжмөөр л байна. Мал хүртэл нүүдэлд сурчих юм. Гэр орноо ачаалаад хөдлөхөд хонь мал ч хангинаад л шуурчихна шүү дээ.” хэмээн ярианд хачир нэмж сууна. Нүүдэлчид эхний жил нутгаа их санаж байснаа, хонь мал ч санаашраад  тарга хүч авч чаддаггүйг  ам амандаа дурсах юм.

    Сайхан-Овоо сумын Д.Раашбудынх гэхэд Хэнтий аймгийн Дархан сумын нутаг хүрч өвөлжөөд  аймгийнхаа нутгийг зүүнээс баруун тийш хөндлөн нүүдэллэсээр явна. “Тэндхийн өндөр бор өвс ч малыг уяж өгөх юм. Хоол ч болно. Түүний хүчинд хэдэн малаа авч гарлаа. Хэдэн сайхан уул хангай,тэр нутгийн сайхан сэтгэлт хүмүүс өлзийгөө өглөө” гэж Раашбуд өгүүллээ.  Энд тэнд явахад хуучнаараа, зан ааш эвдрээгүй, хүнд туслахын төлөө төрсөн юм шиг хүмүүс олон тааралдах юм. Сайнаасаа хавьгүй цөөн ч гэлээ  ааш муутай ганц нэг хүн таарах ч бас сэтгэл эмзэглүүлдгийг тэр дурсаад авна лээ. Раашбудын эхнэр Д.Наранцэцэг  нүүдэл суудал гэсээр сая л нутгийн зах руу орж ирсэн болохоор ах Д.Чандманыгаа аймгийн засаг даргаар томилогдож байгааг ч дуулж амжаагүй явав. Эднийх хүргэн Б.Ариунболдынтой айл саахалт нүүсээр ирж байгаа нь энэ.   
    Өөр нэг нүүдэлчин айл нь Улсын сайн малчин Дамбийн Даржаа-Юүгийнх. Эднийх Луус сумнаасаа  Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг хүрч өвөлжөөд ирж. Бүр нүүж сурчихсан айл юм.     Алтанширээгийн Засаг дарга Гочоо гэж мундаг дарга бий гэнэ. Оторчдыг сайхан хүлээж авдаг, өөрсдийн нь малчид шиг л тэнгэрийн ааш араншин харсан улс ирлээ гээд үг хэлээ амархан ололцдог. Ер нь Дорноговьчууд зан сайтай, ундтай устай, тусч цайлгахан улс аж. Нүүдэлчдэд газар нутгаа таниулж худаг усныхаа  тэр нь ундаргатай, энэ нь жаахан татуу гэж хүртэл хэлдэг нь отрын хүнд сайхан сэтгэгдэл үлдээж дээ. ”Тэр сайхан нутагт 400 км газраас зорьж оччихоод өнтэй сайхан өвөлжсөнийг ч хэлэх үү. Сумын нь дансанд зуун мянган төгрөг хийсэн. Отрын айл болгон нэг нэг хонь өгсөн. Тэр дайны юм байлгүй яахав” гэж улсын сайн малчин маань өгүүлнэ лээ.
  Бас ирэх өвлийн талаар олон хүний ам сайнгүй байгаа ч Даржаа-юү тайван байна. Энэ тухай нь лавлахад өнгөрсөн жилийн найм, есөн сар гэхэд ногтруу бөөгнөрөөд л, сүүдэр тусангуут дэрхийж нисээд нэг л биш байсан, энэ жил ер ногтруу бөөгнөрөхгүй байна л даа гэж сайн малчин өгүүллээ. Түүнтэй уулзсанаас хойш хоёр сар өнгөрлөө, ногтруу бөөгнөрөх нь ажиглагдсангүй. Тэгэр ч муу араншин гаргаагүй болохоор түүний үгэнд итгэмээр санагдана. Гэтэл  хашир өвгөд хүйтэн, цасархаг өвөл болно гэж айлдаад эхэлчихлээ. Хэний нь үг үнэнийг ирэх хэдэн сарын өнгө л харуулна гэдэгт итгэхээс яахав. Харин тэнд чоно элбэг гэнэ.  Гайгүй сайн иргийг нь нэг чоно багалзуураас нь хөтөлчихсөн, нөгөөх нь араас туугаад яваатай Даржаа-юү таарснаа ярьж байна. Ер нь хэд хэдэн хонины нь хоолой, багалзуурт боохой шүд хүрсэн гэнэ шүү.  Харин төмөр замын ойрдоо чимээ шуугианаас нь дайждаг юмуу, үзэгдэх нь ховор аж.  Адаацаг суманд Х.Дондол гэж хашир малчин бий.  Найман жил Төв аймгийн нутагт өвөлжиж хаваржсанаа “Нутгийн өгөөж, тэндхийн хүн ардын дэм тусаар малаа онд сайн оруулдаг юмаа. Зургаан хүүхдээ айл гэр болгон амьдралд залгуулсан минь энэ хэдэн малын буян. Өнгөрсөн өвөл бид таван хот айл хараа бараандаа нүүгээд мянган төл бойжуулчихаад ирлээ. Энэ чинь том үйлдвэрлэл явагдсан гэсэн үг. Үйлдвэрлэлийн байр нь тэр нутаг, өвөлжөө бууц нь. Үйлдвэрлэлийн байраа үнэгүй ашиглуулах хэн байх юм. Бид нүүж очингуут тэр сумынхаа удирдлагатай уулздаг. Тэднийг албан газрын дарга нартай нь цуглуулж идээ будаагаа амсуулж ам цагаан хонь өгөөд үг хэлээ ололцоод л гардаг. Өнөө авилга нь биш биз дээ. Хүний сэтгэлийн өглөг юм даа” гэж Дондол гуай ярьсан. Дондол гуай сайн малчин, шагай сайхан харвадаг, түүндээ жигтэйхэн хоббитой нэгэн.

    Дэлгэрцогт суманд Гангарын Гансүх  гэж  сайн уяач, сайн малчинтай уулзлаа. Аав Гангар нь аймгийн алдарт уяач цол хүртсэн.   Г.Гансүхийнх сүүлийн гурван жил Төв аймгийн Заамар, Угтаал хүрч өвөлжөөд өнгөрсөн зун нутагтаа ирж аавынхаа “Алдарт уяач” цолны нижгэр наадам хийчихэж. Олон жил нүүдэллээд явсан болохоор нутаг усныхан, ах дүүстэйгээ нэг өдөр ч гэсэн наадамдаж баясах сайхан байлаа. Аав маань ч их баярласан гэж Гансүх өгүүлнэлээ. Гансүхийнх  анх нүүгээд очиход хүн, малгүй дасч өгөхгүй байсан ч сүүлдээ нутагшчихсан аж. Бүр тэнд “Сүхээгийн бууц” гээд өвөлжөөтэй. Нутгийхантай нь наадамдаж сум, аймаг, бүсийнхэнтэй нь хурдныхаа шандсыг үзчихдэг болж. Оторт явахад газар газрын олон сайхан танилтай болдог, тэр бүс нутагт нь тохирсон мал маллагааны арга ч их сурдаг оторчдын бас нэг олз юм.

    Ийнхүү нүүдлийн урт замаас олз омогтой ирсэн, бас аяншиж зүдэрсэн олон малчинтай уулзаж явахдаа  эд маань юуны тул ингэж аймаг хушуу алгасан хэд хэдэн жилээр нүүдэллэнэ вэ гэж бодогдоно. Тэд отрын  цомбогор гэр, ойр зуурын хувцас  хунар, телевизор, сансрын антени, портер машин төдий хогшилтой л явна. Тавилга, тохилог ор энэ тэрийн тухай бүр ч саналтгүй. Нүүдлийн замд бол хониныхоо дэргэд машиндаа хоноглоод л явна. Хэдэн сараар  машин тэрэг нь   гэр орон болох ч энүүхэнд.  Ямар сайндаа гэхэв. Нутаг орон нь цөлжиж өвс ургамал ургахгүй олон жилээр гандаж  өвөл нь цастай, цасгүй зудлахаар амин зуулга хэдэн малынхаа аясаар явахаас яахав.  Ингээд л эцэс төгсгөлгүй их нүүдэл эхлэх бөлгөө. Нүүдлийг зогсооёо гэхээр  байгаль дэлхийн араншингаас хамааралтай хэдэн малчин хүчин мөхөсдөхөөс яалтай.  Харин Дундговь аймгийн хувьд шинээр томилогдож ирсэн Засаг дарга, доктор профессор Д.Чандмань “Нутаг маань бараг зуун хувь цөлжилтөд автжээ” гэж дуу алдаад “Ногоон Дундговь” хөтөлбөр боловсруулах ажилд шаламгайлан орсон нь  найдвар төрүүлж байна. Энэ бодлого хэрэгжвээс  цөлжсөн нутаг ногоорч их нүүдэл эцэслэх бизээ.

    Нүүдэлчдийн харцанд итгэл найдварын оч гэрэлтэж эхэллээ.

                                    С.ПҮРЭВСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж