Говь-угтаалын тэмдэглэл

Хуучирсан мэдээ: 2010.10.22-нд нийтлэгдсэн

Говь-угтаалын тэмдэглэл

Мандалговиос Говь-Угтаал сумыг зорин хөдөллөө. Эндээс Чойр хүрэх 200-гаад км  замыг хүчирхэг техник хусаад тэгшилчихэж. Үүнийг “Жоншны зам” гэж нутгийхан нэрлэх юм. Хагас зуун жил илүү хугацаанд энхэл донхол, бартаа нугачаа, дэржигнүүр замаар зорчсон Дундговьчуудад эл зам одоохондоо шил толь л гэсэн үг. Энэ зам Говь-Угтаалаас урагш арав гаруйхан км дахь төмөртийн уурхайг дайрах аж. Энд Хятадын зуун хувийн хөрөнгө оруулалттай Жөн-Юунь компань үйл ажиллагаагаа эхлээд хэдэн жилийн нүүр үзэж. Энэ хэдэн бор толгодод хэн, хэзээ “Төмөрт” гэж нэр хайрласныг хэн мэдлээ. Юутай ч даваа гүвээг сэтэлж, тэсэлж дэлбэлж  ёстой л төмөр шиг хар өнгийн хад чулуу, хайрга шороог уул овоо шиг хурааж хүнд даацийн хүчирхэг машины тэвшийг  аварга том утгуур хэд тонголзоод л дүүргэж харагдана. Төмөртийн энэ уурхайд Говь-Угтаалаас хориод хүн хар ажлыг нь хийнэ. Өглөө 7 цагт сумын төвөөс ажилчдаа авч орой нь хүргэнэ. Зарим нь шөнийн ээлжинд ажиллана. Харин тэрхүү монгол ажилчдын сарын цалин 180 мянган төгрөг байсныг 150 мянга болгон буулгасныг  нутгийхан янз бүрээр хэлэлцэнэ. Цагтаа энэ сумын Засаг даргаар ажиллаж асан, одоо эхнэр нь сумын нутгийн удирдлагын  байгууллага-хурлыг толгойлдог Д.Амгалан энэ компанид Монгол талаасаа нэг дэх хүн гэнэ.  Хэдэн жилийн өмнө орон нутгийн сонгууль болоход нөхөр нь АН-аас, эхнэр нь МАХН-аас нэр дэвшин нэг тойрогт  өрсөлдөж аймгийн ИТХ-д нөхөр нь ялан гарч ирсэн гэр бүл л дээ. Энэ хүн өөрөө хагас саяас дээш төгрөгийн цалин эндээс хүртэж чамгүй хангамж хөнгөлөлт эдэлдэг атлаа бидний цалинг хасуулсан гэж Монгол ажилчид нь гомдоллохтой ч тааралдлаа. Тэр ч бүү хэл төмрийн хүдэртэй гэх энэ газраас бүх төрлийн өнгөт металь, түүний дотор алт ч бий гэж ярилцах ч үнэн эсэхийг батлах хүн энд алга. Харин зарим өдөр тэсэлгээ хийтэл шар судал гараад ирэхээр хятадууд Монгол ажилчдаа буулгаад сумын төврүү хүргэчихдэг, маргааш нь ирэхэд шар судал ор мөргүй алга болсон байдаг. Тэр лав алт байгаад шөнө нь аччихдаг хэрэг гэж хардах хүн ч байх юм.  Юутай ч энд өндөр хүчдэлд холбогдсон товхийсэн сууринтай, ойрын үед төмрийн хүдрийн баяжмал гаргах энэ үйлдвэр дэргэдэх сум орны хөгжилд нааштай нөлөө үзүүлнэ гэдэг итгэл нутгийханд байгаа юм билээ. Тэндээс холгүй Хараатын орд гэж бас байгаа. Тэнд Хятадын өөр нэг компани гүний өрөмдлөг олон жил хийсэн. Өнгөт металийн том орд юм байх. Хараатын яг дэргэд өвөлжиж зусдаг  Баасажавын Нармандахынд буугаад мордвол , эхнэр Очирын Отгонтуяагаа “Журд”-даа сундлаад дагаад давхидаг байгаа. Тэгсэн чинь тэд Хараат хайрхнаа бүрэн бүтэн дээр нь зургийг авахуулж хоцрох гэнэ. Учрыг асуувал Хятадууд нэг л өглөө тэсэлж дэлбэлээд байхгүй болгочихно.Тэгээд ядаж зурагтай нь үлдэе гэнэ. Нутаг орондоо хайртай малчин залуус шүтэж биширдэг хайрхнаа ингэж дээдэлдэг байх нь.

    Сумын төвд хүрч очвол  Засаг даргын тамгын газар хоёр давхар шинэ байрандаа нүүгээд орчихож.  Социализмын үеийн Ахуйн үйлчилгээний төвийн барилга хаягдаад хориод жил болохдоо хагарал үүссэн тул арга буюу нурааж суурин дээр нь аймгийн “Зандан орд” ХХК энэ хоёр давхар барилгыг барьжээ. 110 гаруй сая төгрөгөөр боссон энэ барилгын тав тух өмнөх дундаа хүртэл элсэнд дарагдсан навтгар барилгатай нь зүйрлэх арга алга. Харин хуучин байрыг нь Цагдаагийн хэсэг “Эрүүлжүүлэх байр” төдий ашиглаж эхлээ юү дээ. Уул нь жижиг үйлдвэр эрхлэгчдийг оруулж хэдэн хүнийг ажилтай болгосон бол аштай юу даа. Сумыг одоо нутгийхан “Цагаан Нямсүрэн” гэж нэрлэх идэрхэн дарга засаглаж байгаа. Эндхийн Ажирхай багийн даргыг хийгээд гялалзуулж явсан энэ дарга сумаа засагласан хугацаанд тамгын газраа шинэ байранд оруулснаараа түүхэнд  дурсагдах биз. Эрх мэдлийг даган хэл ам тасардаггүй болоод ч тэр үү, багийг чадварлаг засаглаж байсан энэ хүнд сумын цар хүрээ томдоод ч тэр үү, олны магтаал, сайшаалын эрч жаахан буурсан шиг ажиглагдав. Үгүйдээ л саяхан болсон аймгийн Хурлын нөхөн сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн Засаг дарга өрсөлдөгч намынхаа бизнесмен эмэгтэйд бараг далан хувиар “Тавиулчихсан” нь нэг юм хэлээд ч байх шиг. 

    Энэ суманд үйлдвэрлэл эрхэлж буй олон хүн бий. Тэдний нэг нь Г.Гэрэлжаргал. Жижиг  дунд үйлдвэрийн төслөөр эртний монгол гэр хэлбэртэй дэн буудал бариад нээчихэж. Дэргэд нь цайны газар ажиллуулж байна. Г.Гэрэлжаргалыг нутгийхан “ажилсаг залуу” гэж магтах юмаа. Хажууханд нь Ж.Дамбадүгэр тахианы аж ахуй хөгжүүлэн өөрийн төдийгүй хөрш сумаа өндгөөр ханган сагс сагс өндөг барьсан хүн сумын төвөөр нэг хөлхөж харагдана. Дунд сургуулийн “Үдийн цай”-нд гэхэд л  сурагчид чанасан, хайрсан  өндөг зооглох юм. Болж байгаа биз. Энд өөр нэг залуу “Дугуй засварын газар” ажиллуулаад бужигнуулж байна. Тэдний үүдэнд өдөржин “Вонго” “Портер”-ууд дугаарлаастай.  Сумын ахмадын хорооны дарга Б.Бархасмаа гэж бэлэн цэцэн үгтэй, ажил төрөлд гавшгай, бүхнийг хэдэн ахмадынхаа төлөө зориулсан эмэгтэй байх. Эдний ажил аймагтаа байнга дээгүүр давхиж шагнал урамшил хүртдэг, түүнийгээ ахмадуудынхаа сайн сайхны төлөө зориулдаг бөгөөд Б.Бархасмаа саяхан энэ үйлсийнхээ төлөө “Хөдөлмөрийн хүндэт медалиар” энгэр цоолжээ.

    Дундговь аймгийн Говь-Угтаал сумаас төрсөн нэр цуутай хүмүүс олон. Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, гавьж Шагдарсүрэнгийн Сонинбаяр энэ нутгийнх. Дунд сургуулийн 6,7 дугаар ангид ахуйдаа дэлхийн газрын зураг дээрээс хамгийн ажиглагдамгүй шүрэн арлыг ч ахлах насныхан түүнээс  асуугаад  “унагаж” чаддаггүй байж. Тэр эрдмээрээ аравдугаар ангидаа  тодрон, УБИС-ийн газарзүйн ангид орсон ч төдөлгүй түүнээ хаяж нутагтаа ирээд “орон нутгийн дэлт” нэр авч байсан, өдгөөгийн их гавьж ламтан одоо Занабазарын нэрэмжит Шашны дээд сургуулийн захирал, доктор болж нутаг усныхандаа “их лам” гэсэн хүндэтгэл хүлээж яваа. Түүний найз “Омскийн дэлт” гэж нутгийханд хоршин нэрлэгдэж явсан яруу найрагч Барнангийн Доржпалам агсан бас энэ нутгийнх. Омскт цэргийн сургууль дүүргэсэн, хожмоо “Болор цом”-ын тэргүүн, дэд байрнаас олон жил “Уягдсан” эл найрагчийн:

 “Говь-Угтаалын наадам хээ ланзан асартай
                Гоё мөнгөн эмээл дээр хээнцэр ганган суудалтай
Гогцооруулан алдсан Хэюд боржгин дуутай
Гол усандаа тодорсон хэдүүл сайн бөхтэй…” гээд шүлгийг нь цээжээр мэдэхгүй хүн энд байхгүй.

 Нөгөө нэг эрхэм нь Гэндэн-Яринпэлийн Эрдэнэ-Очир агсан юм. Ардын сурган хүмүүжүүлэх ухаанаар мэргэшин эрдмийн зэрэг хамгаалсан, төрөлх сургуулийнхаа жирийн багшаас  захирал, аймгийн Сурганы кабинетийн эрхлэгч, Боловсролын яамны сэтгүүлийн нэгдсэн редакцийн ерөнхий эрхлэгч, МАХН-ын төв хороонд лектор хүртэл алба хашсан түүний нэрээр төрөлх сургууль нь өнөө нэрлэгдэж байна. Нэрт сурган хүмүүжүүлэгч, доктор Г.Эрдэнэ-Очирын нэрэмжит энэ сургууль дээр ахмад тамирчин Д.Оюунчимэг өөрийн  нэрэмжит волейволын тэмцээнээ явуулж байхтай тааралдав. Энэ сургуулийг төгсч, сургуульдаа багшилж байсан, өдгөө “Их засаг” их сургуулийн лицей сургуульд багшилдаг, Боловсролын тэргүүний ажилтан, ахмад волейволчин Д.Оюунчимэгийн нэрэмжит тэмцээний тэргүүн шагналыг эмэгтэйчүүдээс Морьт баг, эрэгтэйчүүдээс Ажирхай баг хүртэж алтан медаль зүүцгээв.

    Энэ суманд “Хөдөөгийн хөх найрагч”  гэж нэрлэгдсэн, МЗЭ-ийн гишүүн, “Утга зохиолын төлөө” алтан медальт зохиолч Цэндийн Төмөрбаатартай таарах нь тэр. Урьд сүүний завод байснаас ч юмуу “Завод” гээд нэрлэгдсэн, одоо ганц суварганаас өөр юмгүй Хажуу-Усны зүүн буйд энгэрт  өвөл зуны сууцандаа нам гүмхэн аж төрөх энэ хөдөөх зохиолч жил болгон л нэг ном гаргаж байх аж. Өнгөрсөн жил “Ботгон цагаан салхи” энэ жил “Цэнхэр боржгин” гэсэн шүлгийн томоохон түүвэр хэвлүүлсэн түүнд хэвлэлд бэлдчихсэн хэд хэдэн номын гар бичмэл байна. Өнгөрсөн зун Ардын уран зохиолч П.Бадарч эднийд ажлын далимд саатан “Галт ус” аягалж, галзуу улаан амархаж уран бүтээлийн яриа өрнүүлснээ  дурсамждаа бичсэн байна лээ.

    Говь-Угтаалын өвгөдийн тэнгэр шинжих эрдэм аймаг даяар дуулиантай. Тэд дээр үеэс Их Угтаал, Бага Залаагийн уулан дээр намрын дунд сарын 15-нд гарч шөнөжин тэнгэрийн хаяа дурандаж хоноод энэ өвөл хавартаа тэнгэр хэдийд ямар араншин гаргах, хаанаа цас унаж хаагуур зудын үүд гарах талаар таамаглалаа дэвшүүлдэг. Ардын энэ ухааныг Соёлын гавьяат зүтгэлтэн, цаг уурч Д.Шагдарсүрэн, тус аймагт Цаг уурын албаны дарга байсан, одоо “Хурын шим” төвийн цаг уурч Ч.Чулуун нар олон жил ардын энэ ухааныг судалж жил бүр нутгийхантай уулан дээр хонож байгаа. Энэ намар ч бас ирсэн. Дээхнэ үед Борын Галт, Дарамын Бор… гээд энэ нутгийн айхтар шинжээчид байж, Тэдний эрдэм ухааныг өвлөсөн залуус ч  зөндөө гэнэ. Энэ намрын ажиглалтаар эдний нутагт цасархаг, хүйтэн өвөл болж зудын үүд өмнөх гурван зүгтээ /Зүүн өмнө, өмнө, баруун өмнө/ гэсэн таамаглал дэвшүүлжээ. Тэдний үгээр ч энэ нутгийнхан отрын нутгаа урагш чиглүүлээд эхэлчихэж. Хаа байгаа Төв аймгийн Баянцагаан сумын дэргэд зусч намаржсан улс, аймгийн сайн малчид ч нүүдлийн чигээ энэ зүг эргүүлжээ.

    Говь-Угтаал Дундговийн боржгины гурван сумын нэг. Зан заншил, аж төрөх ёс, яриа хэлний аялга бусдаас арай өөр.  Ажилч хичээнгүй энэ ард түмний тухай аян замын олзоо цухас хуваалцвал ийм.

                        С.ПҮРЭВСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж