Хуучирсан мэдээ: 2010.10.22-нд нийтлэгдсэн

Адилбишийн Нэргүй

А.Нэргүй 1956 онд Өлзийт суманд төрсөн. Ерөнхий боловсролын сургуульд
суралцан 1972 онд  мал аж ахуйн үйлдвэрлэлд шилжин ажилласан.  Ийнхүү малчин байхдаа А.Нэргүй 1973 онд Бүх ард түмний урлагийн наадмаас алтан медаль хүртэж 1975 онд уртын дуу дуулаачдын дамжаанд суралцан төгсч их урлагт хөл тавьсан байна.

А.Нэргүй 1993 онд “Монгол улсын гавьяат жүжигчин”, 2009 онд “Монгол улсын ардын жүжигчин” цол хүртсэн. “Хөдөлмөрийн хүндэт медаль”, Вьетнамын “Соёлын тэргүүний ажилтан” цолоор шагнагдсан. Франц, Чех, Польш, Герман,Унгар, Югослав, Болгар, Румын, Орос, Итали, Швейцарь, Япон, Хятад, Солонгос, Тайвань, Лаос, Кампучи, Вьетнам зэрэг оронд аялан тоглож уртын дуугаа сурталчилсан дэлхийн олон оронд танигдсан дуучин.

ДУУЧИН БОЛОХ ЗАМД ААВ МИНЬ ХӨТӨЛСӨН
Улсын ардын дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин, Монгол улсын Ардын жүжигчин  А.Нэргүйтэй уран бүтээлийнх нь талаар хөөрөлдлөө.

-Таныг жинхэнэ удамтай дуучин гэдгийг гадарлах юм. Танай аавыг тун сайхан дуулдаг хүн байсан гэж сонсож байсан. Эндээс яриагаа эхлэх үү?

-Тиймээ, манай аав Адилбишийг наадамд гурван даваатай, найранд гурван дуутай хүн байсан гэдгийг  сум байтугай аймаг даяар анддаггүй юм.
Нутгийн ах дүүс Адьгүй гэж авгайлдагсан. Сайхан дуулна. Олон ч дуу мэддэгсэн. Тэр дундаас “Хулст нуур”-ыг гаргуун дуулдаг байлаа. За, тэгээд аав минь би дуулдаг гээд найр наадам хэсээд явдаггүй, мундаг ажилсаг хүн байв. Дээхнэ үед жин тээж байсан юм билээ. Түрүү нийгмийн үед шинэ бүтээл, оновчтой санал /ШБОС/ гэж байлаа. Үүний эзний нэг нь аав байж. Дандаа л юм шинээр санаж сэднэ. Санаачилна. Наад захын нэг жишээ хэлэхэд аав ус гарах газрыг ёстой нэг андахгүй. Тэгээд биднээр ухуулж нутагтаа элбэг устай хэд хэдэн худаг гаргасан. Бидний гаргасан Хув цагааны, Сүүжийн… гээд элбэг ундрагатай худгууд одоо ч бий. Нутгийнхан “Адьгүй гуайн худаг” л гэх. Ер нь юм сэдэхгүй, хийхгүй байж чаддаггүй хүн байсан даа.
Би уртын дууны тухай ярих болгонд аавыгаа дурсдаг. Яагаад гэвэл над анх дуу заасан хүн аав минь. Аавынхаа буянаар уртын дуугаар амьдарч, хоолоо олж өдий хүрлээ. 34 жил дууллаа даа.

-Заахдаа дагаад дуул гэх үү. Нэг бол бүр ингэж дуул, тэгэж аял гээд заадаг  байв уу? 

-Ёстой л сургая гэсэн  сэтгэлээ жинхэнээр нь зааж байлаа. Намайг дагуулаад хонинд явна. Тэгээд хонио бэлчээрт налайтал тогтоочихоод  л дуугаа зааж эхэлнэ. Бид хоёрын хичээлийн танхим хонины бэлчээр байж. Өөрөө эхлээд дуулна. Дараа нь миний охин одоо дуул гэнэ. Энд нь ингэж нугалааг зөв хий, тэнд нь цохилгыг тод гарга гэж зөвлөнө. Өдөржин  л хоёул дуулна. Одоо бодоход тал сайхан нутагтаа налайсан сүргийн дэргэд жинхэнэ “клип”-тэй дуулж байж.
-Анх заасан нь ямар дуу байв.
-Өөрөө дандаа дуулдаг байсан . нөгөө “Хулст нуур” За тэгээд манай боржгины “Сэрүүн сайхан хангай”, “Жаргалтайн дэлгэр” гээд яваад өгсөн.

-Ах эгч хоёр чинь бас өөртэй чинь адил ааваараа дуу заалгасан уу?

-Яг гардаж заалгасан нь би. Аав морь их уядаг. Бид бүгд морины хүүхэд байлаа. “Гийнгоо” гэж ардын маань уламжлалт сайхан зүйл төдийгүй уртын дууны нэг тавил юм шүү дээ. Бид бүгд гийнгоо, зээ хадаана. Тэр дундаас л аав намайг сонгож дуу заасан байх.

-Тэгвэл жинхэнэ дуучин болох замаа хэдийнээс эхэлсэн бэ?

-Дунд сургуулиа төгсөөд эвлэлийн илгээлтээр малчин болж нэг жил бэлчээрт дуулав даа. Тэгтэл бүх ард түмний урлагийн наадам болж оролцлоо. Эндээс шалгарч Соёлын яамны дэргэдэх уртын дуучны дамжаанд суралцсан. Энэ үеэс Н.Норовбанзад гэдэг аугаа хүний шавь болов. Курсээ төгсөөд багшийнхаа саналаар УАДБЧ-д үлдлээ.

-Урлагийн наадамд ямар дуугаар оролцсон бэ?

-“Сэрүүн сайхан хангай”-г дуулсан.
-Эндээс нэг юм бодогдож байна л даа. Дундговиос төрсөн дуучид дандаа ”Сэрүүн сайхан хангай”-гаар шалгарч тодорч байсан юм уу даа. Эхлээд  Норовбанзад гуай дараа нь Цэнджав, М.Төмөрбат, А.Дүнжмаа, Шинэбаяр гээд мундаг дуучид. Цөмөөрөө л тэр дууг дуулж…
-Тийм юмаа.”Сэрүүн сайхан хангай” гэдэг жинхэнэ цоглог сонсголонтой боржгин дууны манлай гэхээр юм. Норвоо багш л анх бүх ард түмний урлагийн их наадамд дуулж улмаар 1959 онд Дэлхийн залуучууд оюутны анхдугаар их наадмын алтан медалийг энэ дуугаар хүртсэн байдаг. Энэ алдартай дуучныхаа зам мөрөөр л бид явж дээ. Дундговь нутгийг маань “Дуу хуурын өлгий” хэмээн нэрлэдэг ч учиртай. Дээр үеэс өнөөг хүртэлх сайн дуучдыг нь нэрлэнэ гэвэл дэндүү олоон. Тэр дотроос миний багш Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, Зууны манлай уртын дууч Намжилын Норовбанзад гэдэг дахин давтагдашгүй хүн байлаа. Олон түмэн түүнийг уртын дууны хатан хаан гэж хэлдэг. “Уяхан замбуутивийн наран” мэтийн олон дууг энэ хүний дуулсан тэр арга, аялгуугаар хойч үеийнхэн бид дуулж байгаа шүү дээ. Тэгэхээр уртын дууг яаж дуулах сонгодог хэв загварыг бий болгож өгсөн хүн юм.

-Уртын дуу ардын маань уламжлалт урлаг дундаас аугаа нь гэж болох бизээ?

-Тиймээ. Бидний өвөг дээдсээс өвлөж үлдээсэн нандин зүйл. Хамгийн урт настай төрөл ч гэж хэлж болно. Уртын дууны аялгуунд умбах үед Монголын уужим тал нутаг , эзэн болсон хүмүүний аз жаргалтай амьдрал сэтгэлд буудаг. Гайхамшигтай гэдэг үгийг уртын дууны тодотгол болгож хэлэхэд алдаа биш байхаа.

-Уртын дуу нутаг нутгийн онцлогтой гэдэг.Тэр дотор боржгин аялгууг сонсоход илүү таатай санагддаг. Энэ талаар…?

-Нутаг нутаг өвөрмөц ая дантай л даа. Тэр дотроо хамгийн өргөн дэлгэр нь Төв Халхынх. Төв халх дотроо боржгин ая онцгой нь үнэн. Аялгуу нь уужуу, цохилго нугалаа нь уран яруу байдаг.

-Өмнөх үеийн дээдэс болон Норовбанзад гэдэг аугаа дуучны бий болгосон нэг оргил байдаг гэж үзвэл түүнд хүрсэн хүн байна уу. Тухайлбал,та тэр оргилын хаана яваа гэж боддог вэ?

-Ямар ч өндөр уулын оргилд гарч болдоггүй байхгүй юу. Тэгвэл өмнөх үеийн алдартай дуучид, тэр дотор Норвоо багшийн бүтээсэн оргилд өнөөгийнхнөөс одоогоор хүрсэн хүн мэдээж байхгүй л дээ. Миний хувьд тэр хүний заасан арга, аялгуугаар дуулахыг хичээдэг ч байгуулсан оргилын тэхий дунд л яваа байх л даа.

-Та урын сандаа хэр олон дуутай вэ?

-Дөчөөд дууг тайзан дээр дуулсан юм байна. Нэг хэсэгтээ дуу судалж цуглуулдаггүй явж. Сүүлийн жилүүдэд Соёл урлдагийн их сургуульд багшлах болсноос хойш урын сан цуглуулгаа нэлээд баяжуулсаан. Олон шавьтай болж байна. Тэдэнд маань хэрэгтэй.

-Урлаг хүнийг хүмүүжүүлэх ач холбогдолтой  гэдэг. Тэр дотроос уртын дуу ямар нөлөөтэйг хэлнэ үү?

-Уртын дууны тэр уужуу, өргөн хэмнэл нь хүний сэтгэлд ямар их таашаал өгдөгийг хэлэхэд үг чамлагдах байх. Уртын дууч хүн хачин сайхан намбалаг байдаг юм уу гэж боддог. Үүнийг би Норвоо багш, аав хоёроороо төсөөлөн хэлж байна л даа. Монгол нутгийн, монгол амьдралын баялаг аялгуу бүхнийг дуунаас л бүрэн олж сонсож болно. Уртын дууг өнгөц сонсоход эзгүй зэлүүд хээр тал ямар чимээ аниргүй юм шиг төсөөлөл бууж магад. Тэгтэл тэнд амьдралын маш олон янзын ая эгшиг байдгийг уртын дуу хэлж өгнө. Гадаадынхан хүртэл манай уртын дуунаас Монгол гэдгийг төгс мэдэрдэг гэдэг юм билээ.

-Гадаадынхан гэснээс Та хэр олон улс оронд очиж дуулсан бэ?

-Зөндөө оронд уртын дуутайгаа явлаа. Баруун Европын орнуудаас Румын мэт нэг, хоёрын зэргээс бусдад нь очсон. Хятад, Япон, Солонгос гээд олон оронд очсон. Тэр дотор Японд 10 гаруй удаа очиж дуулсан юм байна.

-Япончууд уртын дуутай түмэн.Тэндхийн дуунаас олныг сурсан уу, сурахад хэцүү юу?

-Би ганц хоёр дууг нь сурч дуулахыг оролдож үзсээн. Манай Норвоо багш япон дуу сайхан дууллаг байв. Япончууд хүртэл биднээсээ илүү дуулах юм гэж багшийг магтаж байж билээ.

-Уртын дууч хүн зохиолын дуу дуулах хэрэггүй. Хоолойн цараа, амьсгалын хэм хэмжээ алдагдана гэж хорьдог гэсэн яриа байдаг?

-Тиймээ. Залуу хоолойн чадал төдийлөн тогтоогүй байхад янз бүрийн дуу дуулаад байх нь сайнгүй нь үнэн. Багш нар маань ч тэгж хэлдэг байсан. Бид ч шавь нартаа сануулдаг.

-Та тэгвэл зохиолын дуу дуулчихдаг шүү дээ?

-Би бүр хожуу хэдэн дуу дуулсан. Энэ бараг дуучин болсон хойноо. Хоолойн чадал, өнгө төрх тогтчихсон үедээ гэж тайлбарлаж болох байх. Хойшид бараг зохиолын дуу бараг дуулахгүй биз ээ.

-Ардын жүжигчин цол гардан авахдаа юу бодов доо?

-Их л юм бодогддог юм байна лээ. Би юу хийчихлээ дээ гэж эргэцүүлж нэг. Ах, эгч хоёроосоо түрүүлээд ийм өндөр цолд хүрчихлээ. Аавын маань буян хишиг гэж. Тэрхэн зуур олныг бодсон. Хариуд нь хойшид юу хийхээ ч төсөөлж амжсан. Энэ бол урам, ухаарал хоёр давхардсан үе байлаа

С.Пүрэвсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж