АТГ-ын дарга нарыг сэжигтнээр татжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.22-нд нийтлэгдсэн

АТГ-ын дарга нарыг сэжигтнээр татжээ

Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нарыг Улсын ерөнхий прокурорын газраас сэжигтнээр татжээ гэсэн дуулиант мэдээлэл тархаад байна. Зарим мэдээллээр бол Улсын ерөнхий прокурорын зүгээс дээрх хоёр албан тушаалтнаас мэдүүлэг авахын тулд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагатай байна гэсэн үндэслэлүүдээ өнгөрсөн хавар УИХ-ын даргад мэдүүлсэн ч, парламентын зүгээс өнөөг хүртэл шийдвэрээ гаргаагүй тул, тус газар нь бүрэн эрхийнхээ хүрээнд сэжигтнээр татсан гэж буй юм.

Иймд бид дээрх асуудалтай холбогдуулж УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Тэмүүжин, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ нараас дараах асуултад хариулт авлаа.

 Х.Тэмүүжин:

-Авлигатай тэмцэх газрын дарга нарыг сэжигтнээр татсан  гэсэн мэдээлэл тархаад байна. Сэжигтнээр татсан тохиолдолд эдгээр албан тушаалтнуудыг барьж хорих уу? 

-Барьж хорихгүй. УИХ-аас эдгээр албан тушаалтнуудын халдашгүй байдлын хамгаалалтыг аваагүй нөхцөлд барьж хорих ямар ч боломжгүй юм.  Гэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн үйл ажиллагааны дагуу процесс явдгаараа явна. Сэжигтнээр татна уу, яллагдагчаар татна уу, шүүхэд дуудна уу, тэр бол процессын л асуудал. Биед нь халдаж баривчлах, саатуулах эрх мэдэл одоо бол прокурорт олгогдоогүй байгаа. Яагаад гэвэл УИХ шийдвэрээ гаргаагүй байгаа болохоор.

-Тэгэхээр сэжигтнээр татна гэдэг зөвхөн байцаалт авах л хүрээнд хийж байгаа процесс гэсэн үг үү?

-Тийм, ээ эхний шат явж байна л гэсэн үг.

-УИХ-аас эдгээр албан тушаалтнуудын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай тодорхой шийдвэр гаргаагүй байхад Улсын прокурорын газраас сэжигтнээр татах эрх байдаг юм уу?

-Тодорхой асуудлаар шийдвэр гаргах эрх нь бий. Гагцхүү бүрэн эрхийг нь түдгэлзүүлж мөрдөх юм уу, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүйгээр мөрдөх байсан юм уу гэдэг хоёр сонголт л байсан. Прокурор бүрэн эрхийг нь түдгэлзүүлж мөрдье гэдэг саналаа УИХ-д тавьсан. УИХ-ын зүгээс ийм шийдвэр гаргаагүй байна. Шийдвэр гараагүй учраас цагдан хорих юм уу, хувь хүнийх нь эрх чөлөөнд халдах ямар ч боломж эрх байхгүй. Гэхдээ хуульд заасан тодорхой процесс явна, яагаад гэвэл энэ нь Эрүүгийн хэргийн процесс учраас.

Б.Бат-Эрдэнэ:

-Авлигатай тэмцэх газрын дарга нарыг сэжигтнээр татсан бололтой, хэвлэлүүдэд ийм мэдээлэл гараад байна. Танай байнгын хороо тэдгээр албан тушаалтнуудын бүрэн эрхийг түдгэлзүүлэх боломжгүй гэсэн шийдвэрийг гаргаад байгаа. Асуудлыг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Сэжигтнээр татсан асуудал гэдэгт тодорхой тайлбар хийх боломж алга. Хууль зүйн байнгын хороо намрын чуулган эхэлснээс хойш хоёр ч удаа хуралдаад асуудлаа хэлэлцээд гаргачихсан. Энэ асуудлыг өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар авч хэлэлцэхээр төлөвлөгөөнд оруулсан байсан ч, Улсын ерөнхий прокурор гадаадад томилолттой учраас асуудлыш хойшлуулсан. Ирэх долоо хоногийн хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулна шүү дээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж