“Ав-атар” “Акулууд”-ыг буулган авлаа

Хуучирсан мэдээ: 2011.02.10-нд нийтлэгдсэн

“Ав-атар” “Акулууд”-ыг буулган авлаа

Монголын сагсан бөмбөгийн холбооны Nissan премьер лигийн аварга шалгаруулах тэмцээний нэгдүгээр тойргийн ээлжит тоглолтууд өчигдөр Спортын төв ордны А зааланд боллоо. Шинэ удирдлага, шинэ бүтэц, зохион байгуулалттай болсон МСБХ-ны дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн энэ жил тун сонирхолтой, өрсөлдөөнтэй, ордон дүүрэн цугласан үзэгчдийн уухай дунд үргэлжилж байгаа билээ. Хуваар ёсоор өчигдөр гурван тоглолт болсон бөгөөд хамгийн сүүлийн тоглолт лигт шинээр хөл тавьсан “Ав-атар” болон ШУТИС-ийн “Акулууд”-ын хооронд өрнөж, АНУ-ын гурван ч лигионерийг эгнээндээ нэгтгэсэн “Ав-атар”-чууд лигийн гурав дахь хожлоо авсан юм.

“Баянзүрх Буллз” 86:67 “TLG-13”
Өчигдрийн эхний тоглолт МУИС-ийн “Баянзүрх Буллз” болон “TLG-13” багуудын хооронд өрнөж, 86:67 харьцаатай “Бухнууд” ялалт байгуулсан юм. Тоглолтын эхний үе 16:15 харьцаатай “TLG-13”-ын тэргүүллээр өндөрлөсөн боловч хоёрдугаар үед “Бухнууд” илүүрхэж, 29 оноо авсан бол өрсөлдөгч баг 19 оноо авснаар онооны зөрүү холдож, улмаар 44:35 харьцаатай өндөрлөсөн. Харин хоёрдугаар хагаст МУИС-ийн баг сайн байснаар хожил авчээ. Энэ тоглолтод “Буллз”-ын н.Билгүүн 29 оноо авч, багаа манлайлсан бол Т.Санчир 15, О.Сайнбаяр нар 12 оноогоор багийнхаа ялалтад хувь нэмрээ оруулжээ. Харин “TLG-13” багаас Ш.Азжаргал 13, Б.Дархантөгс 12 оноо авсан байна.

“Ирвэс” 67:85 “Харцага”
Өчигдрийн хоёр дахь тоглолт “Энержи Ресурс” компанийн Д.Уртнасан дасгалжуулагчтай “Харцага” болон Монголын сагсан бөмбөгийн спортын анхны гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбалаар удирдуулсан ХҮДС-ийн “Ирвэс” багийн хооронд боллоо. Тус тоглолтод “Ирвэс”-ээс М.Ууганбаяр сайн байж, 30 оноо авсан нь өчигдрийн гурван тоглолтоос хамгийн өндөр үзүүлэлт болсон юм. Харамсалтай нь, багийн бусад тоглогчид хангалтгүй тоглолт үзүүлснээр баг нь 85:67 харьцаатай ялагдал хүлээжээ. “Харцага”-ын лидер Ц.Мэргэн тус тоглолтод 18 оноо, 5 оновчтой дамжуулалт өгч, багаа манлайлсан бол Б.Одбаяр 13, А.Төмөр, О.Золзаяа нар 12 оноо багтаа авчирчээ.

“Ав-атар” 85:69 “Акулууд”
Лигийн хамгийн эхний тоглолтдоо аваргуудын өмнө сөхөрсөн ч яван чангарсаар байгаа “Милл хаус” компанийн “Ав-атар” баг өчигдөр лигийн дөрөв дэх тоглолтоо ШУТИС-ийн “Акулууд” багтай хийж, үндсэн цагт 85:69 харьцаатай өрсөлдөгчөө буулган авсан. Тус багийн лигионер тоглолт Кимарли Вилльямс нурууны бэртлийн улмаас сүүлийн хоёр тоглолтыг өнжсөн бөгөөд өчигдрийн тоглолтод Лэкс 18 оноо авч, багаа тэргүүлжээ.

Nissan премьер лигийн дараагийн тоглолтууд хуваарь ёсоор баасан гаригт 17.00 цагаас эхэлнэ.

Баасан гаригт болох тоглолтууд:

Сүлд “Офицерууд” – ШУТИС “Акулууд”
“TLG-13” – “Хасын хүлгүүд”
ХҮДС “Ирвэс” – МУИС “Баянзүрх”

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж