Хятадын төрийн лобби ихэсч байна гэжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.22-нд нийтлэгдсэн

Хятадын төрийн лобби ихэсч байна гэжээ

Хятадын АНУ руу гаргаж буй экспортын хэмжээ буурах хандлагатай байгаа. Энэ нь мөнөөх юанийн ханшийн өөрчлөлтөөс болсон хэрэг. Өмнө нь 2008 оноос эхлэн юанийг ам.доллараас уяж, зах зээлийн бодит үнэлгээнээс нь доогуур ханшаар арилжаалах болсон нь Хятадын үйлдвэрлэгчдэд олон улсын зах зээлд өрсөлдөхөд давуу боломжийг бий болгосон. Гэвч америкчуудын шахалт шаардлагаар өнгөрсөн зургадугаар сараас эхлэн юанийн ханшийг уян хатан болгохоор болсон юм. Түүнээс хойш өнөөг хүртэлх хугацаанд Хятадын валют 2.6  хувиар чангарсан билээ. Хэдийгээр АНУ-ын Сангийн сайд Тимоти Гайтнерийн хэлснээр бол энэ нь тун бага өөрчлөлт мэт боловч Хятадаас АНУ руу гаргах экспортын хэмжээг багасгах гол хүчин зүйл болжээ. Цаашлаад тус улсын Хятадтай хийх худалдаанд үүсэх алдагдал буурсан байна. 

Харин энэ үеэр эдийн засагчид Хятадын компаниуд Европын зах зээл рүү хандах нь эрчимжиж байгааг онцлох болжээ. Хамгийн сүүлд л гэхэд Ази, Европын орны төр, засгийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтын үеэр Хятадын Ерөнхий сайд Вэнь Зябао энэ талаар өөрийн орны байр суурийг илэрхийлсэн билээ. Тэрбээр Евро бүс дэх хөрөнгө оруулалтаа нэмэх сонирхолтойг байгаагаа онцолсон. Түүнчлэн тус бүс нутаг дахь санхүүгийн тогтолцоог тогтвортой байлгахын тулд Европын орнуудын Засгийн газрын бондыг худалдан авна хэмээсэн билээ. Хариуд нь Европын холбооны Сангийн сайд Жин Клауде Жанкер Хятадын Засгийн газрыг дэмжиж ажиллахаа амлажээ. Түүнчлэн Хятадын Ерөнхий сайд Вэнь Зябао Белги, Грек, Итали, Турк зэрэг оронд айлчилж, эдийн засгийн харилцан хамтын ажиллагааг өргөтгөх тал дээр төр, засгийн тэргүүн нартай нь ярилцаж амжсан юм.

Дээд дурьдсанчлан юанийн ам.доллартай харьцах ханш алгуур боловч чангарч эхэлсэн. Гэтэл евротой харьцах ханш нь мөн төдий хэмжээгээр сулрах болсон байна. Европын холбооны тэргүүн нар энэ талаар албан ёсоор анхааруулсан. Европын 16 оронд хэрэглэгддэг валют болох еврогийн юаньтай харьцах ханш хэтэрхий өндөр болчихож. Ямартай ч өчигдрийн байдлаар нэг евро 9.24 юаньтай тэнцжээ. Юанийн ам.доллартай харьцах ханшийг уян хатан болгоно хэмээн хоёр орны албаны төлөөлөгчид тохиролцох үеэс эдийн засагчдын дунд еврогийн ханшид санаа зовох хандлага бий болсон юм. Учир нь Хятадын Засгийн газар ам.доллараас татгалзахаар болбол түүний оронд евро, паундад хөрөнгө оруулж, эдгээр валютаас юаниа уях магадлалтай хэмээн үзэж байснаас тэр. Үнэхээр сүүлийн үед тус улс Европ руу хараа бэлчээх нь ч ихэсчээ.

Германы үйлдвэрлэгчид Хятадын төрийн мэдлийн компаниуд хямд үнэ, удаан хугацааны баталгаа, санхүүгийн түрэмгий байдлаараа ялгарч, зүүн Европ, төв Азийн орнууд руу хийх хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байгаад санаа зовж эхэлжээ. Германы Үйлдвэрийн комисс энэ талаар анхааруулга гаргасныг “Financial times” сонинд онцолсон байна. Тус комиссын үзэж буйгаар Хятадын компаниуд эдийн засаг гэхээс геополитикийн байр суурийг илүүд үзэж үйл ажиллагаагаа явуулж байгаа нь Европын холбооны орнуудад сөргөөр нөлөөлөх аж. Германы Үйлдвэрийн комиссын тайланд дурьдсанаар нийт таван нэгдэл корпораци, 140 компанийн дунд явуулсан судалгаагаар Хятадын төрийн мэдлийн компаниудын лобби хэтэрхий ихэсч байна гэдгийг харуулсан байна. 

Хятад болон барууны орнуудын валютын бодлого зөрчилдөж байгаа нь Европ тэр дундаа Германы компаниудыг ундууцуулах болжээ. Өнгөрсөн хавар Грекээс үүдэлтэй гадаад өрийн хямрал тус бүс нутгийн хэд хэдэн оронд давалгаалан тархсан билээ. Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Грек хямрал” хэмээн  нэрлэсэн уг үзэгдлийн үеэр еврогийн ханш огцом унасан. Үүнээс болж уг валютыг хэрэглээнээс гаргах уу үгүй юү гэдэгтээ тулж байв. Харин тухайн үед Герман тэргүүтэй экспортлогч орнууд еврогийн уналтыг ашиглаж, эдийн засгийн өсөлтөө эрчимжүүлсэн гэхэд хилсдэхгүй. Гэтэл одоо еврогийн ханш чангарч эхэлсэн нь тэдний хувьд хүнд тусч байгаа бололтой.

Германы “BASF”, “Siemens” зэрэг үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч компаниуд Хятадын харилцагчдаа шүүмжлэгсдийн тэргүүн эгнээнд зогсож байна. Тэднийхээр бол өнгөрсөн зун Евро бүс дэх Хятадын компаниудын лобби арай хэтэрхий ихэсчээ. Тухайлбал, Хятадын төрийн мэдлийн “Overseas Engineering Group” Польш дахь хурдны замын тендэрт маш бага үнэ санал болгон оролцож ялалт байгуулжээ. Түүнчлэн тус компани Хятадын Экспорт, импортын банкнаас 145 сая еврогийн зээл авсан аж. Үүнийхээ хүчинд Сербид 170 сая евро буюу 240 сая ам.долларын өртөг бүхий гүүр барих төслийг хариуцан ажиллахаар болсон байна. Иймэрхүү жишээ олон байгаа аж. Энэ талаар Германы банкны нэгдлээс онцлоод “Хятадын хөрөнгө оруулагч компаниуд улсаасаа татаас авч байгаагийн хүчинд олон улсын, тэр дундаа Европын орны тендрүүдэд ялалт байгуулж байна” гэжээ. Иймэрхүү байдлаар Хятадын төрийн мэдлийн банкууд гадны орны төслийг шууд санхүүжүүлэх болсон нь Бээжингийн удирдлагуудын зүгээс эл асуудалд эдийн засгийн гэхээс илүү улс төрийн сонирхол илэрхийлэн оролцож байна хэмээн Германы санхүүгийн зохицуулагчид үзжээ.

Ийнхүү Европын экспортлогчид Хятадын компаниудад унтууцах болсон нь эдийн засгийн хувьд, олон улсын арилжаан дахь өрсөлдөх чадвар нь буурч, зах зээлээ тэдэнд алдаж байна хэмээх болгоомжлолоос үүдэлтэй гэж дүгнэх эдийн засагч ч байна. Гэвч нөгөө талаас еврогийн бусад валюттай харьцах ханш тэртэй тэргүй чангарч байгаа билээ. Зөвхөн юань төдийгүй ам.доллартай харьцах харьцаа нь нэмэгдсэн. Энэ нь зарим талаараа юань, ам.долларын ханшийн хэлбэлзэл бага байгаатай холбоотой ч эцсийн бүлэгт мөнөөх валютын дайны тухай яриад байна уу гэлтэй.

Т.ЭЛИСА

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж