Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнөөс “Пураам”, “Сентерра гоулд” ХХК-тай шүүхээр заргалдахаар болоод байна. Энэ сарын 20-ны өдөр хөдөлгөөний зүгээс дээрх хоёр компанитай холбоотой гомдлыг Улсын мөрдөн байцаах газарт өгөөд байгаа бөгөөд хэргийг өөрсдийн талд шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж байна. Тэдний үзэж буйгаар тус хоёр компани Монгол Улсын Байгаль хамгаалах журам болоод Эрүүгийн хуулийн тодорхой заалтуудыг зөрчиж байгаа хэмээн үзэж байгаа юм. Тиймээс “Сентерра гоулд” ХХК-ийн захирал Жон Казакаво болон эрх бүхий албан тушаалтнуудад Эрүүгийн хуулийн 202, 204, 205, 214 дүгээр зүйл заалтуудыг үндэслэн арга хэмжээ авахыг хүсч байгаа аж. Өмнө нь дээрх хоёр компанийг шүүхэд өгөх гэхээр гомдол нь прокурор дээр очоод хохирогч алга, гаргасан хохирол нь тодорхойгүй гэх шалтгаанаар мухардчихаад байсан аж. Харин одоо дээрх бүсүүдийн ус, хөрс үлэмж хэмжээгээр бохирдож, мал амьтан, иргэдийн эрүүл мэндэд өөрчлөлт гарсан тул хуулийн дагуу арга хэмжээ авах бүрэн боломжтой аж. Мөн үүнтэй холбогдуулан “Сентерра гоулд” болон “Пураам” ХХК-аас байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоосон байна. Тус хөдөлгөөний өмгөөлөгч Ц.Монголын хэлж буйгаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт удаа дараалан дээрх компаниудад шалгалт хийхийг хүссэн боловч өнөөг хэр хөдлөөгүй аж. Тиймээс тэд өөрсдөө холбогдох байгуулгуудаар дамжуулан хохирлын хэмжээг тогтоолгосон байна. Ингэхдээ бэлчээрийн тэнцвэр, хөрс, гадаргын болон газрын доорх усны экологит учруулсан хохирлын үнэлгээг тус тусад нь тогтоожээ. “Сентерра гоулд” ХХК-д найман тэрбум 84 сая, “Пураам” ХХК-д нэг тэрбум 68 сая төгрөгийн хохирол тус тус учруулсан гэж үнэлгээнд дурджээ. Ямар ч байсан хөдөлгөөний зүгээс хуулийн дагуу авах арга хэмжээ бүтэлгүйтсэн ч буун дуу, нутгийн иргэдийн эсэргүүцэл зогсохгүй гэдгийг хэлж байна.
Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр:
-Мандал сумын Буданчийн голыг их хэмжээгээр бохирдуулж байна. Гол усыг нь бохирдуулчихаад иргэдийг зөөврийн усаар хангаж, доромжилж байгаад одоо тэр усаа ч өгөхөө больсон. Харин иргэд тэр болгон хол явж ундны усаа авч чадахгүй шүү дээ. Тиймээс нөгөө уснаасаа уухаас аргагүй болж, улмаар хордож иргэдийн биеэр элдэв тууралт байнга гарах боллоо. Хоёр дахь Хонгор сум болж байх шиг. Ялангуяа хүүхдүүдэд их нөлөөлж байна. Одоо нөгөө голоос нь мал ч уухгүй тойрч яваад байна. Ерөөсөө Буданчийн гол бохирдоно гэдэг чинь Хараа гол цаашлаад Сэлэнгэ мөрнийг бохирдуулна. Сэлэнгэ мөрөн Байгаль далайд цутгадаг шүү дээ.
Сар гаруйн өмнө тус хөдөлгөөнийхөн “Пураам” ХХК руу гал нээсэн хэрэг гарсан. Хэрвээ шаардлагыг хүлээж авахгүй бол буун дуу дахин гарахгүй гэсэн баталгаа байхгүй гэдгээ ч хатуухан илэрхийлж байсан. Харин дээрх хэрэгтэй холбогдуулан “Пураам” ХХК-аас техник, тоног төхөөрөмж эвдсэн, хүний эд хөрөнгөд халдсан хэмээн гомдол гаргаж 20 орчим сая төгрөг нэхэмжилжээ. Одоогоор энэ хэрэг мөрдөн байцаах шатанд яваа аж. Харин энэ хэргийн талаар Гол, нууруудын нэгдсэн хөдөлгөөний Өмгөөлөгч Ц.Монголоос тодруулахад “Бид хангалттай олон хүсэлт гомдлыг өгч, хүчээр хүртэл шийдэх гэж оролдсон. Үр дүнд нь одоо өөрсдөө байгуулгын эд хөрөнгөд халдсан гэж хэлүүлж байна. Гэхдээ Эрүүгийн хууль дээр гэмт хэрэг гэж заасан байгаа ч энэ хүмүүсийн санаа зорилгыг бас авч үзэх хэрэгтэй” хэмээн ярьж байна.
Хэдэн жилийн өмнө Ерөнхийлөгч асан П.Очирбатын дээлээ мялааж байсан газрын тос өдгөө нутгийн иргэддээ тийм ч сайн нэртэй биш аж. Дорнод аймгийн Матад суман дахь энэхүү газрын тосны ордыг өдгөө “Петро Чайна-Дачин Тамсаг” компани ашиглаж байгаа юм. Харин тус компанийг байгальд хохирол учруулж, нөхөн сэргээлт хийхгүй байгааг нутгийн иргэд шүүмжилж байгаа аж. Мөн тус компанийн зүгээс орон нутагт ямар ч хөрөнгө оруулалт хийдэггүйг тэд онцолж байлаа. Дорнод аймгийн Матад сум нь өнөөг хүртэл гэрэл цахилгааны асуудлаа бүрэн шийдэж чадаагүй байгаа цөөхөн сумын нэг юм. Түүнээс гадна сүүлийн жилүүдэд тус бүс нутагт бэлчээр их хэмжээгээр талхлагдаж байгаа аж. Мөн байгаль орчны мэргэжилтнүүдийн хэлж буйгаар энэ бус нутаг нь дэлхийд ховорхон унаган төрхөөрөө үлдсэн хялганат хээрийн экосистемийн төлөөлөл нутаг бөгөөд аливаа сөрөг нөлөөнд хялбар эвдэрч эргэн сэргэлт нь хэдэн зуун жилээр үргэлжилдэг аж. Тиймээс Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүд Нээлттэй Нийгэм Форумын дэмжлэгтэйгээр “Петро Чайна-Дачин Тамсаг” компанийн үйл ажиллагаанд мониторинг хийсэн байна. Энэхүү мониторингоор тус компанийн байгальд үзүүлж буй хохирлын хэмжээг тогтоосон бөгөөд энэ оны тавдугаар сард Баянзүрх дүүргийн шүүхэд хохирлыг төлүүлэх нэхэмжлэл гаргажээ. Учир нь хуулийн дагуу эзэмшигчийн оршин суугаа газрын шүүхэд гомдол гаргах ёстой аж.
Дорнод аймгийн Матад сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Энхмаа:
-“Петро Чайна-Дачин Тамсаг” компани газрын тосны өрөмдлөгийн үед Бензин, мөнгөн ус, натри бүхий хаягдлаа гадарга дээр шууд хаяж байгаа. Мөн төр засгийн төлөөллүүдийг ажилтай нь танилцахаар очиход аль эрүүл цэвэр газраа үзүүлээд бохирдолтой хэсгүүдээ нуудаг. Бидний зүгээс нөхөн сэргээлт, олборлолттой холбоотой олон асуудлыг хэлж болж байна. Гол нь 1991 онд батлагдсан Газрын тосны хуулийг шинэчлэх шаардлагатай. Тэгэхгүй бол олборлогч компани нутгийн иргэдийн цөөн хэсгийг нь ажилд авснаараа далимдуулж, элдэв дарамт үзүүлдэг байдал газар авах нь.
Дорнод аймгийн Матад сумын малчин Н.Шагдар:
-Манайхны малчид сумаасаа 10-20 километр зайны газарт байдаг юм. Тэр хавиар худаг бараг байхгүй. Тэгээд худаг байгаа газарт нь нүүж очихоор хөөгөөд байдаг. Тэгэхээр нь бидэнд худаг гаргаад өгөөч гэж олон удаа очсон ч одоо болтол худаг өрөмдөж өгнө гэж хэлээгүй л байгаа. Одоогийн байдлаар 10 орчим айл 10 километрт буучихаад хөөгдөөд байна. Бас бэлчээрийн талхлалт маш их байгаа. Тиймээс бэлчээрийн нөхөн төлбөрт мөнгө авах хүсэлтэй байна.
“Петро Чайна-Дачин Тамсаг”-аас энэ онд таван тэрбум төгрөгийг нөхөн сэргээлтэд төсөвлөсөн ч өнөөг хүртэл нэг ч ажил эхлээгүй байгаа аж. Тиймээс нутгийн иргэд шүүхэд хандахаас аргагүйд хүрсэн байна. Энэ оны долдугаар сард БЗД-ийн шүүгчийн захирамж гарч хохирлын хэмжээг тодорхойлсон бөгөөд 1.3 тур бум төгрөгийн хохирлын үнэлгээг тогтоожээ. Харин шүүх хурлыг энэ сард хийхээр төлөвлөөд байгаа юм байна.
Т.ЕСӨН-ЭРДЭНЭ
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин