
Хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчдийг ЗГХЗК-ын Монголын хэсгийн дарга Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, БНАСАУ-ын Засгийн газрын төлөөлөгчдийг зөвлөлдөх комиссын Солонгосын хэсгийн дарга, БНАСАУ-ын Гадаад худалдааны дэд сайд Гү Бон Тэ нар тэргүүлэв.
Энэ удаагийн хуралдаанаар зөвлөлдөх комиссын долдугаар хуралдааны шийдвэрийн биелэлтэд үнэлэлт дүгнэлт хийсний зэрэгцээ 2011-2012 онд Монгол Улс, БНАСАУ-ын хооронд эдийн засаг, худалдаа болон шинжлэх ухаан-техникийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлууд, тухайлбал, хоёр орны хооронд бараа солилцоо, худалдааг өргөжүүлэх, ажиллах хүчний асуудал болон газар тариалан, усжуулалт, далайн тээвэр мөн уламжлалт анагаах ухаан, ойжуулалтын салбар, төмөр замын өргөтгөл шинэтгэл, бүтээн байгуулалтын чиглэлээр солонгосын талтай санал солилцож, хэрэгжих боломжтой, үр дүнгээ өгөх асуудлаар тодорхой тохиролцоонд хүрэв.
Мөн энэ оны дөрөвдүгээр сард Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын БНАСАУ-д хийсэн айлчлалын үеэр Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, БНАСАУ-ын Расон тусгай хотын захиргааны хооронд байгуулсан хамтын ажиллагааны баримт бичгээр тохиролцсон асуудлуудыг хэрэгжүүлэх, хоёр орны хоорондын худалдаа, эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх зорилгоор Монголын бизнес, соёлын төвийг Пхеньян хотод байгуулах зэрэг асуудлыг ажил хэрэг болгох талаар хэлэлцэв.
БНАСАУ-ын худалдаа эдийн засгийн төлөөлөгчид үндэсний томоохон үйлдвэрлэгч АПУ, Буян, Мах импекс компаниудын үйл ажиллагаатай танилцана.
Тус Зөвлөлдөх комисс нь 1988 онд байгуулагдсан бөгөөд 1994-2003 онд түр завсарласныг эс тооцвол тогтвортой үйл ажиллагаа явуулж нийт долоон удаа хамтарсан хуралдаан хийгээд байна хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.