Опра Уинфри: ”…Чи юуг бусдад өгнө – хариу нь чамд буцаж ирдэг”

Хуучирсан мэдээ: 2010.10.22-нд нийтлэгдсэн

Опра Уинфри: ”…Чи юуг бусдад өгнө – хариу нь чамд буцаж ирдэг”

Forbes хэмээх бизнесийн нэрт сэтгүүлд дэлхийн хамгийн хүчирхэг алдартай хүнээр АНУ-ын ТВ хөтлөгч Опра Уинфри удаа дараа тодорч байлаа. Орлого болон олон нийтэд хүрсэн байдал зэргээр нь энэ жилийн хамгийн шилдэг алдартай 100 хүнийг жагсаасан бөгөөд Опра кино жүжигчин Анжелина Жолигийн өмнөх "амжилтыг" бут цохин түрүүлсэн байна.

Түүнийг АНУ-д ямар хүчтэй, хүндтэй хүн бэ гэдгийг өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр тод харж болохоор байсан билээ. Учир нь Опра Уинфри одоогийн АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн сонгуулийн кампанит ажилд гол  уриалагч болон гарч ирсэн нь Опраг хайрлан биширдэг хэдэн сая үзэгчид, тэр тусмаа үнэнч хар арьстан дэмжигчдийг асар нөлөөтэйгээр хөтөлж чадсаныг ажиглан гайхаж байлаа.

Тиймээс түүний тухай,  ялангуяа түүний амжилтын шалтгаан юу болох талаар олон хүн мэдэхийг хүсэж байгаа болов уу…

Forbes сэтгүүлийн тэрбумтнуудын жагсаалтанд орж ирж байсан анхны хар арьстан эмэгтэй болох түүнийг телевизийн бэлэг тэмдэг гэж хэлж болно. Опра болон түүний өөрийн нэрээр нэрлэгдсэн телевизийн шоу нь Emmy-гийн шагналыг хэд хэдэн удаа хүртэж байсан юм.

1986 онд “Хөх Ягаан Өнгө” хэмээх түүний анхны кино нь Оскарын шагналд нэр дэвшиж байсан бөгөөд үүнээс хоёр жилийн дараа тэрбээр Harpo Producstions студийг байгуулсан аж.

2000 онд Опра “О” сэтгүүлийг гаргасан. Борлуулалтаараа тэргүүлдэг энэхүү сэтгүүлийн нүүр бүр дээр түүний зураг гардаг билээ.

Тэрбээр мөн номын клубтэй ба худалдаанд тэргүүлж буй шилдэг номуудын жагсаалтыг багтааж, танилцуулдаг юм.

2009 онд хатагтай Уинфри “The Oprah Winfrey Show” нэртэй шоугаа 2011 онд хаах болно гэж мэдэгдсэн. Учир нь тэрбээр шинээр байгуулж буй кабель суваг болох “OWN” (the Oprah Winfrey Network”) -д илүү их анхаарал хандуулах хүсэлтэй байгаа гэжээ.

“OWN” теливизийн суваг нь одоогоор хөтөлбөрүүдээ боловсруулаад завгүй ажиллаж байгаа бөгөөд 2011 оны нэгдүгээр сарын 1-нд нэвтрүүлгээ цацаж эхлэхээр төлөвлөөд байгаа юм байна. Опра тус сувгийн “Опрагийн Дараагийн Бүлэг” гэсэн ярилцлагын шоуны хөтлөгч хийх болно гэж мэдэгдсэн.

Олон арван жил телевизийн тэрбумтан хатан хаан байх хугацаандаа хатагтай Уинфри өвөрмөц үйл явдлуудаар дүүрэн байсан. Тухайлбал 1988 онд тэрбээр 33 кг жин хасчихсан телевизээр эфирээр гарч байсан, 2005 онд жүжигчин Том Круз өөрийн эхнэр болох жүжигчин Кщйти Холмест дурласнаа зарлан Опрагийн буйдан дээр үсрэн дэвхцэж байсан, мөн тус онд шоуныхаа үзэгчдэд бүгдэд нь үнэгүй машин өгөхөөр болсныг мэдэгдэхэд гэнэтийн баяр хөөрийн хашгираан цуурайтаж байсан гээд л.

Дуучин Майкл Жэксонтой хийсэн шоу нь тэр үед бүх цаг үеийн хамгийн олон үзэгчдийг хамруулсан ярилцлага болсон хэмээн тэмдэглэгдэж байжээ. Энэ нь хатагтай Опрагийн шоуны алдрын оргил цэг байсан гэдэг. 1993 онд нэвтрүүлсэн уг онцлох ярилцлагыг АНУ-д 62 сая хүн, дэлхий дахинд бараг 100 сая хүн үзсэн аж.

Опра Уинфригийн ур чадварын нэгэн чухал суваг бол тэрбээр олон нийтэд өөрийн амьдралыг дэлгэхдээ бүрэн нээлттэй байдаг явдал билээ. Үүгээрээ бусадтай, тэдний амьдралтай хялбархан холбогдож чаддаг, тэгээд сэтгэлийг нь эзэмдэж чаддаг байх. Тэрбээр 1954 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн. Хүүхэд насандаа хүчирхийллийг даван туулсан. Тэргүүн байранд явж байсан телевизийн ярилцлагын шоуны хөтлөгч Фил Донахюг санаанд багтмааргүй гэнэтийн амжилтаар гүйцэн түрүүлж байсан, биеийн жин нь хасагдаж, нэмэгдэхтэй болон хувийн харилцаанууд дээрээ байнга бүдчин тэмцэлдэж байсан зэрэг жишээнүүд түүний тоолж баршгүй шоуны цөм нь болж байжээ. 2008 оны “Опрагийн Том Өглөг” хэмээх нэртэй шоу нь түүний хамгийн сүүлд хийсэн өглөгүүдийн нэг юм. 2007 онд тэрбээр Өмнөд Африкт хэдэн тэрбум төгрөгөөр охидын сургууль байгуулжээ.

Мөн хатагтай Уинфри нь Discovery сувгийн “Амьдрал” хэмээх байгалийн баримтат нэвтрүүлгийн өгүүлэгч юм.

Түүний дотоод ертөнцийн,  амжилтын нууцаас суралцахын тулд түүний хэлж байсан үгсээс шүүвэл:

"Шилдэг байх сонголт нь чи өөрийн бодол санаа болон үгийг өөрөөсөө илүү ихийг шаардан гаргаж чадна гэсэн эрс шулуун хандлагтайгаа эвцэлдүүлж чадахаас л эхэлдэг гэж би итгэдэг."

"Өөрийнхөө хүрч чадах хамгийн шилдэг байнд хүрэхийн тулд өөрт юу байгаагаа ашигла – би тэгж л амьдардаг."

"Би юуг маш сайн мэдэж байна вэ гэвэл чи юуг бусдад өгнө- хариу нь чамд буцаж ирдэг."

"Чи өөрийнхөө гэрлийг цацруул. Дотроосоо гэрэлт, тэгвэл гэрэл чинь өөр хэн нэгэн дээр цацрах л болно. Чи өөрийнхөө гэрлийг цацруул."

"Би бүхнийг олж авч чадна. Зүгээр л би бүхнийг нэг дор олж авч чадахгүй юм байна гэдгийг сурсан."

"Заримдаа бид хэн нэгний үзэл бодлоор амьдрах гэж их л завгүй хичээсээр өөрийнхөө хэн байх ёстой төрсөн гэдгээ анзаардаггүй. Гэтэл бусад хүмүүс болон тэдний үзэл бодол бидний хувь тавиланг тодорхойлох эрхтэй биш билээ."

"Хэдийгээр би баянаар ивээгдсэндээ талархалтай байдаг боловч эд баялаг миний хэн гэдгийг өөрчилж чадаагүй. Миний хөл хөрсөн дээр гишгэсэн хэвээр байгаа. Би арай илүү сайн гутал өмсөж байгаа гэдэг нь л өөр."

"Чиний хамгийн их айж буй зүйлд хүч байгаа юм биш, харин чиний айдаст л тэр хүч байгаа юм."

"Амар зам гэж байхгүй. Хэрэв байсан бол би худалдаад л авчих байсан. Надад итгээрэй, тэгвэл энэ нь миний хийх хамгийн дуртай зүйл байх байсан юм шүү!"

"Чадахгүй гэж бодож буй нэг зүйлээ хийгээд үз. Түүн дээрээ алдаад үз. Дахиад оролдоод үз. Хоёр дахь удаад нь илүү сайн хийгээрэй. Хэзээ ч бүдэрдэггүй хүмүүс бол хэзээ ч өндөр шугам руу авирдаггүй хүмүүс л байдаг юм. Энэ бол чиний цаг хугацаа. Тиймээс эзэмдээрэй."

"Амьдралын хамгийн агуу эрсдэлүүдийн нэг бол хэзээ ч эрсдэл хийж зүрхлэхгүй байх явдал юм гэж би боддог."

"Амьдралын хамгийн том нууц бол тэнд ямар ч том нууц гэсэн зүйл байхгүй. Чиний зорьж буй зүйл юу байх нь хамаагүй, гагцхүү чи хөдөлмөрлөхөд л бэлэн байгаа бол тэнд хүрэх л болно."
 

Ч.Сувд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж