УИХ-тай бид хамтарч ажилладаг

Хуучирсан мэдээ: 2010.10.22-нд нийтлэгдсэн

УИХ-тай бид хамтарч ажилладаг

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрх зүйн тэнхимийн багш Б.Амарсанаатай ярилцлаа.

-Өнөөдөр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 50 жилийн ой тохиож байна. Та энэ сургуульд багшлаад удаж байгаа юу, сургуулийнхаа талаар танилцуулаач?
-Би 1999 онд Хууль зүйн сургуулийг төгссөн. 2008 онд компанийн эрх зүйн чиглэлээр Японы Нагоя хотын их сургуульд докторын зэрэг хамгаалж ирээд эрх зүйн тэнхимд багшилж байна. Манай сургууль эрх зүй, төрийн онол, түүхийн тэнхим, төр захиргааны эрх зүйн тэнхим, иргэний эрх зүйн тэнхим, эрүүгийн эрх зүйн тэнхим, олон улсын эрх зүйн тэнхим, мэргэжлийн ёс зүйн тэнхим, хууль, зүйн орчуулгын тэнхим гэсэн долоон тэнхимтэй. Сургуулийн багшлах боловсон хүчний дөрвөн хувь академич, 10 хувь шинжлэх ухааны доктор, 29 хувь нь хууль зүйн ухааны доктор, үлдсэн нь гадны сургуульд зэрэг хамгаалсан багш нар. Ихэвчлэн Герман, Япон, ОХУ, АНУ-д зэрэг хамгаалсан хүмүүс. Манай сургуулийн магист, бакалавр, докторын диплом хүлээн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, гадны олон сургуультай харилцаатай. АНУ-ын Вашингтоны их сургууль, Германы Мюнхен хотын их сургууль, ОХУ-ын Буриадын их сургууль, БНХАУ-ын ӨМӨЗО-ны их сургуультай харилцаатай.

-Хууль зүйн сургууль дэргэдээ судалгааны төвтэй. Ямар чиглэлээр судалгаа явуулж ирсэн бэ?
-Манай сургуулийн дэргэд хууль, зүйн судалгааны Монголдоо л хамгийн том төв ажилладаг. Эрх зүйн бүхий л чиглэлээр мэргэжлийн төвшинд судалгааг явуулж байна, докторын зэрэгтэй эрдэмтдээр судалгаа хийлгэдэг. Судалгаа шинжилгээг гурван төв болгож хийж байгаа. Монголын төр эрх зүйн судалгааны төв, олон улсын харьцуулсан эрх зүйн судалгааны төв, хууль, зүйн судалгааны төв гэж. Энэ судалгааныхаа чиглэлээр “Эрх зүй” гэх сэтгүүлийг гаргаж байна. Эрх зүйн шинжлэх ухааны бүхий л асуудлаар бичсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэлийг хэвлэн гаргадаг. Сэтгүүл маань хуулийн мэргэжлийн байгууллагууд болон докторантурын хорооноос хүлээн зөвшөөрөгдсөн.

-Хууль зүйн сургууль болон хууль тогтоох байгууллагын харилцаа холбоо хэр байдаг вэ?
-Хууль зүйн сургууль хувьд бол хууль тогтоох болон улс төрийн байгууллагуудтай байнга хамтран ажилладаг. УИХ-ын гишүүдтэй хуулийн төсөл дээр ажиллаж байна. Эрүүгийн хуулийн төслийг манай сургуулийн захирал С.Нарангэрэл боловсруулсан. Концессын тухай хууль дээр манай сургуулийн багш нар баг болон ажиллаж байгаа. Гэх мэтчилэнгээр манай сургууль УИХ болон Хууль зүй дотоод хэргийн яамны хууль боловсруулах үйл ажиллагаа, хуульчдын сонгон шалгаруулалт, дээд шүүхийн үйл ажиллагаанд оролцдог. Өнөөдөр МУИС-д хууль зүйн салбар байгуулагдсаны 50 жилийн ой болж байна. Тиймээс одоо ажиллаж байгаа эрдэмтэд, ажилтнууд, төгсөгчид, оюутнууддаа баярын мэнд хүргэж эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүгдийг хүсэн ерөөе.

Б. Болорсүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж