Жендэрийн хуулиас татгалзаж магадгүй

Хуучирсан мэдээ: 2010.10.22-нд нийтлэгдсэн

Жендэрийн хуулиас татгалзаж магадгүй

УИХ-ын сонгуулийн тухай хуультай хамтруулан хэлэлцэхээр хаврын чуулганаас хойшлуулаад байсан Жендэрийн тэгш байдлын хуулиас улс төрийн намууд татгалзаж болзошгүй байна. УИХ дахь МАХН-ын бүлгийн гишүүд эмэгтэй нэр дэвшигчдийн квотын тоог Сонгуулийн тухай хуульд оруулах талаар ярилцсан бол Ардчилсан намын бүлгийнхэн Улс төрийн намуудын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах байдлаар зохицуулж болно хэмээн үзэж буй ажээ.

МАХН-ын бүлгийнхэн төрийн албанд эрэгтэй, эмэгтэй ажилтны харьцаа 40:60 байна гэснийг эргэж харах шаардлагатай гэсэн байна. Тухайлбал, цэцэрлэгийн багш нарын 40 хувь эрэгтэй байна гэвэл олон эмэгтэй багш ажлаа алдаж болзошгүй.

Эсрэгээрээ уул уурхайд 40 хувь нь эмэгтэй хүн ажиллана гэвэл мөн л зохимжгүй гэсэн асуудал ч гарчээ. Эдгээр асуудлыг ярилцаж зохицуулахаар УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дэргэд ажлын хэсэг байгуулсан байна. Энэ талаар Жендэрийн тэгш байдлын үндэсний хорооны ажлын алба, Эмэгтэй удирдагч сангаас санаачлан өчигдөр зохион байгуулсан “Сэтгүүлч-түншлэл” сэдэвт хамтын ажиллагааны стратеги боловсруулах уулзалт, семинарын үеэр ярилцлаа. Нийгэмд жендэрийн тэгш байдлыг тогтооход сэтгүүлчдийн үүрэг оролцоо их гэдгийг энэ үзэр тэмдэглэж, цаашид хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид ямар байдлаар ажиллаж болох талаар санал солилцон төлөвлөгөө гаргалаа.

Д.Оюун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж