Эрүүл мэндийн даатгалын хуульд өөрчлөлт оруулна

Хуучирсан мэдээ: 2010.10.22-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн даатгалын хуульд өөрчлөлт оруулна

УИХ-ын өчигдрийн чуулганаар Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг 1993 онд батлан мөрдсөнөөс хойшхи хугацаанд  есөн  удаа нэмэлт, өөрчлөлт орж, 2006 онд шинэчилсэн найруулга хийсэн байна.

Гэсэн хэдий ч даатгалын санхүүжилтийн бодлогын асуудлыг бүрэн тодорхойлж чадаагүй, даатгалын харилцаанд оролцогч талуудын ажлын чиг үүрэг, төсвөөс болон даатгалаас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээний  нэр төрөл, ялгааг зааглах чиглэлээр өөрчлөлт хийгдээгүй шалтгаанаар ийнхүү хуульд өөрчлөлт оруулах төслийг Засгийн газраас санаачилсан аж.

Хууль санаачлагчийн илтгэлийг Эрүүл мэндийн сайд С.Ламбаа танилцуулсан бөгөөд “даатгуулагчийн хэвтэн эмчлүүлсэн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж байгаа боловч өвчнийг оношлох, урьдчилан сэргийлэхэд зайлшгүй шаардлагатай амбулаторийн үзлэг, шинжилгээ, оношилгооны зардлын дийлэнх хувийг санхүүжүүлдэггүйгээс эдгээр төрлийн тусламж үйлчилгээний төлбөрийг даатгуулагч өөрөө төлөх тогтолцоо байсаар байна. Энэ нь нэг талаас даатгуулагчийн хувьд гэрээр болон амбулаториор өндөр өртөгтэй үйлчлүүлэхийн оронд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж даатгалын үр шимийг хүртэх, нөгөө талаас эрүүл мэндийн байгууллагын хувьд даатгуулагчийг хэвтүүлэн эмчлэх замаар даатгалын сангаас санхүүжилт авах сонирхлыг нэмэгдүүлэх хөшүүрэг болж байна. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн одоогийн тогтолцоо нь   хэвтэн эмчлүүлэх чиглэлээр хамрагдалтыг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлж, даатгалын тусламж, үйлчилгээний чанарт нөлөө үзүүлж чадахгүй байна” хэмээв.

Хэлэлцэх асуудлын талаар гишүүд үндсэнд нь дэмжсэн боловч хуулийн төсөлд тусгагдсан бүтэц зохион байгуулалтын талаар голлох шүүмжлэл гарч, хэлэлцүүлгийн явцад зарим зарчмын гэх асуудлыг нэмж оруулах нь зүйтэй хэмээн үзэж байв.

Тухайлбал УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Энэ хуулийн гол зорилго бол эрүүл мэндийн байгууллагыг хараат бус болгох гэж ойлгож байна. Гэтэл төрөөс хараат байсаар байх нь. Үндэсний зөвлөлийн эрхийг нэмэх хэрэгтэй. Одоо төсөлд энэ зөвлөл гэх байгууллагыг санал хэлэх төдий эрх мэдэлтэй байхаар зааж өгсөн байна” гэв.

Мөн Р.Гончигдорж гишүүн “Өрсөлдөөнийг хангах байдлаар үйлчлүүлж буй өвчтөн хүн дуртай эмнэлгээ сонгож үйлчлүүлэх боломжоор хангах” зэрэг зохицуулалтыг нэмж оруулах боломжийг тодруулав.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Гүндалай “Өмнө нь би сайд байхдаа энэ хуулийг энэ байдлаар оруулж байхад та нар хэлэлцэхгүй хэмээн унагааж байсан. Гэтэл одоо юунаас болоод  ийнхүү эрүүл мэндийн даатгалын санг бие даалгана гээд хэлэлцэх нь зүйтэй гээд байгаа юм бэ.  Эсвэл Хүний хөгжил сангаас өгөх сая таван зуугийнхаа 500 мянгыг нь аргалах гэж л батлах гээд байгаа юм уу” хэмээн асуув. 

Үндэсний зөвлөлийн бүтэц зохион байгуулалт, эрх үүрэг энэ хуралдаанд гишүүдийн зүгээс гол эсэргүүцлийг  үүсгэж байсан бөгөөд “гурван талын тэгш оролцоотой байгууллага нэг тал руугаа хэлбийх гээд байна. Хэрэв үүнийгээ засчихвал хуулийн төслийг хэлэлцэх болно” хэмээх нөхцөлийг тулгахад Эрүүл мэндийн сайд С.Ламбаа “хэлэлцүүлгийн явцад та бүхний шүүмжлээд буй асуудлыг шийдвэрлэх боломжтой” хэмээн амлаж байж хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжүүлсэн байна.

Үндэсний зөвлөл хэмээх байгууллагыг бий болгох санал дэмжигдэх нь тодорхой болсны дараагаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ө.Энхтүвшин “хоёр намын бүлэг уг нь орон тоо нэмэхгүй, хорогдуулна гэж өмнө тохирч байсан. Гэтэл дахиад л агентлаг байгуулна гэсэн санал ороод ирлээ. Үүний цаана бөөн зардал бий болно. Энд 200 хүн ажлуулна гэж байгааг нь би хамгийн бага тоо гэж бодож байна. Ингэж өөрсдөө баталчхаад сүүлд нь УИХ-ын гүйцэтгэлийг дүгнэхдээ “Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаа бүтэц яагаад томроод байна аа” гээд ам асуугаад эхэлдэг биз дээ” гэж  анхааруулав.

Асуулт, саналуудыг хэлэлцсэний дараагаар санал хураахад энэхүү хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн 80 хувь нь дэмжсэн бөгөөд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлсэн байна.

Ийнхүү Үндэсний зөвлөлийн эрх үүргийг өөрчлөх, Иргэний эрүүл мэндийн даатгал гэх нэрээр биш Нийгмийн эрүүл мэндийн даатгал гэж өөрчлөх, Иргэн бүрт эрүүл мэндийн ID карт бий болгох, тусламж үйлчилгээ авдаггүй иргэдэд хуримтлал болон дараа дараагийн үйлчилгээг илүү авах зэрэг саналуудаар хачир хийлгэн хардалт, анхааруулгаар даруулга хийлгэсэн уг хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэхээр боллоо.

ГИШҮҮД ЦАЛИНГАА АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР БАТЛАВ

УИХ-ын чуулганаар үргэлжлүүлэн Төрийн өндөр албан тушаалтан болон түүнтэй адилтгах албан тушаалтны албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд нийт гишүүдийн 84.1 хувийн саналаар анхны хэлэлцүүлгээр нь баталлаа. Уг хуулийн төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хороогоор хэлэлцэх шатанд бүх гишүүд анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргасан юм байна. Мөн хуралдаанаар Шүүгчийн болон прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг мөн хэлэлцээд адил анхны хэлэлцүүлгээр нь баталлаа. Энэхүү тогтоолын төслийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх шатанд байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ “Анхны хэлэлцүүлгээр нь батлах” санал гаргажээ. 

Түүнчлэн эдгээр тогтоолын төсөлтэй хамт өргөн баригдсан Нөхөн олговрын доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Тэтгэмж, мөнгөн тусламжийн хэмжээг өөрчлөн тогтоох тухай төслүүдийг УИХ-ын гишүүдийн 87.5 хувийн саналаар дэмжиж, баталсан юм.

Хуралдааны төгсгөлд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд дагавар хуулиуд болох Орон сууцны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг “хэлэлцэх нь зүйтэй” хэмээн олонхын саналаар үзэж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн байна.

Б.Энхмандах
Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж