
Манай улсын хүн амын 66 хувийг 35 хүртлэх насны залуус эзэлж байна. Тиймээс Монгол Улс залуучуудын орон. Залуучууд та бүхэн манай улсын хамгийн том баялаг. Мэдлэг боловсролтой залуу монгол хүн брэндийг бий болгохын тулд залуучуудынхаа өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, санаа бодлыг нь сонсох учиртай гэж Засгийн газрын тэргүүн “Харилцан ойлголцлол, хамтын ажиллагаа” залуучуудын үндэсний зөвлөгөөний төлөөлөгчдөд хэлсэн юм.
Монголын хүн амын ихэнх хувийг бүрдүүлж байгаа залуучуудын асуудлыг хариуцсан төрийн захиргааны байгууллага өнөөг хүртэл байхгүй байна. Тиймээс ч Засгийн газраас залуучууд, эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн агентлаг байгуулах санаачлага гарган ажиллаж байгаагаа Ерөнхий сайд дуулгаад дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол эзэмших, баталгаатай ажлын байраар хангагдах, шийдвэр гаргах бүхий л түвшинд залуучуудынхаа дуу хоолойг хүргэх, оролцоог нэмэгдүүлэхэд энэхүү үндэсний чуулганд оролцогчдын идэвх санаачлага чухал болохыг онцлон тэмдэглэсэн. Үүгээр ч зогсохгүй “Та бүхний гаргасан шинэ шийдэл, сайн санаачлага, зорилгодоо хүрэх гэсэн хүсэл тэмүүлэл, үйл ажиллагааг Засгийн газрын тэргүүний хувьд дэмжиж ажиллах болно” гэдгээ илэрхийллээ.
Залуучууд, найз нөхдөө төлөөлөн үндэсний хэмжээний чуулганд оролцож, өөрсдийнхөө асуудлыг өөрсдөө хэлэлцэж, өөрсдөө санал санаачлага гаргаж шийдвэрлэх зорилго бүхий энэхүү үндэсний зөвлөгөөн өнөөдөр Гадаад хэргийн яаманд болж, төр засаг, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, иргэний нийгэм, залуучуудын байгууллага, 21 аймаг, нийслэлийн залуусын төлөөлөл 120 гаруй хүн оролцож байна. Мөн олимп, залуучуудын олимпийн аварга залуучууд ч оролцож санал бодлоо хуваалцаж байна. Төлөөлөгч залуус Мянганы хөгжлийн зорилтуудыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхэд өсвөр үе, залуусын ойлголт оролцоог нэмэгдүүлэх, төрөөс залуучуудыг дэмжих бодлогыг онцгойлон үзэхэд залуучуудын дуу хоолойг сонсон, харилцан ойлголцол, хамтын ажиллагааны талаар зөвлөлдөж байна.
“Харилцан ойлголцлол, хамтын ажиллагаа” залуучуудын үндэсний зөвлөгөөний төлөөлөгчид Монгол Улсын төр, захиргааны бүх шатны байгууллага, өсвөр үе, залуучуудын байгууллагууд, нийт залууст хандан залуучуудын хөгжлийг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр зөвлөлдөөд “Харилцан ойлголцлол, хамтын ажиллагаа”-ны зөвлөмж гаргах ажээ. Үндэсний зөвлөгөөнийг Монгол Улсын Засгийн газар, УИХ, НҮБ-ын Монгол дахь баг, НҮБ-ын Залуучуудын зөвлөх хороотой хамтран Олон улсын залуучуудын жил, НҮБ-ын өдөрт зориулан зохион байгуулж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.