
Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төсөлд зааснаар иргэн эмнэлгийн үйлчилгээ авах бол даатгалаас нь эхлээд 60 хувийг тухайн эмнэлэгт шилжүүлнэ. Эмчилгээ, үйлчилгээ авч дууссаны дараа үлдсэн 40 хувийг шилжүүлэхээр заажээ. Энэ нөхцөлд эрүүл мэндийн үйлчилгээ сайжирна гэж үзэж байгаа аж.
Мөн энэхүү хуулийн төсөлтэй холбогдуулж, УИХ-ын гишүүн Л.Гүндалай байр сууриа илэрхийллээ. Тэрбээр хуулийн төслийг цогцоор оруулж ирээгүй байна гэж шүүмжлэв. Тухайлбал, Хүний хөгжлийн сангаас иргэн бүрт 1.5 сая төгрөг олгохоор болсон. Энэ дагуу Оюутны сургалтын төлбөрт зориулж 500 мянган төгрөгийг Хүний хөгжлийн санд шилжүүлнэ гэж Засгийн газраас шийдвэрлэсэн. Түүн шиг заавал даатгалд хамрагдах бололцоогүй, ажилгүй, ядуу иргэдийнхээ Эрүүл мэндийн даатгалын сан руу нь Хүний хөгжлийн сангаас 500 мянган төгрөг шилжүүлэх юм уу. Энэ нь ойлгогдохгүй байна. Хэрвээ ийм зарчмаар шийднэ гэж байгаа бол Хүний хөгжлийн сангаас шилжүүлсэн 500 мянган төгрөг нь эмчилгээ хийлгэх явцад дуусчихвал яах вэ. Таны даатгалын мөнгө 0 зааж байна, одоо эмнэлгээс гараад үхэж болно гэх юм уу. Эдгээр юм чинь харагдахгүй байна шүү дээ” гэлээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин дахин нэг агентлаг байгуулахын эсрэг байгаагаа мэдэгдлээ. Олон нийтийн зүгээс төрийн бүтэц данхайж байна гэж байнга шүүмжилдэг. Хэрвээ ийм нүсэр орон тоотой агентлаг байгуулна гэж үзвэл даргыг нь томилох болоход МАХН-аас нэг Ардчилсан намаас бас нэг дарга байх ёстой гээд хоёр даргын орон тоо гарч ирнэ. Даргыг дагаад туслах, өшөө цаашаа юу ч байдаг юм, 200 хүнээр тогтохгүй агентлагтай нүсэр бүтэц бий болно. Дараа нь УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга аа, Төрийн албаны зөвлөлийн дарга аа, төрийн албан хаагчдын тоо чинь яагаад гэнэт өсчих вэ хариулт өгөөрэй гээд л өөрсдөө баталчихаад яриад шүүмжлээд сууж байх вий. Ийм байдлаар бид төрийн орон тоог нүсэр болгож болохгүй. Энэ асуудлыг хоёр намын бүлэг дээр ярих ёстой гэв. Гэвч санал хураах шатанд энэхүү хуулийн төслийг олонх гишүүн гар өргөн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Г.Дарь